Улсын Их Хурлын 2021 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд Үйлдвэржилтийн бодлогын байнгын хороо эрхлэх асуудлынхаа хүрээнд үйлдвэрлэлийн бүтээмжийн өсөлт, жижиг, дунд, хөнгөн, хүнд үйлдвэрлэлийг дэмжих, хөгжүүлэх бодлогын талаар Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төслийн талаар санал, дүгнэлт гаргах, Улсын Их Хурлын хянан шалгах чиг үүргээ хэрэгжүүлэхэд үйл ажиллагаагаа чиглүүлэн ажиллалаа.
Хууль, тогтоолын төслийн хэлэлцүүлгийн талаар:
Ээлжит чуулганы хугацаанд Үйлдвэржилтийн бодлогын байнгын хороо хоёр удаа хуралдаж, эрхлэх асуудлынхаа хүрээнд хамаарах дөрвөн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсэн.
Байнгын хороо 2021 оны 4 дүгээр сарын 6-ны өдрийн хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогтоос Монгол Улсын Эрчим хүчний сайдад хандан “Хөшөөтийн нүүрсний уурхайг түшиглэн сайжруулсан шахмал түлшний үйлдвэр байгуулах талаар” тавьсан асуултын хариуг сонсож, мөн Ноос, ноолуурын салбарт хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай Байнгын хорооноос боловсруулсан тогтоолын төслийг хэлэлцэн баталсан.
Байнгын хороо Монгол Улсын 2020 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлангийн хоёр дахь хэлэлцүүлгийг явуулж, санал, дүгнэлтээ Төсвийн зарлагын хяналтын дэд хороонд, Монгол Улсын 2021 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2021 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг явуулж, санал, дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд тус тус хүргүүлсэн.
Бусад ажлын талаар:
Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны дарга Б.Чойжилсүрэн, Байнгын хорооны гишүүн Ж.Бат-Эрдэнэ, Ж.Батжаргал, Н.Наранбаатар, Улсын Их Хурал дахь Монгол Ардын Намын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд Г.Батсуурь нар 2021 оны 3 дугаар сарын 23-ны өдөр нар “Блю Скай кашемир” ХХК-ийн ноос, ноолуурын үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцаж, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам болон Монголын Ноос Ноолуурын холбооноос боловсруулсан “Ноолуурын салбарыг хөгжүүлэх зорилт, арга хэмжээ”, Монголын Ноосон Бүтээгдэхүүн Үйлдвэрлэгчдийн холбооноос бэлтгэсэн “Ноос боловсруулах салбарыг хөгжүүлэх зорилт, хэрэгжүүлэх арга хэмжээ” илтгэлийг сонсож, Монголын ноос ноолуурын холбоо, “Говь” ХК, “Баялаг-Өлзий” ХХК зэрэг тус салбарын төлөөллүүдтэй уулзаж, санал солилцлоо.
Үйлдвэржилтийн бодлогын байнгын хороо
Холбоотой мэдээ