“Virgin Media” компанийн захирал Ричард Брэнсоны сансрын мөрөөдөл нь биелэж, нислэг нь амжилттай болсон явдал дөнгөж хөлөө олж буй сансрын аялал жуулчлалын салбарыг олны анхаарлын төвд авчирлаа. Их Британийн бизнесмен Брэнсон нь багийн гишүүдийн хамтаар дэлхийн гадаргаас 53.5 миллийн өндөрт хөөрсөн нь сансрын аяллын босго гэж тооцогддог аж.
Өнөөдрийн байдлаар сансар огторгуйн аялал дэлхийн супер баячуудын дунд л яригдах сэдэв. Гэсэн ч Азийн зарим компаниуд тус салбарыг тогтмол орлоготой энгийн хүмүүст ч боломжтой болгохыг зорьжээ.
Хэдхэн сая ам.доллар төлөөд нисэх уг сансрын аяллаар зорчигчид жингүйдлийг мэдрэхийн зэрэгцээ дэлхийг огторгуйгаас харж, төсөөлшгүй сэтгэл ханамжийг мэдрэх гэнэ.
Түүнчлэн дэлхийн өнцөг булан бүрт байгаа компаниуд энэ төрлийн бизнесийг сонирхож эхэлсэн бөгөөд хамгийн гол нь нислэгийн аюулгүй байдлыг хангаж, зорчигчдодоо итгэл найдвар төрүүлэх явдал юм. Зорчигчдыг тээвэрлэх уг сансрын хөлөг маш олон туршилтыг давж, техник технологийн хувьд маш сайн хийгдсэн байх ёстой аж. Тиймээс хувийн хэвшлийн зарим компаниуд сансрын уудам руу туршилтын нислэгүүдээ үйлдээд эхэлсэн байна.
Тухайлбал, Япон дахь “PD AeroSpace” компани Окинава арал дээр сансрын боомт гэгчийг байгуулсан бөгөөд 2025 он гэхэд уг төрлийн үйлчилгээ эрхэлдэг болохоор зорьжээ. Тус компанийн Бизнес хөгжлийн хэлтсийн ажилтан Рио Ожима “Бид Ази тив даяар үйлчлүүлэгчидтэй болохоор зорьж байгаа.
Илүү хямд үнийг санал болговол сансрын уудам руу аялах хүмүүс гарсаар байх болно” гэж “South China Morning Post”-д өгүүлжээ.
Хятадын адал явдалд дурлагч баячууд сансрын аялалын компани байгуулах асуудлыг мөн сонирхож эхэлсэн байна. Тэдний хувьд нэг удаагийн аяллыг хэдэн 100 мянган ам.доллараар үнэлэхээр төлөвлөж байгаа аж. Ийнхүү өнөөдөр дэлхий дээр цөөн хэдхэн хүн сансраар аялах боломжтой, сансрын аялалын үйлчилгээ нэвтрээгүй байгаа ч шинэхэн бизнесийг эхлүүлэгчид ирээдүйгээ өөдрөгөөр харж, ашиг олно гэдэгтээ эргэлзэхгүй байгаагаа илэрхийлсээр байна. “Businesswire” Хятадын сансрын уудам дахь аялалын бизнесийг 2027 онд гэхэд 401 сая ам.долларын ашиг олно гэж тооцолсон нь дэлхийд хоёрт орох үзүүлэлт болох аж.
Мөн ирэх хэдэн арван жилийн туршид үйлчилгээний боломж нэмэгдэхийн хэрээр орлого хурдтай бөгөөд тааварлашгүйгээр нэмэгдэхийг онцолсон байна.
Технологийн хурдацтай хөгжлийн үрээр сансрын уламжлалт нислэгээс илүүтэй адал явдлыг илүү ихээр мэдрүүлэх сансрын уудам дахь аялалд хүмүүс ийн дурлах болов. Гэхдээ засгийн газрын зүгээс нислэгийн аюулгүй байдалд хяналт тавьж байх нь бизнес эрхлэгчдийг инженерчлэлийн хувьд илүү их хөгжих боломжоор хангаж үнийн хувьд доогуур санал тавих өрсөлдөөнд хөтлөх юм. Хэрэв та яг одоо сансрын орон зай руу аялахыг хүсч байвал зөвхөн нислэгт 12 сая ам.долларыг зориулахаас гадна аюулгүй байдалд үүнээс хоёр дахин ихийг төлөх аж. Түүнчлэн нислэг зөвхөн нэг талынх байх бөгөөд учир нь сансарт хөөрсөн энгийн пуужин дэлхийн агаар мандал руу буцах замдаа салж унах гэнэ.
Гэхдээ цаашид энэ төрлийн нислэг улам боловсронгуй болох нь тодорхой бөгөөд үнийн хувьд ч боломжийн болж байгаа нь хятад аялагчдийн чихнээ тун чимэгтэй сонсогдож байна. Хятадууд бол хурдацтай хөгжиж буй эдийн засгийн хөгжлийнхөө ачаар дэлхийн олон орноор аялж “уйдсан” хүмүүс. Ирээдүйд тэд Тайландын далайн эрэг, Парисын гудамжаар зугаалж буй зургаа бус харин сансар огторгуйн хаа нэгтээ, эсвэл ямар нэгэн хөх гариг дээр аялж буй зургаа хуваалцдаг болох биз ээ.
С.НАРАНГАРАВ
ЭХ СУРВАЛЖ: CHINA DAILY
Холбоотой мэдээ