Токио 2020 олимпийн галт бамбарын сүүлийн гүйгчээр тодорч, олимпийн цомыг асаасан Наоми Осака хасагдлаа. Тэрбээр өнөөдөр/2021.07.27/ талбайн теннисний эмэгтэй ганцаарчилсан төрлийн ээлжит тоглолтоо Чехийн Маркета Вондрусоватай хийж, хоёр ээлжийн тоглолтод 6-1, 6-4 гэсэн харьцаатай ялагдлаа.
Өдгөө 23 настай Наоми Осака нутаг дээрээ зохион байгуулагдаж буй олимпийн наадамд түрүүлэх зорилготой байсан ч ийнхүү хоосон хоцорлоо.
Өдгөө 22 настай Маркета Вондрусова тоглолтын дараа “Наоми агуу, тэр энэ спортын агуу тоглогчдын нэг. Гэсэн хэдий ч надад энэ нь дарамт болсонгүй. Эхний ээлжийн тоглолтыг тун сайн хийснээ би мэдсэн. Тоглолтын төгсгөлд Наоми ч сайн тоглолтоо үзүүллээ. Гэхдээ намайг уучлаарай. Би өнөөдөр дэндүү аз жаргалтай байна” гэжээ.