Нийт 2632 хүн тун вакциныг устгажээ

Хуучирсан мэдээ: 2021.07.27-нд нийтлэгдсэн

Нийт 2632 хүн тун вакциныг устгажээ

Нийт 2632 хүн тун вакциныг устгажээ

Улсын онцгой комиссын дарга, Шадар сайд С.Амарсайхан Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд мэргэжлийн хяналтын байгууллагын 2200 улсын байцаагч 26 чиглэлд хяналт тавьж ажиллаж байна. Цар тахлын үед тус газрын 246 албан хаагч Covid-19 халдвар авчээ.

Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас цар тахлын эсрэг арга хэмжээнд дайчлагдан ажиллаж байгаа тул төлөвлөгөөт хяналт шалгалт буурсныг мэдээлэв. Гэхдээ эдийн засгийг сэргээх, аж ахуйн нэгжүүдээ дэмжих үүднээс торгохоос илүү зөвлөн туслах чиглэлээр улсын байцаагчид ажиллаж байгааг онцлов. Энэ үеэр тус газраас мэргэжлийн хяналтын байгууллагын албан хаагчдын нийгмийн баталгаа хүнд байгааг Улсын онцгой комиссын ажлын хэсгийнхэнд танилцууллаа.

Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас Монгол Улсад эмийн бүртгэлд бүртгэгдээгүй эмийг эмийн сангуудаар борлуулж буй зөрчил илрүүлсэн байна. Нийт таван төрлийн эмийг борлуулж байсныг илрүүлж устгалд оруулсан байна.

МХЕГ-ын Эрүүл мэнд, боловсрол, соёлын хяналтын газрын дарга С.Сүнчин:

-УОК-ын өгсөн үүргийн дагуу вирусийн мутацилагдсан хувилбаруудаас сэргийлэхийн тулд хилийн нэвтрэх цэг бүрд тандалт судалгаа хийж байна. Улсын хэмжээнд  мэргэжлийн хяналтын байгууллага 19 чиглэлд хяналт тавин ажиллаж байна. Үүнээс гадна цаг үеийн байдалтай холбоотой шалгалтуудыг хийсэн. Тусгаарлан ажиглах байранд мэргэжлийн хяналтын ерөнхий газар дөрвөн чиглэлд ажиллаж байна. Мөн Covid-19 халдвартай холбоотой нэг удаагийн тариур, бээлий, эрүүл мэндийн байгууллагатай холбоотой зөрчил дутагдлыг тухай бүрт нь мэдээлж, зөрчил дутагдлыг арилгуулж байна.

ӨВЧТӨНҮҮД ГЭРЭЭСЭЭ ЭМ ТАРИА АВЧИРАХЫГ ЗӨВШӨӨРӨХГҮЙ

Шадар сайд С.Амарсайхан:

-Улсын хэмжээнд эрүүл мэндийн төвүүд эмчлүүлэгч өвчтөнүүдээс гэрээсээ эм авчрахыг шаарддаг асуудал бий. Үүнд эмийн татан авалт нийлүүлэлтийн цаана  худалдан авалттай холбоотой  тендер, нугалаа байгаа.  Наймдугаар сарын 1-ээс өвчтөнүүдийг гэрээсээ эм тариа авчрах асуудлыг цэгцлэх, эмийн хангалттай холбоотой зөрчил дутагдал гаргахгүй байх ёстой. Уг асуудлыг цэгцлэхийн тулд Эмийн агентлаг байгуулсан.

ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэг:

-Эрүүл мэндийн яамнаас Эм эмнэлгийн хэрэгслийн хяналтын зохицуулалтын газар нэг удаагийн эм олгодог байсан. Аж ахуйн нэгжүүд вирусийн эсрэг эмийн татан авалтыг нэмэгдүүлэх зорилгоор Хүний эмийн зөвлөлөөс долоон нэр төрлийн эмийг бүртгэсэн. Эрүүл мэндийн яамнаас эм эмнэлгийн хэрэгсэл, оношлууруудыг хангаж байна. Эмнэлгүүд наймдугаар сарын 1-ээс эм, эмнэлгийн хэрэгслийн нөөцөө өөрсдөө бүрдүүлнэ. Мөн ирэх сараас өвчтөнүүдээс эм шаардахгүй байхаар зохицуулсан.

      НИЙТ  2632 ХҮН ТУН ВАКЦИНЫГ УСТГАЖЭЭ

Covid-19 халдварын эсрэг хариу арга хэмжээний хүрээнд Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас эрүүл мэндийн салбар, хилийн боомт, тусгаарлах байр, нисэх буудал, аж ахуйн нэгжүүдэд хяналт тавьж, илэрсэн зөрчлийн талаар мэдээлсэн.

Тус газраас тусгаарлан ажиглах байранд дөрвөн чиглэлээр давхардсан тоогоор 905 хяналт тавьж 1451 зөрчил илрүүлжээ. Нийт зөрчлийн 44 хувийг арилгуулж нэг байгууллагыг 300 мянган төгрөгөөр торгожээ. Мэргэжлийн хяналтын байгууллагын хяналт шалгалтаар халдвар хамгааллын дэглэм зөрчсөн, барилга байгууламжтай холбоотой зөрчил цөөнгүй гарчээ.

Ариутгал халдваргүйтлын чиглэлээр 69416 объктод ариутгал хийлгэж, зөвлөн туслах үйлчилгээ үзүүлжээ. Голомтын эцсийн халдваргүйжүүлэлтэд 29742 объёктод ариутгал хийсэн байна. Ариутгал халдваргүйжүүлэлтийн чиглэлээр хяналт тавихад 12 зөрчил илэрсэн бол урьдчилан сэргийлэх ариутгал халдваргүйжүүлэлтэд цөөнгүй зөрчил илэрчээ. Ихэвчлэн ариутгах бодисыг зааврын дагуу ашиглаагүй, бүртгэлтэй бодисыг ашиглаагүй зөрчил гарчээ.

Мөн нийслэл орон нутгийн 35 цэвэрлэх байгууламжид тогтмол хяналт тавьж байгаа аж. Үүнээс гадна бохирын усны дээжээс шинжилгээ авахад Covid-19 илрээгүй байна. Түүнчлэн шинжилгээний байнгын болон явуулын цэгүүдэд давхардсан тоогоор 3447 хяналт шалгалт явуулжээ. Шалгалтаар 1594 зөрчил илэрсэн байна. Үүний 50 хувийг газар дээр нь арилгуулжээ.

Мөн хилийн нэвтрэх цэгээс вакцины тээвэрлэлт, хадгалалт, дархлаажуулалтын цэгүүдэд хяналт тавьж байна. Улсын хэмжээнд энэ оны хоёрдугаар сарын 22-ноос долдугаар сарын 21 хүртэл  таван улсаас 31 удаагийн нислэгээр 5.2 сая тун вакцин импортолжээ. Эдгээр вакцинд хяналт тавьсан байна.

Мөн Мосвка-Улаанбаатар чиглэлийн дипломат ачаагаар 100 хүн тун вакцин тээвэрлэлтийн горим алдагдсан тул устгалд оруулжээ. Вакцинжуулалттай холбооотойгоор 2632 хүн тун вакцины хорогдол гарчээ. Хадгалалтын дэглэм алдагдсан, хаяг шошгогүй, савлагааны байдал алдагдсан, унагаж хагалсан, задалснаас хойш хэрэглэх хугацаа дууссан зэргээс шалтгаалан устгалд оруулжээ. Мөн чанарын шаардлага хангаагүй 1939 тариурыг устгалд оруулжээ. Тодруулбал, цуурсан, резин мултарсан гэх шалтгаанаар устгажээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж