Баянзүрх дүүрэг залуусын хөгжил, оролцоог дэмжих зорилгоор хэрэгжүүлж буй бодлого, хөтөлбөрүүдэд залуусын эрх ашгийг хамгаалахад дуу хоолойгоо хүргэн ажиллах дөрвөн элч төлөөлөгчийг сонгосон байна. Батламжийг өнөөдөр /2021.7.26/ тус дүүргийн засаг дарга Н.Баярмөнх гардууллаа.
Элч төлөөлөгчөөр нийгмийн идэвх, оролцоотой, бүтээлч, эерэг өөрчлөлтөд манлайлагч дараах залуусыг сонгожээ.
Номын соёлт ертөнц ТББ-ийн гүйцэтгэх захирал, “Номын баяр”-г санаачлагч Б.Сувд:
-Монгол Улсад залуучуудын байгууллага үүсч хөгжсөний 100 жилийн ой наймдугаар сард тохионо. Тус ойн өдрүүдийг угтан энэхүү үйл ажиллагааг зохион байгуулж, дүүргийнхээ хүүхэд, залуусыг төлөөлж ажиллах боломжоор хангасанд баярлалаа.
Отгонтэнгэр их сургуулийн багш, Залуус өөрчлөлтийн төлөө үндэсний хөдөлгөөний нарийн бичгийн дарга Н.Булгантамир:
-Баянзүрх дүүргийн нийт хүн амын 30 гаруй хувь нь 18-35 насны залуучууд гэсэн статистик бий. Залуучуудын төлөөлж ажиллах хүний хувьд хүний хөгжил, соёл, урлаг, спорт, шинжлэх ухаан, эрүүл мэнд, хөдөлмөр эрхлэлт, сайн дурын ажил, гэр бүлийн боловсрол олгох зэрэг чиглэлд төрөөс гаргаж буй бодлого хөтөлбөр болон Нийслэлийн Засаг дарга, Баянзүрх дүүргийн Засаг даргын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд хамтран ажиллаж, залуусын дуу хоолойг илэрхийлэн оролцоно гэсэн зорилготой байгаа.
Баянзүрх дүүргийн Хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтсийн ахлах мэргэжилтэн, дүүргийн сайн дурын төвийн ерөнхий зохицуулагч М.Бат-Эрдэнэ:
-Залуусыг төлөөлж ажиллах элч төлөөлөгчөөр сонгогдсондоо баяртай байна. Дүүргийнхээ залуустай холбогдож, ажиллах хөдөлмөрлөх мөн тулгамдаж байгаа бусад асуудлыг шийдвэрлэхэд гар бие оролцох болно.
Монголын Улаан загалмай нийгэмлэгийн хүүхэд, залуучуудын хөтөлбөрийн ахлагч С.Намсрайжав:
-Хүн амын дийлэнх хувийг эзэлж буй залуучуудын эрхийг хамгаалах үйл ажиллагаанд оролцох боллоо. Цаашид залуучуудын хувь хүний хөгжил, сайн дурын ажил эрхлэх оролцоог нэмэгдүүлэхэд анхаарч ажиллана. Мөн хамгийн чухал нь залуусын дуу хоолойг төрд хүргэх гүүр байхыг бид эрмэлзэж ажиллана гэсэн төлөвлөгөөтэй байгаа.
Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хуулиар олгогдсон эрх үүргийн хүрээнд бүх шатны Засаг дарга нутаг дэвсгэр дэх “Залуучуудын салбар зөвлөл”-ийг тэргүүлэн ажиллах бөгөөд Баянзүрх дүүргийн засаг дарга Н.Баярмөнх тус зөвлөлийн үйл ажиллагааг идэвхжүүлж цаашид элчээр сонгогдсон залуучуудтай хамтран, санал санаачилгыг нь дэмжиж ажиллахаа илэрхийлж амжилт хүссэн юм.
Холбоотой мэдээ