"Сovid-19-ийн тусламж үйлчилгээнд 56 тэрбум төгрөг зарцуулсан"

Хуучирсан мэдээ: 2021.07.26-нд нийтлэгдсэн

"Сovid-19-ийн тусламж үйлчилгээнд 56 тэрбум төгрөг зарцуулсан"

"Сovid-19-ийн тусламж үйлчилгээнд 56 тэрбум төгрөг зарцуулсан"

Эрүүл мэндийн даатгалын сангийн 2021 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын тухай, Эрүүл мэндийн тухай хууль тогтоомжийн биелэлтийг хянан шалгах, эрүүл мэндийн байгууллагуудын үйл ажиллагаатай танилцах үүрэг бүхий НББХ-ны ажлын хэсгийн гишүүд эрүүл мэндийн салбарын төлөөлөлтэй өнөөдөр /2021.07.26/  уулзалт хийж байна.

УИХ-ЫН ГИШҮҮН С.ЧИНЗОРИГ: 

-Нэгдүгээрт, эрүүл мэндийн салбарынхан даатгалын сангаас санхүүжилт бүрэн авч чадахгүй гэж яриад байна. Энэ бодитой юу. Хоёрдугаарт, Эрүүл мэндийн сайд долдугаар сарын нэгнээс хоёр дахин нэмэгдүүлнэ гэсэн хамтын гэрээ байгуулсан байна. Засгийн газар цалин нэмэгдүүлэхийг зөвшөөрч байгаа юм уу. Хамтын гэрээнд өөрчлөлт оруулсан салбарын хэлэлцээрийг Хөдөлмөрийн яам бүртгэж авсан  уу. Төсвийн тодотголоор баталсан санхүүжилтийг олгох чадвар байна уу.

ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД С.ЭНХБОЛД:  

-Долдугаар сарын 1-нээс эхлэн хоёр дахин нэмэгдүүлэх ямар бололцоо байна. Энэ чиглэлээр хамтарч ажиллана гэдэг заалтыг оруулсан. Хамтарч цаашид нэмэгдүүлэх ямар боломж байна, зохих шатны байгууллагад судалгаа гаргана.

Төсвийн тодотголд 494 тэрбумыг эрүүл мэндийн салбарт зарцуулна гэж тусгасан. Энэ нь зөвхөн цар тахлын тусламж үйлчилгээнд тусгана гэж заасан. Өнөөдрийн байдлаар Сovid-19-ийн тусламж үйлчилгээнд 56 тэрбум төгрөг зарцуулсан байна. Он дуустал цар тахлын тусламж үйлчилгээнд хэвтэн эмчлүүлж буй болон, гэрийн хяналтад буй иргэдэд хоёр сайдын хамтарсан тушаалаар санхүүжих урьдчилсан тооцоо гаргаж оруулсан. Үүнийг С.Чинзориг гишүүн буруу ойлгоод байх шиг байна.

494 тэрбум төгрөгийг зөвхөн цар тахалд зарцуулна гэж тусгаагүй. 234 тэрбумд тоног төхөөрөмж болон шаардлагатай судалгаа, мөн цар тахлын тусламж үйлчилгээнд ажиллаж буй эрүүл мэндийн ажилчдад олгох нэг удаагийн тэтгэмжид зарцуулахаар төсвийн тодотголд тусгасан.

УИХ-ЫН ГИШҮҮН С.ЧИНЗОРИГ:

-С.Энхболд сайдаа та хүний хэлснийг мушгиад байна. Би Сovid-19 гэж ерөөсөө яриагүй. 2020 онд 617 тэрбум төгрөгийн үлдэгдэлтэй гарсан. Тэрний 287 тэрбумыг энэ жилийн төсөвтөө тусгаад үлдэгдлээ санхүүжүүлээд явсан. 617 тэрбумаас 330 тэрбум байгаа. Тэгэхээр саяын төсвийн тодотголоор нэмж санхүүжилт ЭМД-аас олгохоор баталсан. Тэрийгээ ЭМД сан дааж гаргаж чадах уу гэж асууж байхад өөдөөс цар тахалд зарцуул гэсэн юм яриад байх юм. Тэрийгээ л хэл.

Засгийн газар долдугаар сарын 1-нээс цалинг хоёр дахин нэмнэ гэсэн хамтын хэлэлцээр байгуулчихаж ээ. Түүнийг байгуулахдаа Засгийн газраас чиглэл авсан юм уу. Та намайг буруу ойлгосон гээд байх юм. Бидний дэмжлэгийг аваад хуулиа сайжруулах гээд байгаа биз дээ. ЭМД сантай уялдаад өрхийн эмнэлэг, сумын эмнэлэг гүйцэтгэлээр цалингаа авах боломж нь байгаа юу.

УИХ-ЫН ГИШҮҮН Ц.САНДАГ-ОЧИР:

-Нийгэм хүлээлттэй байна. Өнөөдрийн ажлын хэсгийн гол зорилгыг зөв ойлгуулахгүй бол, цалин нэмэгдүүлэх асуудлыг ярьж байна. Намрын чуулганаар цалинг нэмэх юм байна гэдэг ойлголт төрчих вий. УИХ хурал цалин нэмдэг институци биш. Цалин нэмэх асуудал Засгийн газрын асуудал. Энд байгаа гол зорилго юу байгаа вэ гэвэл батлагдсан хуулиудын хэрэгжилт ямар байгаа юм. Энэ эмнэлгүүд менежменттэй ажиллаж байна уу гэдгийг ярих хэрэгтэй.

Засгийн газарт мөнгө байхгүй. Улсын төсөвт тодотгол хийсэн. Эрүүл мэндийн салбар болон бусад бүх салбарын урсгал зардлыг 700 гаруй тэрбум төгрөгөөр танасан. Гэтэл эмч, ажилчдын цалин нэмэгдэхгүй байна гэдэг шалтгаан нь юу юм. 2014 оноос хойш эрүүл мэндийн салбарынхны цалин нэмэгдээгүй байсан. Тухайн үед сувилагч 470 мянган төгрөгийн цалин авч байсан байжээ.  Өнөөдөр их эмч 1.3 сая, сувилагч 1.1 сая төгрөг авдаг гэж мэдүүлсэн байна.

ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД С.ЭНХБОЛД:

-2015 оноос хойш цалин нэмэгдээгүй, 2019 оноос нэмэгдсэн. Нэг эмчийн цалин 1.3 сая гэдэг нь бүх нэмэгдэлтэйгээ орсон дүн. Үндсэн цалин нэмэгдсэн юм биш. Одоогийн нөхцөл байдалтай уялдвал эрүүл мэндийн салбарынхны цалин доод түвшинд байна. Төсвийн тодотголын 45.6 тэрбумын эрх нь нээгдээгүй байна.

ХСҮТ-ИЙН ЕРӨНХИЙ ЗАХИРЛЫН ҮҮРГИЙГ ГҮЙЦЭТГЭГЧ Н.ЭРДЭНЭХҮҮ

-Өнгөрсөн оны даатгалын хуульд өөрчлөлт орсон шинэчлэлийн үр дүн эрүүл мэндийн салбарын хамгийн том реформ болсон. Гүйцэтгэлээр санхүүжсэнээр шууд цалин нэмэгдээд бүх юм сайхан болсон юм шиг зураг харагдаж магадгүй.

Нэгдүгээрт, гүйцэтгэлийн санхүүжилт энэ жилийн төсөвт суурилсан. Хавдар судлалын үндэсний төв энэ жил 28 тэрбумын төсөвтэй байсан бол даатгалаас үндсэн ихэнх санхүүжилт буюу 60 хувийг нэмэгдэлгүйгээр гүйцэтгэл гэдэг хэлбэрээр орж ирсэн. Өндөр өртөгтэй юм уу иргэн төлдөг байсан хувиуд хавдар 100 хувь төрөөс даачихсан учраас ачаалал нь нэмэгдчихсэн. Гэсэн мөртлөө тэр санхүүжилтийн нэмэгдэл орж ирээгүй. Харин ЭМД-ын газарт ачаалал болон ирж байгаа гэж ойлгож байна. Үнэ нэмэгдсэн олон жишээ байна. Жишээ нь Альбумин гэхэд өнгөрсөн оноос 20 хувь нэмэгдсэн.

СҮХБААТАР НЭГДСЭН ЭМНЭЛГИЙН ДАРГА М.ЧИМГЭЭ:
-Эмч нар цалингаа нэмүүлнэ гэдэг ч ажлаа хаялгүй, хийж байна. Амьсгалын аппаратаа салгачихаад талбай дээр очсон хүн байхгүй шүү. Нөгөө талаар амьдрах чадвартай эмнэлэг бидэнд хэрэгтэй. Зах зээлийн нийгэмд эмнэлгүүд амьдрах чадвартай баймаар байна. Ийм эмнэлэгтэй болохын тулд нэгдүгээрт ДНБ-д эзлэх хувийг үндсэн тусламж үйлчилгээнд таван хувь болгоод өгчих. ЭМД үндсэн тусламж үзүүлэх санхүүжүүлэх зорилготой гэж үздэг. Өөрөөр хэлбэл Covid-19-ийн зардлыг санхүүжүүлэх биш, бидний үндсэн тусламж үйлчилгээг санхүүжүүлэх зорилготой сан гэж ойлгодог. ЭМД-ын зөвлөлөөс суурь тарифыг баталж өгсөн. Үүнийг инфляцтай холбож өгөөч ээ. Хэрвээ бид зах зээлийн эдийн засгийн харилцаанд орчихоод инфляцад тулгуурласан тарифтай байсан бол бид өнөөдөр айж чичрэхгүй.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж