"Найзууд маань бүл нэмэхэд энэ уламжлалаар баяр хүргэнэ"

Хуучирсан мэдээ: 2021.07.28-нд нийтлэгдсэн

"Найзууд маань бүл нэмэхэд энэ уламжлалаар баяр хүргэнэ"

"Найзууд маань бүл нэмэхэд энэ уламжлалаар баяр хүргэнэ"

Анхны хүүхдээ өлгийдөн авч буй аав найзуудтайгаа баяраа хуваалцаж, эхнэртээ гэнэтийн бэлэг барьсан нь олон нийтийн сүлжээгээр олон хүнд хүрсэн. Залуу хосын баярт мөчийг ерөөж, аз жаргал хүсэх хүн олон байв. Нийгэмд зөв үлгэр дууриалал үзүүлсэн залуу хостой утсаар холбогдож ярилцлаа.


Гэр бүлээ бидэнд танилцуулахгүй юу?

Ө.Хувьтөгөлдөр: Намайг Өнөржаргалын Хувьтөгөлдөр гэдэг. Одоо 23 настай. “Мах импэкс” хувьцаат компанид ажилладаг. Эхнэрийг маань Д.Цолмон гэдэг. Бид хоёр танилцаад нэг жил гаруй хугацаа болж байна. Хэдхэн хоногийн өмнө долдугаар сарын 24-ний 13.00 цагт шинэ хүнээ өлгийдөн авч, эхнэр маань амаржиж хөөрхөн охинтой болсон.

Одоо эхнэр, охин хоёрын маань бие маш сайн байна. Би өчигдрөөс эхлэн аавын долоо хоногийн амралтаа авчихсан байна. Өнөөдрөөс л өлгий даавуу угааж байна.

-Эхнэртээ гэнэтийн бэлэг барьсан нь олон хүний анхаарал татах шиг болсон?

Ө.Хувьтөгөлдөр: Өмнө нь нэвтрүүлэг, сошиал орчноос эхнэрээ баярлуулж байгаа бичлэг, зураг олон хардаг байлаа. Тэгээд нэг өдөр найзтайгаа машинд ярилцаж байгаад хамтдаа очиж, баярлуулахаар болсон. Тэгсэн нэг найз маань баяр хүргэсэн бичиг хэвлүүлье гээд л нөгөө найз маань машины чимэглэл аваад ирье гэсэн.

Дотны найзуудтайгаа бэлдэж эхэлсэн. Эхнэр маань долдугаар сарын 24-нд төрөөд 26-нд эмнэлгээс гарсан. Бид таван машинтай аав, ээж, ах, эгчийнхээ хамт наймуулаа эмнэлгийн гадна очсон.

-Машины цуваа явах замд хүмүүс ямар сэтгэгдэл хэлж байв?

Ө.Хувьтөгөлдөр: Машинтайгаа цуваагаар явахад зарим хүмүүс найзуудад маань баяр хүргэсэн гэсэн. Хаашаа ч харсан утсаараа зураг дарсан хүмүүс. Хүмүүст ч гэсэн их сайхан санагдсан байх. Эмнэлгийн гадна машинаа чимэглээд, янзалж байхад хүмүүс цонхоор харж, зарим нь зураг дарж байсан. Нэг ах “Скоч авах уу” гээд тусалсан.

Сошиал орчинд хүмүүсийн бичсэн сэтгэгдлүүдийг анзаарахад “Гэр бүлд нь аз жаргал хүсье” гэж ерөөсөн байсан. Хажуугаар нь ихэнх эмэгтэйчүүд нөхрүүдээ мэншейн хийгээд л “Нөхрүүд ийм байдаг юм байна. Энийг хардаа” гэсэн байна лээ.

-Эхнэртээ бол огт хэлээгүй байсан уу?

Ө.Хувьтөгөлдөр: Эхнэр маань намайг “Хэнтэй ирсэн бэ” гэж асуухаар нь “Нэг найзтайгаа байна” гэсэн. Эмнэлгийн цонхоороо харахад танихгүй машинууд байсан болохоор өөрт нь зориулсан гэж бодоогүй юм билээ. Эхнэр маань эмнэлгийн гадна машинууд зогссон байсныг хараад л шууд уйлчихсан.

-Өөрт  тань гэнэтийн бэлэг болж чадсан байх?

Д.Цолмон: Ханийн минь гэнэтийн бэлэг маш сайхан санагдсан. Би хараад л шууд уйлсан. Эмнэлгээс гарахад аав, ээж маань орж ирсэн. Араас нь нөхөр орж ирэхээр нь үнсүүлээд л гарсан чинь олон машин зогссон байсныг хараад улам их уйлсан. Би хэзээ ч ийм бэлэг барина гэж төсөөлөөгүй.

-Анхны хүүхдээ өлгийдөн авах мөч үнэхээр сайхан. Аав, ээж болсон сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу?

Ө.Хувьтөгөлдөр: Эхнэр маань амаржих гээд өвдөж, эмнэлэг дээр очиход маш их сандарсан. Тэр хооронд юу хийхээ ч мэдэхгүй. Юу хэрэгтэй гэснийг нь авч ирээд коридорт сууна. Тэгсэн мөртлөө сая хаанаас юу авснаа ч мартчихсан байх жишээтэй. Хоорондоо чатаар харьцаж байгаад хариулахгүй болохоор сандарч эхэлнэ. Тэгсэн гэнэт л охины маань зураг бичлэг чатаар ирэхэд нь ЭХЭМҮТ-ийн зургаан давхрын шатаар буухдаа нулимс цийлэгнүүлэн бөөн баяр болсон доо.

Д.Цолмон: Хөөрхөн байдаг юм байна. Одоо ч гэсэн охиноосоо харцаа салгаж чадахгүй л сууна.

-Найзуудтайгаа энэ гэнэтийн бэлгээ уламжлал болгох уу?

Ө.Хувьтөгөлдөр: Манай найзууд харих замдаа “Одоо манай охин төрнө. Чимэглэл, самбараа хадгалчихаарай” гээд л инээлдэж байсан. Цаашдаа найзуудын маань гэр бүл улам өнөр өтгөн болж, энэ уламжлалаараа баяр хүргэнэ гэж бодож байна.

-Залуу хос анх хэрхэн танилцаж байв?

Ө.Хувьтөгөлдөр: Манай багын найз бид хоёрыг анх танилцуулсан. Тэгээд л найзаасаа фэйсбүүк хаягийг нь авч, харилцаж байлаа. Анх танилцаж байхад өчнөөн л юм бодож сэтгэхийг хичээнэ.

Д.Цолмон: Ер нь нөхөр маань их романтик. Анх танилцахдаа л хөөрхөн хөөрхөн үйлдэл гаргана. Манай хүн чинь анх намайг "найрах" гэж их юм болсон. Надад гаргаж байгаа сэтгэл, итгэл гээд бүх зүйлийг нь л харж байгаад татагдсан даа.

-Та хоёрын ойрын зорилго гэвэл?

Д.Цолмон: Одоо бидний зорилго бол тусдаа гарах. Өөрийн гэсэн орон байртай болохыг төлөө хамтдаа тэмүүлнэ дээ. Бас амьдралаа жигдрүүлчихээд мөрөөдлийн хуримаа хийнэ гэж боддог.

-Залуу гэр бүлдээ хандаж юу гэж захих вэ?

Ө.Хувьтөгөлдөр: Хүний амьдралд ямар ч бэрхшээл тохиолдож болно. Тэр болгоныг хамтдаа даван туулах нь чухал. Хэдий хоёр өөр гэр бүлд өсч, хүмүүжсэн ч аливаад тэвчээртэй хандаж, асуудлыг хоёулаа болон аав, ээжийн хамт ярилцах хэрэгтэй. Ингэж чадвал амьдралыг гэрэлтэй болгож чадна.

Д.Цолмон: Залуу гэр бүлийн хувьд салалтгүй л байгаасай. Эмэгтэй хүн жирэмсэн болохоор зан ааш нь хувирна. Тэр болгоныг нь нөхрүүд нь сайн ойлгож, 10 сар л тэвчээрэй. Хамгийн гол нь хоорондоо ярилцаж, ойлголцох нь хамгийн чухал гэдгийг захья.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
183
ЗөвЗөв
23
ХөөрхөнХөөрхөн
11
БурууБуруу
10
ХахаХаха
8
ТэнэглэлТэнэглэл
6
ГайхмаарГайхмаар
6
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж