Урин дулаан цагт иргэдийн орон нутаг руу зорчих хөдөлгөөн нэмэгддэг. Үүнийг дагаад авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоод, ачаалалтай, иргэд олон цагийг түгжээнд өнгөрүүлэх тохиолдол бий. Тухайлбал, өнгөрсөн жил баяр наадмын амралтын өдрүүдэд 230 мянган тээврийн хэрэгсэл хотоос гарчээ. Харин энэ жилийн тухайд цар тахалтай холбоотойгоор, орон нутаг руу зорчиход иргэдийн вакцины хоёр тунг харгалзан хөдөлгөөнд оролцуулсан юм.
Энэ сарын эхээр 18 аймгийн 189 сум иргэдийн зорчих хөдөлгөөн, төрийн болон хуулийн этгээдийн үйл ажиллагаанд хязгаарлалт тогтоогоод байсан юм. Албаныхны зүгээс хязгаарлалт тогтоосон аймаг сум руу зорчихгүй байх зөвлөмжийг өгч буй. Өнөөдрийн байдлаар 22-ын авто товчоо хэвийн байдалдаа шилжжээ. Бид энэ талаар сурвалжилснаа хүргэе.
Оройн 18.00 цагийн орчимд 22-ын шалган нэвтрүүлэх товчоонд хотоос гарах чиглэлийн авто машин цөөн байлаа. Харин орон нутгаас ирэх иргэдийн цуваа үүсчээ. 22-ын товчоонд Онцгой байдал, Тээврийн цагдаа, Нийслэлийн мэргэжлийн хяналт нийлсэн есөн хүн ажиллаж байна. Тэд товчоогоор орж гарч буй иргэдийн бичиг баримт, вакцины хоёрдугаар тунг шалган нэвтрүүлж байлаа.
12.00-16.00 ЦАГИЙН ХООРОНД АЧААЛАЛ ЭРС НЭМЭГДДЭГ
Нөхцөл байдлын талаар Сонгинохайрхан дүүрэг дэх Цагдаагийн газрын, Замын цагдаагийн хэлтсийн зохицуулагч, ахлах ахлагч Б.Одбаяраас тодруулав.
-Өнөөдрийн байдлаар хөдөлгөөний ачаалал хэр байна вэ?
-Урин дулааны цаг ирж, иргэдийн аялал зугаалгатай холбоотой аймаг, сумын хөдөлгөөнийг нээсэн. Улаанбаатараас гарч буй аймаг сумдын чиглэлд хөдөлгөөн ихэвчлэн 12-16 цагийн хооронд эрс нэмэгддэг. Бусад цагуудад хөдөлгөөн сийрэг байна. Оройн цагаар Улаанбаатар хот руу орох хөдөлгөөн нэмэгддэг.
-Иргэдэд ямар хяналт тавьж байна вэ. Ямар нэгэн зөрчил илэрч байна уу?
-Улаанбаатар хотоос гадагшаа чиглэл буюу аймаг сумдын чиглэлд гарч байгаа иргэдэд вакцины хоёр тун хийсэн гэрчилгээг бичиг баримттай нь тулгаж, тээврийн хэрэгслийн ачаа тээш, багаажид үзлэг хяналт шалгалт хийгддэг. Улаанбаатар руу орж ирж буй нийтийн тээвэр болон аялал зугаалгаар явж буй зорчигчид тарваган тахал гарсантай холбоотойгоор мэр сэр тарваганы тулам түүхийгээр нь оруулж ирэх зөрчил гарч байна. Мөн ТЦА-аас зохиогдож "Ирээдүйгээ хайрлая" уриатай аяныг явуулж байгаа. Энэ хүрээнд бага насны хүүхэд тээвэрлэж явж байхдаа зориулалтын бус суудалд тээвэрлэсэн зөрчил маш их гарч байна.
-Вакцины хоёр тунг харгалзан үзэж хотоос гаргаж байгаа юу?
-Нийслэлээс гарч буй иргэдээс вакцины хоёр тун, өөрсдийн бичиг баримттай тулгаж үзэж байна. Хоёр тундаа хамрагдаагүй байгаа иргэдээс ПСР шинжилгээний 72 цагийн хариу, тухайн очих гэж буй аймаг сумдын зөвшөөрлийг үндэслэж, товчоогоор бүртгэж гаргаж байна.
