Согтуурсан нэгнээ орхиж явснаас нууранд живж амиа алджээ

Хуучирсан мэдээ: 2021.07.27-нд нийтлэгдсэн

Согтуурсан нэгнээ орхиж явснаас нууранд живж амиа алджээ

Согтуурсан нэгнээ орхиж явснаас нууранд живж амиа алджээ

Улсын хэмжээнд он гарснаас хойш 67 удаагийн усны ослын дуудлага бүртгэгдэж 78 хүн амь насаа алджээ. Усанд осолдсон иргэдийн 61 нь насанд хүрсэн, 17 нь хүүхэд аж. Онцгой байдлын ерөнхий газраас иргэдийг гол усны аюулаас болгоомжлохыг сэрэмжлүүлсээр байгаа ч энэ төрлийн дуудлага тасрахгүй байна. Тус газарт өчигдөр бүртгэгдсэн дуудлага мэдээллийг тоймлон хүргэе.


ХОВДОД 18 АЙЛЫН ГЭР, 10 ДЭЛГҮҮР ҮЕРТ АВТЖЭЭ

Ховд аймагт өчигдөр орсон ширүүн борооны улмаас 18 айлын гэр, 10 хүсний дэлгүүр усанд автжээ. Тодруулбал, аймгийн Цэцэг сумын Цэцэг нуур багт 15:00-16:00 цагийн хооронд усархаг ширүүн бороо орж 5 мм тунадас буусан байна. Өнөөдрийн байдлаар  тус сумын мэргэжлийн хяналтын албаныхан ажиллаж байгаа юм. Мөн тус аймгийн Алтай сумын Бодонч багийн Нарийн гэх газарт энэ сарын 26-нд  үерт  дөрвөн гэр, нэг  адуу, 1 автомашин усанд автсан байна.

ХОЛБОО НУУРАНД НЭГ ТОМ ХҮН, НЭГ ХҮҮХЭД ОСОЛДЖЭЭ

  • Хөвсгөл аймгийн Мөрөн сумын нутаг Дэлгэр мөрний эргээр зугаалж явсан дөрвөн хүний нэг нь усанд осолджээ. Энэ тухай дуудлага өнгөрсөн баасан гаригт /2021.07.23/ аймгийн Онцгой байдлын газарт бүртгэгджээ. Тус сумын харьяат иргэн 28 настай Т нь голд сэлж байхдаа осолдсон байна. Аврах багийнхан эрлийн ажиллагааг дуудлага авснаас хойш эхлүүлсэн ч өнөөдрийг хүртэл үр дүнд хүрээгүй байна.  Эрлийн ажиллагааг өнөө өглөө дахин эхлүүлжээ.
  • Баян-Өлгий аймгийн Буянт сумын нутаг Холбоо нууранд өчигдөр  хоёр хүн живсэн байна. Энэ тухай дуудлага өчигдөр аймгийн Онцгой байдлын газарт 18:10 цагийн үед бүртгэгджээ. Нууранд нэг том хүн, хоёр хүүхэд сэлж байснаас 21 настай Е, 12 настай Н нар осолдсон байна. Онцгой байдлын алба хаагчид осолдсон иргэдийг эрэн хайх ажлыг өчигдөр эхлүүлсэн ч үр дүнд хүрээгүй тул өнөөдөр дахин эхлүүлжээ.
  • Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын нутаг, Хар зүрхний хөх нуурын орчимд дөрвөн гэр бүлийн 10 хүн амарч байснаас нэг нь усанд осолджээ. Тухайн үед иргэн Б нь согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн үедээ хамт яваа хүмүүстэйгээ муудалж нуурын эрэгт үлдсэн бол бусад нь Өмнөдэлгэр сум руу явжээ. Тэд энэ сарын 23-нд  эргэж ирэхэд 51 настай иргэн Б нь үлдсэн газраа байгаагүй тул Онцгой байдлын газарт дуудлага өгсөн байна. Харамсалтай нь, эрлийн багийнхан иргэн Б-г энэ сарын 26-нд нуурын усанд живсэн байсныг олж, цагдаагийн байгууллагад шилжүүлсэн байна.

СУРАГГҮЙ БОЛСОН ХОЁР МАЛЧИН ЭМЭГТЭЙГ ЭСЭН МЭНД ОЛОВ

  • Онцгой байдлын алба хаагчид мал хариулж яваад сураггүй болсон хоёр эмэгтэйг эсэн мэнд олсон байна. Өмнөговь аймгийн Баяндалай сумын Баянцагаан багийн Шанд гэх газарт  18 настай Н, 11 настай А нар энэ сарын 25-нд  сураггүй болсон байна. Алба хаагчид  өчигдөр 07:35 цагт  Баянцагааны хуудас гэх газар (гэрээс нь зүүн зүгт 12 км)-аас эсэн мэнд олсон байна.
  • Онцгой байдлын алба хаагчид самар түүхээр яваад сураггүй болсон иргэнийг эрэн хайж байна. Тодруулбал, Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Бугант багийн Өнчин толгой гэдэг газар 29 настай эрэгтэй Б нь сураггүй болсон. Түүнийг аймгийн Онцгой байдлын газрын Хүдэр сум дахь Эрэн хайх салбар, аймгийн Цагдаагийн газрын алба хаагчид, сумын Засаг даргын Тамгын газар, Хан-Хэнтий Улсын тусгай хамгаалалттай газрын ажилтнууд, орон нутгийн иргэд эрэн хайж байгаа юм. Энэ сарын 26-ны байдлаар 2 морины хөл гэмтэж замаасаа буцсан бөгөөд Цагаан гол, Навчтайн зоо, Навчтайн-Эх, Нурт-Өндөр гэдэг газаруудад 40 км-т эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан ч үр дүнд хүрээгүй тул түр зогсоожээ. Эрлийн багийнхан өнөө өглөө дахин эрэн хайх ажиллагааг үргэлжлүүлж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХарамсалтайХарамсалтай
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж