Зуны спортын уралдаан, тэмцээнүүдийн хамгийн үзэгчтэй тэмцээний нэг нь яах аргагүй элсний гар бөмбөгийн эмэгтэйчүүдийн төрөл. Тэгвэл өнгөрсөн долоо хоногт Болгарт болсон Европын далайн эргийн волейболын тэмцээнд өрсөлдсөн Норвегийн элсний гар бөмбөгийн эмэгтэйчүүдийн баг бикини өмсөх дүрмийг зөрчиж, шорт өмссөнөөс тогуулсан нь шүүмжлэл дагуулж байна. Улмаар эмэгтэйчүүдийг ялгаварласан хувцаслалтын журмыг эсэргүүцэн АНУ-ын дуучин “Pink” тус багийн торгуулийн төлж өгөх санал тавьжээ. Европын гар бөмбөгийн холбооноос тус багийг “тохиромжгүй” хувцасласан гэдэг үндэслэлээр 1500 еврогийн торгууль ногдуулсан юм.
Норвегийн элсний гар бөмбөгийн эмэгтэйчүүдийн баг нь биед тухгүй, тоглолтын үеэр өөрийг нь эвгүй байдалд оруулах өндөр магадлалтай бикини хувцаслалтаас татгалзаж, ивээн тэтгэгчдээс эрэгтэйчүүдийн багт нь өгсөн хослолын шортыг өмссөн аж. Харин торгууль оноосон албаныхан тэднийг дүрэмт хувцасны дүрмийг зөрчиж, бусад тамирчдын дунд тэгш эрхийн маргаан үүсгэсэн хэмээн буруутгажээ.
АНУ-ын тэрбумтан дуучин “Pink” олон нийтийн сүлжээгээр цацсан мэдэгдэлдээ “Хүйсээр ялгаварласан дүрэм, хувцаслалтыг эсэргүүцсэн Норвегийн элсний гар бөмбөгийн эмэгтэйчүүдийн багаар би маш их бахархаж байна. Би та нарын өмнөөс торгуулийг чинь төлөхдөө баяртай байх болно. Европын гар бөмбөгийн холбоо хүйсээр ялгаварласныхаа төлөө өөрсдөө торгуулах ёстой” хэмээжээ.
Мөн жүжигчин Шэннон Бюркетт “Эрэгтэйчүүд спортын тэмцээнд оролцохдоо урт шорт, подволк өмсөж болдог. Харин эмэгтэйчүүд заавал бикини өмсөх ёстой гэдэг бол хүйсээр ялгаварласан үйлдэл. Эмэгтэй, эрэгтэй хүмүүс адилхан хувцас өмсөхийг зөвшөөр, эсвэл эрэгтэйчүүдийг зөвхөн усны хувцастай нь тоглуул” хэмээн жиргэсэн байна.
Үүний дараа Норвегийн гар бөмбөгийн холбооны ерөнхийлөгч “Мэдээж бид ямар ч торгууль оноосон төлнө. Бид бүгд нэг завин дээр байгаа. Хамгийн чухал нь тамирчдад тухтай хэрэгсэл” хэмээн мэдэгджээ.
ЭХ СУРВАЛЖ: RT