Токио 2020 олимпийн наадмын албан ёсны гурав дахь /2021.07.26/ өдрийн тоймыг та бүхэндээ хүргэж байна.
ЭЦЭС ХҮРТЛЭЭ ТЭМЦЭЖ БАЙНА
Монголын 3х3 сагсан бөмбөгийн эмэгтэй шигшээ баг эцсээ хүртэл тэмцэж байна. Тэд өнөөдөр хэсгийн тав дахь тоглолтоо Румын улсын эсрэг хийсэн. Олимпод сул өрсөлдөгч байхгүй гэдэг нь харагдаж, 22-14 гэсэн харьцаатай румынчууд ялалт байгуулав.
Румын болон Монголын багуудын хувьд Токиогийн олимпод хийсэн өмнөх дөрвөн тоглолтондоо хожигдоод байсан юм. Ийнхүү анхны хожлынхоо төлөө хоёр баг өрсөлдөж, Румын ялав.
Тоглолтын дараа 3х3 шигшээ багийн тамирчин Б.Солонго "Бид хожъё гэсэн шийдэлтэй гарч ирсэн боловч жижиг алдаануудаас болоод хожигдлоо. Харамсалтай байна. Францын эсрэг чадлаараа тоглоно. Эцсээ хүртэл ямар ч байсан бууж өгөхгүй" гэжээ.
Б.Солонго ч эцсээ хүртлээ бууж өгөхгүй гэдгээ харуулж, Францын эсрэг гуяандаа хүнд бэртэл авсан ч нөхдөө талбай дээр хүн дутуу үлдээхгүйн тулд тоглолтоо дуусгасан. Европын хүчирхэг баг Францын эсрэг ч тэд хүчтэй өрсөлдөөнийг үзүүлж, тоглолтын эцсийн мөчид 22-18 гэсэн харьцаатай хожигдсон. Хугархай хуруутай Э.Чимэддолгорын шидэлтүүд хэрэгтэй үедээ оновчтой багтаа тус хүргэж байсныг онцлох хэрэгтэй.
ДАРАА УУЛЗЪЯ, ОНО
"Gracenote" компанийн гаргасан судалгаагаар Ц.Цогтбаатарыг олимпоос мөнгөн медаль авна гэж таамагласан байсан. Таамаг ёсоор ч Ц.Цогтбаатар мөнгөн медалийн төлөө олимп, дэлхийн аварга Японы Шохэй Онотой барилдаж, харамсалтайгаар ялагдал хүлээсэн. Энэ бол хоёр тамирчны таарч барилдаж байгаа анхны тохиолдол байсан юм.
Харин хүрэл медалийн төлөө Ц.Цогтбаатар өөрийгөө илүү их хурцалж, 2016 оны алдаагаа дахин давтахгүй байхыг хүссэн. Таван жилийн өмнө 20 настай Ц.Цогтбаатар Өмнөд Солонгосын Ким Вон Жинд өвдөг шороодож, олимпийн татами ямар чанга болохыг биеэрээ мэдэрсэн. Тиймээс тэрбээр Канадын Артур Маргелидоны эсрэг илүү төвлөрч, илүү дайчин барилдсан.
Энэ нь ч харагдаж, Ц.Цогтбаатар өрсөлдөгчөө ердөө 32 секундын дотор буулган авсан.
Токиогийн олимпоос Монголын хоёр дахь медалийг авчирсан Ц.Цогтбаатар хэвлэлд ярилцлага өгөхдөө "2016 онд ялагдсандаа өөртөө бурууг өгсөн. Өнөөдрийг хүртэл миний зорилго ганцхан дэлхийн аварга, ганцхан Гран При байгаагүй. Би аварга болно гэж бодож байсан ч чадсангүй. Тэнгэрт суугаа аав, саяхан мэндэлсэн хүүдээ бэлэг барьж чадлаа. Ханьдаа болон намайг төрүүлж өсгөсөн ээждээ бяцхан хүүдээ, анхны багшдаа баярлалаа гэж хэлмээр байна. Өнөөдрийг хүртэл миний зорьсон зүйл нэгээр тогтоогүй. Миний оргил хаана вэ гэдгийг би өөрөө тогтоохыг хүссэн. Өнөөдөр би өөрийнхөө 100 хувь бэлэн байдалтай авчирсан. Хэнтэй ч таарсан ялна гэж бодож ирсэн. Хэдэн удаагийн олимпийн аварга, ямар аварга байх нь ерөөсөө хамаагүй. Надад тусалж, дэмжсэн хүмүүстээ болон анхны багш Шийрэв багшдаа, аав ээждээ, гэр бүлийнхэндээ, ханьдаа, хүүдээ, шигшээ багийн ах дүү нар, бэлтгэл хангахад тусалсан Даваасүрэн ахдаа гээд маш олон хүндээ баярлалаа. Би чадсандаа баяртай байна” хэмээн ярьжээ.
Ийнхүү Ц.Цогтбаатар олимпийн наадмаас медаль хүртэж, дэлхийд нэрээ данслууллаа. Дараагийн удаа Шохэй Онотой олимпийн хүрэл медальт Ц.Цогтбаатар барилдах болно. Тиймээс дараа уулзъя, Шохэй Оно.
Холбоотой мэдээ