ВАКЦИНЫ ГЭРЧИЛГЭЭГЭЭ ҮЗҮҮЛЭХ ГЭЖ ЦАГ АЛДДАГ
Онцгой байдлын хэлтсээс гурван хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байгаа аж. Энэ талаар Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсийн аврах гал түймэр унтраах 26-р ангийн ахлах ахлагч Б.Содномцэрэн “Улаанбаатар хотоос гарч буй иргэдээс хоёр тунгийн гэрчилгээ, хамрагдаагүй байгаа бол сүүлийн 72 цагт ПСР шинжилгээний хариуг шалгаж байна. Иргэдийн зүгээс вакцинаа хийлгэсэн мөртлөө гэрчилгээгээ үзүүлэхдээ цаг алдаж байна. Тэгээд энд ирээд үзүүлэх болохоор вакцины гэрчилгээгээ үзүүлэх гэж уддаг. Энэ нь очер дарааллыг улам нэмэгдүүлж байна” гэв.
ХАЛУУНТАЙ ИРГЭН БАЙВАЛ ТУСГААРЛАЛТЫН БАЙРАНД ШИЛЖҮҮЛНЭ
Нийслэлийн мэргэжлийн хяналтын хэлтсийн байгаль орчны байцаагч Б.Мөнхбаяр “Мэргэжлийн хяналтын байгууллагаас нэг албан хаагчтай ажиллаж байна. Улаанбаатараас орж гарч буй иргэдийн халдвар хамгаалал, мөн товчоодод ажиллаж буй алба хаагчдын халдвар хамгааллыг сахиулж ажиллаж байна. Түүхий эд болон, Засгийн газрын 62 дугаар тогтоолын дагуу түүхий нүүрсэнд хяналт шалгаж хийж байна. Улаанбаатараас гарах тохиолдолд бичиг баримтаа бэлдэж ирээгүйгээс очер дараалал үүсгэж байна. Орох чиглэлд орон нутгаас орж ирж буй иргэдийг энд бүртгэлжүүлж байна. Тусгаарлах байр бий. Хэрвээ халуунтай иргэн байвал тусгаарлалтын байранд шилжүүлж, шат шатны арга хэмжээг үзүүлнэ”.
ХОТООС ГАРЧ БУЙ ИРГЭД ВАКЦИНЫ ХОЁР ТУНГИЙН ГЭРЧИЛГЭЭГЭЭ ҮЗҮҮЛНЭ
Сонгинохайрхан дүүргийн Замын цагдаагийн хэлтсийн дарга хошууч, Г.Эрдэнэсүхээс тодруулав.
-Орон нутаг дахь болон, тээврийн товчоодын хөдөлгөөний урсгал ямар байна вэ?
-Өнөөдрийн байдлаар хэвийн байна. Өнгөрсөн баяр наадмын өдрүүдэд хөдөлгөөний эрчим нэлээд байсан. Тухайлбал, өдөрт мянга гаруй тээврийн хэрэгсэл нэвтэрсэн. Нэвтэрч буй тээврийн хэрэгслүүдийг УОК-ын даргын 46 дугаар тушаалын дагуу түр журмаар зохицуулж гаргасан. Тухайн түр журамд тээврийн хэрэгслийн жолооч ПСР шинжилгээ, вакцины хоёр тунгийн гэрчилгээ, хэрвээ хүүхэдтэй явж байгаа бол хүүхдээс ямар нэгэн бичиг баримт шаардахгүй, халууныг хэмжиж, асуумж бөглөж гаргаж байсан. Ийм байдлаар иргэд тээврийн хэрэгслийг нэвтрүүлсэн
-Ачаалал ихэссэнтэй холбоотой хүндрэл бэрхшээл гарсан уу?
-Жолооч нар асуумж бөглөх, цагдаагийн байгууллагад шалгуулах бичиг баримтаа бэлдэж яваагүйгээс ачаалал нэлээд нэмэгдсэн. Очсон хойноо утаснаасаа гаргаж ирэх, эсвэл цүнхнээсээ гаргах гэх мэтээр цаг авсан. Үүнийг хэвлэлээр нэлээдгүй ярьж, тайлбарласан боловч зарим хүмүүс хайхрамжгүй байдал гаргаж байсан. Тухайлбал, цагдаагийн байгууллагаас ачаалалтай үед зургаан эгнээгээр жолоочдыг нэвтрүүлж, цаг алдалгүй шуурхай арга хэмжээ авсан.
-Өнөөдрийн байдлаар хэчнээн тээврийн хэрэгсэл товчоогоор нэвтэрч байна вэ? Баяр наадамтай харьцуулахад хөдөлгөөн хэвийн байдалдаа орсон гэж байна?
-Хөдөлгөөн хэвийн байдалдаа шилжсэн. Одоогийн байдлаар гурван алба хаагч ажиллаж байна. Хоногт 200-300 тээврийн хэрэгсэл дамжин өнгөрч байна. ЦЕГ, Тээврийн цагдаагийн албанаас "Ирээдүйгээ хамгаалъя" уриатай орон нутгийн зам, хөдөлгөөний соёлыг дээшлүүлэх аян эхэлсэн байна. Аяны зорилго нь зам тээврийн ослыг бууруулах, аль болох осол гаргахгүй байх, жолооч нарын ухамсрыг дээшлүүлэх, мэдээлэл өгөхөд чиглэсэн юм. Үүнтэй холбоотой хоёр удаагийн өдөрлөг зохион байгуулж, олны танил эрхмүүдийг урьж, жолооч нартай уулзуулсан. Өөрөөр хэлбэл олны танил хүмүүсээр дамжуулж жолооч нартаа сэрэмжлүүлэг мэдээллийг илүү хүргэсэн.
-Иргэдэд юуг анхааруулж хэлэх вэ?
-Өчигдөр, өнөөдрийн байдлаар 22-ын товчоонд тарвага хууль бусаар оруулж ирсэн зөрчил илэрлээ. Иргэд тарваган тахлаас урьдчилан сэргийлэх мэдээлэл аваагүйгээс, эсвэл санаатайгаар тарваганы тулам оруулж ирэх нь халдвар тараах нөхцөлийг бий болгож байна. Дээрх зөрчлийг бид илрүүлж, холбогдох байгууллагуудад хүлээлгэн өгсөн. Ер нь шалган нэвтрүүлэх товчоо гэлтгүй бүх газар хяналт шалгалт бий. Хэдий та ачаа, тээшиндээ нуусан ч хууль бус юм битгий хийгээч ээ. Тухайн тээврийн хэрэгслийн жолооч битгий тээвэрлээч ээ гэдгийг сануулж хэлмээр байна. Иргэдийн хувьд шалган нэвтрүүлэх товчоо руу ойртоод ирвэл бичиг баримтаа үзүүлэхэд бэлэн байвал нэг машин дээр минут хүрэхгүй хугацаанд нэвтрүүлэх бүрэн боломжтой. Хэрэв хулгайн замаар явж байгаад баригдвал хорио цээрийн дэглэм зөрчсөн гэдгээр торгуулийн арга хэмжээ авна гэдгийг анхааруулъя.
Иргэд 22-ын товчоодоор нэвтрэхдээ бичиг баримтаа үзүүлэхэд цаг алддаг гэдгийг албаныхан тайлбарлаж буй. Энэ талаар иргэдийн байр суурийг сонслоо. Иргэн Б.Анхбаяр "Орхон аймгаас ирж байна. Явахдаа бууж суухгүй, замдаа зогсолт хийхгүй зорчиж байна. Аймгаас гарахдаа бүх постуудад шинжилгээний бичиг, вакцины гэрчилгээг шалгуулж хэвийн хөдөлгөөнд оролцож байна". Ж.Булгансүрэн "Хүүхдүүд эмээлтэд агаарт байгаа учраас очиж авах гэж байна. Утсан дээрээ гэрчилгээгээ хадгалж аваад түүнийгээ үзүүлээд товчоогоор гардаг. Маскаа зүүгээд гараа ариутгаад явж байна. Баярын өдрүүдэд хөдөлгөөн ихтэй байсан. Одоо бол вакцины гэрчилгээгээ үзүүлээд нэвтэрч байна" гэлээ.
Холбоотой мэдээ