Баянзүрх дүүргийн 16-р хороо Батлан хамгаалахын их сургуулийн хашаанд байрлах орон сууцны иргэд гэртээ орохын тулд хашаа, байрны завсар дахь ганц хүн явахад ч хүндрэлтэй замаар явдаг. Хүүхэд, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд бол гэртээ ч орж чадахгүй нөхцөл байдал үүсээд жил гаруй болжээ. Иймээс оршин суугчид үүнийг шийдвэрлэх хүсэлт ирүүлсний дагуу өчигдөр Нийслэлийн Хот байгуулалтын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Сүхбаатар холбогдох албаныхны хамт газар дээр нь очиж ажиллалаа.
Тус орон сууцыг 2011 онд барьсан. Тухайн үед Батлан хамгаалахын их сургуулиас ажилчдын орон сууц барих хүсэлт гаргасны дагуу зөвшөөрөл олгож байжээ. Гэтэл 2020 онд хашаагаа хааж, иргэд гэрээсээ гарч, ороход хүндрэлтэй болсон байна. Энэ дагуу өнгөрсөн долоо хоногт Нийслэлийн Хот байгуулалтын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Сүхбаатар холбогдох албаныхны хамт сургуулийн удирдлагатай уулзахад “Манай ажилчдаас хоёр өрх л амьдарч байгаа. Тухайн үед орон сууцанд орсон ажилчид ихэнх нь байраа зарсан. Одоо түрээсийн айлууд л амьдарч байгаа учраас бидэнд хамааралгүй” гэх байдлаар хариулт өгч, орц, гарц нээх боломжгүй гэсэн тайлбар хэлжээ.
Оршин суугчид энэ гарцаар гарч яваад хөл, гараа хугалсан тухайгаа хэлж байлаа. Мөн “Халуун ус, цахилгаан тус сургуулиас хамааралтай байдаг. Дургүйгээ хүрэхээр усаа хаачихдаг. Ус нь маш их зэвтэй гардаг. Цахилгаан тасрахад бид өөрсдөө мөнгө төлж, асуудлаа шийдсэн” гэв.
Нийслэлийн Хот байгуулалтын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Сүхбаатар “Батлан хамгаалахын их сургуулийн багш, ажилтнууд одоо амьдарч байгаа эсэх нь чухал биш. Тухайн үед манай ажилтнууд амьдарна гэж зөвшөөрөл авсан. Иймээс энэ сургууль дотор цаашид барилга, байгууламж барих зөвшөөрөл өгөхгүй. Үүнийг НИТХ-аар батлуулна. Мөн иргэдийн эрх, ашгийг хамгаалах үүднээс тусгай хэрэгцээний газрыг УИХ-аар батлуулж, тухайн газрыг оршин суугчдад авч өгөхөд анхаарч ажиллана. Байрны ар талын иргэний өмчилсөн газрыг газар чөлөөлөлтөд оруулах асуудлыг ярилцана. Орц, гарцын асуудлыг шийднэ” хэмээн хэллээ.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС