Токио 2020 олимпийн сагсан бөмбөгийн тоглолтууд өнөөдөр/2021.07.26/ үргэлжлэн явагдаж байна. Энэ өдрийн онцлох тоглолт Словени болон Аргентины шигшээ багуудын хооронд өрнөв.
Тоглолтын эхнээс 2017 оны ЕвроБаскетын аваргууд тэргүүлж эхэлсэн. Хэдийгээр шигшээ багийнх нь гол хүн Горан Драгич байхгүй ч энэ улирал NBA-д гайхалтай улирлыг өнгөрүүлсэн Лука Дончич шилдэг тоглолтоо үзүүллээ. Өдгөө 22 настай тэрбээр олимпийн наадмын анхны тоглолтондоо 48 оноо, 11 самбараас бөмбөг авалт, таван ашигтай дамжуулалт толилуулжээ. Аргентины шигшээ дөрвөн үеийн турш оноо дутуу явсаар 118-100 гэсэн харьцаатай ялагдлаа.
Бразилын домогт Оскар Шмидт олимпийн түүхэнд нэг тоглолтод хамгийн олон буюу 55 оноо авсан байдаг. Лукад энэ амжилтыг эвдэх боломж байсан ч тэрбээр тоглолтын дөрөвдүгээр үеийн төгсгөлд талбайд гараагүй.
Энэ тоглолтод Майк Тоби хэмээх 26 настай Словени залуу сайн тоглолтыг үзүүлсэн. Түүний хувьд 63 хувьтай довтолж, 11 оноо, 14 самбараас бөмбөг авалттай тоглолтыг дуусгажээ. Харин Аргентинаас Луис Скола 23 оноо, Кампаццо 21 оноо тус тус авчээ.
Аргентины шигшээ баг дараагийн тоглолтоо долдугаар сарын 29-ний өдөр Испанийн эсрэг хийх бол Словени мөн энэ өдөр Японы эсрэг тоглох болно.
Холбоотой мэдээ