АН: Дарга нар "зодоонтой", гишүүд эв нэгдэлтэй байгаа

Хуучирсан мэдээ: 2021.07.27-нд нийтлэгдсэн

АН: Дарга нар "зодоонтой", гишүүд эв нэгдэлтэй байгаа

АН: Дарга нар "зодоонтой", гишүүд эв нэгдэлтэй байгаа

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж, УИХ-ын гишүүн асан З.Нарантуяа, Х.Тэмүүжин нар АН-ын Онц их хурлыг хуралдуулах үүднээс тус намын 100 мянган гишүүний гарын үсэг цуглуулах санаачилга дэвшүүлсэн юм.  АН-ын дотоодын маргаан одоо ч үргэлжилж буй. АН маргаанаа нэг талд нь гаргаж, цаашдын нүүдлээ хийхгүй бол улстөрд сөрөг хүчин байх аа больж, ирэх сонгууль байтугай тэсч үлдэхэд хэцүү болж байна. Төр засгийн завхрал алдаа дутагдлыг засахад сөрөг хүчний дуу хоолой чухал. Угтаа бол АН дотооддоо хагаралдаж нэгнээ үгүйсгэх биш нэг зүгт хүчээ нэгтгэж, эргэн сэхэх, эвлэлдэн нэгдэх, шинэчлэлийн салхи сэвэлзүүлэх цаг болсон билээ. Иймээс УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж, УИХ-ын гишүүн асан З.Нарантуяа, Х.Тэмүүжин нар "Эв нэгдэлтэй АН" аяныг өрнүүлж, гишүүдийн гарын үсгийг цуглуулж байна. Намын онц их хурал, ирэх наймдугаар сард болох бөгөөд АН нэг удирдлага, тамга тэмдэгтэй болох асуудлыг тэд дотооддоо шийднэ. Гарын үсэг цуглуулах явц, намын онц их хурлын талаар тус намын гишүүдийн байр суурийг хүргэе.


ДОТООД АСУУДЛАА ӨӨРСДӨӨ ШИЙДЭХ ЁСТОЙ БОЛОХООС БИШ МАН-ААР ШИЙДҮҮЛДЭГГҮЙ

УИХ-ЫН ГИШҮҮН Б.ПҮРЭВДОРЖ: 

-Ардчилсан намыг нэгтгэх, нэг даргатай, тамгатай болгох зорилгоор онц их хурлыг хуралдуулахаар 100 мянган гишүүний гарын үсэг цуглуулах үйл явц амжилттай өрнөж байна. Өнөөдрийн байдлаар 50 мянган гишүүн гарын үсэг зуржээ. Зарим аймаг дүүрэгт дунд шатны хурган дарга нар гарын үсэг зурахыг бойкотлож байгаа. Гарын үсэг цуглуулж буй гол зорилго бол дээрээ дарга нар эв нэгдэлгүй байж болно. Хамгийн гол нь гишүүд эв нэгдэлтэй байгаа гэдгийг харуулах зорилготой. Эв нэгдэлгүй хоёр талдаа байвал бор халзан төлөг ч гарна гэж тооцож байгаа. С.Эрдэнэ намаа хагаралдуулж, удирдаж байна. Нөгөө хэсэг  хүмүүс нь МАН-тай аятайхан байвал АН-ын тамгыг бидэнд өгнө гэсэн горьдлогоор хандаж байгаа нь буруу. Бид дотоод асуудлаа өөрсдөө шийдэх ёстой болохоос биш МАН-аар шийдүүлдэггүй юм. Тиймээс дарга нар асуудалд нухацтай хандаж жирийн гишүүдийн хүслийн дагуу эв нэгдэлтэй байхыг уриалж байна.

ХУУЛЬЧ Х.ТЭМҮҮЖИН: 

-Намын гишүүдээр гарын үсэг зуруулах болсон шалтгаан, зорилго үндсэн гурван зүйлд чиглэж байгаа. Нэгт, АН хоёр газар хуралдаад, хоёр шийдвэр гаргаад, дээд шүүхрүү хоёр тусдаа бичиг өгөөд байхаар дээд шүүх алийг нь ч бүртгэж авахгүй, манай намын дүрэм, даргын асуудал цэгцэрч дуусахгүй байна. Дотроо учраа олохгүй бол хууль зүйн хувьд ямар ч бүртгэл хийхгүй гэх ганц үгээр буцаачихаад байгаа.

Хоёр газар хуралдахаа больж, нэг хурал хий гэдэг бол гарын үсгийн эхний зорилго. Нам гэдэг үзэл санаан дээрээ нэгдсэн хүмүүсийн хамтын удирдлагын байгууллага болохоос хэн нэгний хувьчлаад авчихсан аж ахуйн нэгж биш л дээ. Тийм учраас хий талцаж, тамганы хоёр булан тэврээд суулгүйгээр, нэгдэж нийлж хуралдаад, асуудлаа шийдэж, нэг тодорхой дүрмээр намаа цэгцэлж авах нь зөв.

УИХ-ЫН ГИШҮҮН АСАН З.НАРАНТУЯА: 

-АН-аа нэг нам болгох нэг толгойтой болох, нэгдэж зохион байгуулалтад орох саналыг бид гурав биш гишүүд доороосоо гаргаад байгаа юм. Гарын үсэг цуглуулах үйл явц дуусмагц эвлэлдэж нэгдэх ёстой. Хоёр талд сууж буй намын удирдлагуудад шаардлага хүргүүлээч ээ гэсэн шаардлагын үүднээс “Эв нэгдэлтэй АН” аяныг санаачилсан. Хэдийгээр цар тахлын нөхцөл байдал хүнд байгаа ч гэсэн гишүүд энэхүү аяныг дэмжиж гарын үсэг зурах ажиллагаа эрчимтэй явагдаж байна.  

НАЙМДУГААР САРЫН ЭХЭЭР ҮБХ ХУРАЛДУУЛАХ ТОВТОЙ БАЙНА

С.Эрдэнийн талын АН-ын  хувьд ирэх аравдугаар сард Хэнтий аймаг, Сонгинохайрхан дүүрэгт нөхөн сонгууль болох гэж байгаатай холбогдуулан тодорхой уулзалтууд хийж, нөхөн сонгуулийн бэлтгэл ажилдаа орж байгаа аж.

АН-ЫН ГИШҮҮН С.ЭРДЭНЭ:

-Үндэсний бодлогын хорооны хуралдааныг хуралдуулахаар бэлтгэлийг хангаж байна. Бэлтгэл хангагдвал хурлаа хийнэ. Бид наймдугаар сарын эхээр ҮБХ хуралдуулах товтой байна. Би хариуцлагаа хүлээгээд ажлаа өгчихсөн. Би хариуцлага хүлээх гэсэн Улсын дээд шүүх гацаачихсан. АН-ын удаа дараагийн ҮБХ-ны хурлын шийдвэр, хоёр Их хурлаас гаргасан шийдвэрийг Улсын дээд шүүх хүлээж авахгүй, гацааж байна. Ардчилсан намын шат шатны байгууллага бүх зүйлийг хуулийн дагуу зохион байгуулж байгаа. Миний хувьд АН-ын дараагийн даргыг бүртгүүлэх хүсэлтээ удаа дараа өгсөн ч Улсын дээд шүүх хүлээж авахгүй өдийг хүрсэн. Улсын дээд шүүх Улс төрийн намын тухай хуулийн дагуу зөвхөн бүртгэлийн үйл ажиллагааг л явуулна. Гэтэл хууль зөрчсөн тайлбар өгөөд байна. Манай намын дотоод зөрчлийг Улсын дээд шүүх хянан хэлэлцэхгүй.  Би хариуцлагаас зугатаагүй, бүх боломжит алхамыг хийсэн.

АН-ЫН ГИШҮҮН О.БААСАНХҮҮ:

-Улсын дээд шүүх яаралтай хуралдаанаа хийж, Ардчилсан намын асуудлыг  ирэх наймдугаар сарын 10-аас өмнө шийдэхийг шаардаж байна. У.Хүрэлсүх Ерөнхийлөгчөөс асуумаар байна. Та бүх зүйлд хууль засагламаар байна гэж хэлсэн. Тэгвэл Улсын дээд шүүхийн шүүгчдээ улстөрчдийн халааснаас гаргаж, хуулийг засаглуулаач гэж хүсмээр байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж