Ерөнхийлөгч илгээлт явуулжээ

Хуучирсан мэдээ: 2010.08.13-нд нийтлэгдсэн

Ерөнхийлөгч илгээлт явуулжээ

Монголын Бурханы шашинтны соёл уламжлалын төв  Төгсбуянт хотол чуулгант их номын өргөө (Ганданпунцагчойлон) хийдийн нээлтийн ёслолын ажиллагаанд оролцогсдод Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өчигдөр илгээлт илгээжээ. Үүнд:

Эрхэм хүндэт Ховдчууд, сүсэгтэн олон ард иргэдээ,
Санваар сахилт хуврагууд,
Хатагтай, ноёд оо,

Тэнгэр газар эелдэж, нар хур тэгширсэн намрын эхэн сарын энэ сайхан өдөр төр түмнийхээ хувь заяаг тэгш дүүрэн байлгах бэлгэдэл, сэтгэлийн үүднээс хуран цугларсан сүсэгтэн олон, Та бүхэндээ буян арвидаж, сэтгэл ариусахын гэгээн ерөөлийг өргөн дэвшүүлье. Монголын баруун хязгаарт Бурханы шашинтны соёл уламжлалын томоохон төв сүндэрлэн босож үүд хаалгаа өргөн олондоо нээж буйд Монгол Улсын Ерөнхийлөгч би гүн талархалтай хандаж байна. Бурханы шашин бол Монгол орон, монголын ард түмэнтэй эртнээс нааш холбогдсон дорнын их соёл мөн. Хүн дотоод мөн чанараа нээн илрүүлэх, дотоод сэтгэлээсээ ариусахыг чухалчлах болсон өдгөө цагт Бурханы шашныг дэлхий нийтээрээ сонирхон судлах, танин мэдэж дадлагажих үйл явц түгээмэл болж байна. Монголчуудын хувьд хэдэн зууныг дамжин өртөөлсөн сэтгэлгээний уламжлал нь Бурханы шашинд илүү нээлттэй бөгөөд түүний шинжлэх ухаанч чанар, энх тайванч агуулга, энэрэн асрахуйн сургаалыг нь оюун санааны амьдралдаа мөрдлөг болгосоор ирсэн билээ. Эх орны хөгжил хүнээс, хүний хөгжил зөв сэтгэлээс эхтэй. Монголын ирээдүйд мэдлэг боловсролтой иргэнээс гадна зөв ухамсартай, зөв сэтгэлтэй хүн хэрэгтэй.
Дэлхий дахинд даяарших үйл явц эрчимжиж буй эдүгээ цаг дор өвөг дээдсийнхээ оюун, сэтгэлгээний өв уламжлалаас суралцах, хадгалан хамгаалах, сэргээн дэлгэрүүлэх, баяжуулан хөгжүүлэх замаар үндэсний эрх ашиг, эв нэгдэл, аюулгүй байдал, иргэний итгэл үнэмшил, үнэт зүйлс, халдашгүй байдлын баталгааг бэхжүүлэх, монгол хүн бүрийг бага балчраас нь монгол үндэстний уламжлалт соёл, ёс заншил, зан үйлд сургаж амьдрал ахуйд нь мөрдлөг болгон хэвшүүлэх, түүгээр бахархах үзлийг төлөвшүүлэх хэрэгцээ шаардлага зүй ёсоор урган гарч байна. Монгол ёс заншил хэмээх ойлголтын хүрээнд Буддын шашны сургаал, зан үйлийн талаарх мэдлэгийг багтаан ойлгож байх нь Монгол үндэстний эрх ашигт нийцнэ. Шашны нийгэмд гүйцэтгэх үүрэг их төлөв уламжлалыг хадгалах хэлбэрээр оршин тогтнодгийг удиртгал болгон монгол соёл, хэл, уламжлалт шашнаа хадгалан авч үлдэхийн тулд бурханы шашны сүм хийдийн тохижилт, өнгө үзэмж, үйлчилгээний соёлыг аялал жуулчлалын тухай болон соёлын үнэт зүйлийг хадгалан хамгаалах хуулийн хүрээнд тусгайлан анхаарах шаардлагатай байгаа юм. Энэ үүднээс үзвэл өнөөдөр нээлтээ хийж буй Баруун Монголын Бурханы шашинтны соёл уламжлалын төв – Төгсбуянт хотол чуулгант их номын өргөө хийдийн үүрэг, ач холбогдол их болой. Буман олны сэтгэлийг номын ариун хураар тэтгэж, хүн бүрийг эх оронч, энэрэхүй үзэлт, эв эеийг хичээгч, эрч хүчтэй бүтээлч иргэн болгон төлөвшүүлэх замаар улс орны хөгжил цэцэглэлтэд үнэтэй хувь нэмэр оруулахыг Та бүхэнд чин сэтгэлээсээ хүсэн ерөөж байна. Номлол, шүтлэгийг зөвөөр хөгжүүлж, эрч хүчийг түмэн олондоо хайрлахыг санаа зөв мэргэдээс хүсэмжилье. Сайн үйлс улам дэлгэрэх  болтугай” гэжээ.

Эх сурвалж: president.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж