Энэ жил цэцэрлэг, сургуулийн үйл ажиллагааг нээх үү гэдэг нь иргэдэд хүлээлт үүсгээд байна. Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалангийн зүгээс энэ жил танхимын сургалтыг нээхээр төлөвлөснийг өмнө нь мэдэгдсэн. Гэвч хичээлийн шинэ жилийг нээхийг Засгийн газар, Улсын онцгой комиссоос эцэслэн шийдээгүй байна. Ерөнхий боловсролын сургуулийн хичээлийг танхимаар эхлүүлэхээр тодорхой хувилбар, төлөвлөлтүүдийг салбарын яам боловсруулсан байна. Үүнтэй холбогдуулан цаг үеийн асуудлаар Бага, дунд боловсролын газрын дарга Т.Ням-Очироос тодрууллаа.
"ЗУРГААН НАСТНУУДЫН БҮРТГЭЛ НАЙМДУГААР САРААС ЭХЭЛНЭ"
–Намар хаяанд ирж цэцэрлэг сургуулиуд үүдээ нээх үү гэдэг нь өнөөдрийг хүртэл тодорхойгүй байна. Боловсрол, шинжлэх ухааны яамнаас хичээлийн шинэ жилийг эхлүүлэх асуудлаар ямар бодлого төлөвлөгөөтэй ажиллаж байна?
-Боловсрол шинжлэх ухааны яам цар тахлын үед боловсролын үйлчилгээг тасалдуулахгүй байхад сүүлийн хоёр жил бүх чадлаа дайчлан ажилласан. Хэдийгээр зайнаас тодорхой хугацаанд хичээллэсэн ч танхимын сургалтыг гүйцэх төгс сургалт өнөөдрийг хүртэл алга.
Ерөнхий боловсролын хичээлийн агуулгыг цахим контент руу шилжүүлсэн ч хүлээн авч буй хүүхэд бүрт хүртээмжтэй биш. Харилцан адилгүй орчин нөхцөлд хүүхдүүд амьдарч байгаа учраас теле хичээл ялгаатай байдлыг үүсгэж байгаа юм.
Иймд танхимын сургалтыг эхлүүлэх шаардлагатай. Үүнийг ч дэлхийн олон улс зөвлөж, бид ч мэдэрч байна. Цар тахал дэгдсэнээс хойш хоёр жилийн хугацаанд хүүхдүүд хичээлийн хоцрогдолтой болсон. Үүнийг хэрхэн яаж арилгах талаар салбарын яам өнгөрсөн гуравдугаар сараас эхлэн үндэсний хэмжээний цогц төлөвлөгөөг боловсруулаад ажиллаж байна. Хичээлийн шинэ жилийг эхлүүлэх, танхимын сургалтыг нээхээр бид бэлтгэл ажлаа хангаж байгаа ч Засгийн газар, Улсын онцгой комисс эцэслэнэ. Иймд салбарын яамны зүгээс хичээл сургалтын үйл ажиллагааг эхлүүлэхэд бүхий л талаар бэлтгэл ажлыг хангаж байна.
–Эцэг, эхчүүдийн хувьд зургаан настнуудыг бүртгэх үү гэдэгт хүлээлттэй байна. Шинээр нэгдүгээр ангид элсэх сурагчдыг хэзээнээс бүртгэж эхлэх вэ?
-Covid-19 халдвар дэгдэхээс өмнөх жилүүдэд бид хавар нь нэгдүгээр ангийнхныг бүртгэж, ирэх оны төсвийн төлөвлөлтөд тусгах байдлаар ажилладаг байсан. Цар тахлын улмаас сүүлийн хоёр жил нэгдүгээр ангийнхны элсэлтийг намар наймдугаар сараас эхлүүлэх зохицуулалт хийж байна. Аль болох эрсдэл багатай цахимаар бүртгэх боломжийг эрэлхийлж байна.
Энэ жилийн хувьд наймдугаар сарын хоёрдугаар долоо хоногоос эхлэн тухайн орон нутаг нэгдүгээр ангийн элсэлтээ эхлүүлнэ. Ингэхдээ боловсролын цахим системд тулгуурласан хүндрэл чирэгдэл багатай нээлттэйгээр зохион байгуулахаар төлөвлөсөн. Урьдчилсан байдлаар, энэ жил 81 мянга гаруй хүүхэд нэгдүгээр ангид элсэх урьдчилсан тооцоо бий.
"ЦАР ТАХЛЫН НӨХЦӨЛ БАЙДЛААС ШАЛТГААЛЖ ЕСДҮГЭЭР САРЫН НЭГЭНД ЦАХИМААР НЭЭЛТ ХИЙХ БАЙХ"
–Энэ намар хичээлийн шинэ жил цар тахлыг дотоодод алдсан үед эхэлнэ гэдгээрээ онцлог байна. Есдүгээр сарын 1-нд хичээлийн шинэ жилийг танхимаар эхлүүлэх үү гэдэг хүлээлт маш их байна. Эсвэл цахимаар уу?
-Халдварын тархалт нөхцөл байдлаас шалтгаалан мэргэжлийн байгууллагууд зөвлөмж гаргаж, заавар чиглэл өгнө. Бид аль болох олон хүний бөөгнөрөл үүсгэхгүй, халдвараас урьдчилан сэргийлэх бүхий л зохион байгуулалтыг хийж, эрсдэл багатай хичээлийн шинэ жилийн нээлтийг зохион байгуулна. Тиймээс есдүгээр сарын 1-нд цахимаар нээлтээ хийх болов уу. Өнгөрсөн жил ч бас бид есдүгээр сарын 1-нд хичээлийн шинэ жилийг цахим нээлтээр эхлүүлсэн. Гэхдээ сурагчдыг аль болох танхимын сургалтад хамруулахыг зорино. Тухайн үед халдварын тархалтын нөхцөл байдлаас шалтгаалан танхимын болон танхимын бус хосолсон сургалт явах боломжтойгоор хичээлийг эхлүүлнэ.
–Тэгэхээр сурагчид танхимын болон зайнаас гэсэн хосолсон хэлбэрээр хичээллэх үү?
-Хэрэв сурагчид танхимаар хичээллэхээр болбол ямар цагийн хуваарьтай байх, анги танхимын зохион байгуулалт ямар байх зохицуулалт, хувилбарыг боловсруулсан. Тухайлбал, 5:9 стратеги хэрэгжүүлж болно.
Тухайн анги бүлэг тав хоног танхимаар хичээллээд дараагийн 7 хоног нь зайнаас хичээллэх хувилбар байж болно. Гэхдээ наймдугаар сарын дунд үеийн халдварын нөхцөл байдлаас зохицуулалт, хувилбарыг эцэслэнэ.
Магадгүй вакцинжуулалт, байгалийн дархлаа, одоогийн мэргэжлийн байгууллагаас авч хэрэгжүүлж буй ажлууд үр дүнгээ өгвөл хүүхэд бүрд тэгш, хүртээмжтэй сайн хувилбаруудыг хэрэгжүүлнэ. Өнгөрсөн жил 2:3 буюу долоо хоногийн гурван өдөр танхимаар, хоёр өдөр нь зайнаас хичээллэснээр нэг сургууль, анги танхимын ачаалал буурч байсан. Нэг ангид суралцах хүүхдийн тоог 25-д барьж байсан.
–Энэ жил ерөнхий боловсролын сургуульд хэчнээн хүүхэд суралцахаар байна вэ?
-Ерөнхий боловсролын сургуульд 680.8 мянга гаруй хүүхэд өнгөрсөн онд суралцсан бол энэ жил 718.817 хүүхэд хичээллэх тооцоо бий. Энэ нь өнгөрсөн оныхтой харьцуулахад 38 мянган хүүхдээр нэмэгдсэн үзүүлэлт. Энэ хэрээр ерөнхий боловсролын сургуулийн ачаалал нэмэгдэнэ. Ялангуяа нийслэл, орон нутагт аймгийн төвүүдийн ерөнхий боловсролын сургуулийн ачаалал ихэснэ. Тиймээс аль болох ачааллыг тэнцвэржүүлж гурван ээлжгүй байх чиглэлд бодлого зөвлөмжүүдийг орон нутгийн боловсролын байгууллагад өгч бүх зохицуулалт хийгдэж байна.
–Сурагчид танхимаар хичээллэсэн ч хоцрогдлыг нөхөж чадах уу. Хичээлийн хоцрогдлыг нөхөх гээд илүү цагаар хичээллэх асуудал өнгөрсөн намар гарч байсан. Үүнд хэрхэн анхаарч байна?
-Зайн сургалтын хамгийн том сул тал нь хүүхдүүд харилцан адилгүй орчинд ялгаатай байдлаар хичээл хийж байна.
Тиймээс богино хугацаанд хүүхдүүдийн хичээлийн хоцрогдлыг арилгах асуудал нь ойрын гурван жилийн хугацаанд бидний гол баримтлах зарчмын үйл ажиллагаа болж хэрэгжих ёстой. Энэ ч үүднээс хичээлийн хоцрогдол арилгах гурван жилийн төлөвлөгөөг боловсруулсан. Энэ жил есдүгээр сарын 1-ээс эхлэн хэрэгжүүлнэ.
Мэдээж гуравдугаар ангийн хүүхэд нэгдүгээр ангидаа нийт хичээлийн 45 хувийг зайнаас авсан, хоёрдугаар ангидаа хичээлийнхээ 68 хувийг зайнаас авсан. Иймд зайнаас авсан хичээлүүд, агуулгыг нөхөх ёстой. Гэхдээ эцэг эх, багш, сурагчдад хичээлийн дарамт өгөхгүй. Хэрэв бид хичээлийн хоцрогдлыг арилгах гэж илүү давтлага өгч, илүү цагаар ажиллавал маш хурдан стресс, ядаргаанд орно. Хүүхдүүд хичээлдээ дургүй болно. Улмаар сургуульдаа явах сонирхолгүй болно. Эцэг эх, сурган хүмүүжүүлэгчид ч мөн адилхан хичээлийн хоцрогдлыг нөхнө гэж стресстэх шаардлагагүй. Иймд хичээлийн хоцрогдлыг арилгахад агуулгаа хөнгөрүүлж нягтруулах, багш нарыг бэлдэх зэргээр бэлтгэл ажлаа өнгөрсөн гуравдугаар сараас хэрэгжүүлж эхэлсэн.
–Намар эцэг эхчүүдийн хувьд бага ангийн хүүхдээ хичээлийг нь хийлгэх гэж “дайн” болдог. Бүтэн хоёр жил гэртээ “хоригдсон” хүүхдүүд хичээлдээ ороход дасах хугацаа гарах, сэтгэл санаанд ч бас өөрчлөлт орох болов уу. Тиймээс ерөнхий боловсролын сургуулиудад сэтгэлзүйч бэлдэж байгаа гэж сонссон?
-Энэ нь цар тахлын дараах маш том асуудал. Иймд Есдүгээр сарын 1-ээс хүүхдүүдэд хичээл заахаас илүүтэй хамт олонд нь дасгах, нийгэмд төлөвших нийгэм сэтгэлзүйн үйлчилгээ хоёр долоо хоног үргэлжилнэ. Дараа нь, хичээлүүдийг үе шаттайгаар эхлүүлнэ. Тиймээс биш эцэг эх багш нар хичээл орохоор л хоцрогдлоо нөхөх юм шиг ойлгож хүүхдэд хичээлийн хэт их “дарамт” өгөх нь урт хугацаанд сөрөг үр дагавар гарна. Иймд сургуульд нийгэм сэтгэлзүйн тогтолцоог бүрдүүлэх ажлыг давхар эхлүүлсэн.
Ерөнхий боловсролын сургуульд ажиллах сэтгэлзүйчдийг бэлдэж байна. Сэтгэл зүйчид зөвхөн хүүхдүүдтэй биш эцэг эх, сурган хүмүүжүүлэгчтэй ч давхар ажиллана. Ингэснээр үр дүнд хүрнэ.
–Элсэлтийн ерөнхий шалгалтыг ямар байдлаар зохион байгуулах вэ?
-Элсэлтийн ерөнхий шалгалтын хугацаа хойшилсноос биш зохион байгуулалтад ямар нэгэн өөрчлөлт ороогүй. Элсэгчид наймдугаар сарын 19-22-ны хооронд шалгалт өгнө. Магадгүй Covid-19 халдвар авсан хүүхдүүд есдүгээр сард дахин шалгалт өгч болно. Улсын хэмжээнд нийт 81 шалгалтын байр бэлдсэн. Үүнээс нийслэлд 40, аймаг тус бүрт хоёр шалгалтын байр бэлдээд байна. Элсэгчид өмнөх журмын дагуу л шалгалтаа өгнө. Шалгалтын нэг байранд 10-15 хүүхэд сууна. Энэ нь танхимын 50 хувийг л ашиглаж хүн хоорондын зайг барьж байгаа юм. Мөн ариутгал халдваргүйжүүлэлтийг тодорхой дүрэм журмын дагуу хийнэ.
–Элсэлтийн ерөнхий шалгалтын үеэр замын түгжрэл, гаднын хүчин зүйлсээс болж хүүхдүүд шалгалтаа өгч чаддаггүй асуудал жил бүр гардаг. Хэрэв хоцорсон бол есдүгээр сард дахин шалгалт өгч болох уу?
-Энэ бол хувь хүний ухамсар, хариуцлагатай холбоотой асуудал. Гэхдээ бид мэргэжлийн байгууллагуудтай хамтран элсэлтийн ерөнхий шалгалтын үеэр замын зохицуулалт хийх чиглэлээр хамтран ажиллана.
Холбоотой мэдээ