ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин “Манай улсын тэнгисийн цэрэг усан доор болон дээр, эсвэл агаарт буй дайсны алиныг ч илрүүлэх хүчин чадалтай бөгөөд хэрэв шаардлагатай гэж үзвэл урьдчилан тооцоолох аргагүй цохилтыг өгч чадна” гэж мэдэгдлээ. Тэрбээр өнгөрөгч Ням гаригт Тэнгисийн цэргийн өдрийг тохиолдуулан Санкт Петербург хотноо зохион байгуулсан парадын үеэр ийн мэдэгджээ. Энэ мэдэгдлээс сар гаруйн өмнө Их Британийн байлдааны хөлөг онгоц Крым хойгийг давж, ОХУ-ыг хилэгнүүлж байв. Тиймээс үүнд сануулга болгох үүднээс Путин хатуухан мэдэгдэл хийв.
Тэрбээр өнгөрсөн зургадугаар сард Хар тэнгисийн хойгт ОХУ болон Их Британийн байлдааны хөлөг онгоцуудын дунд үүссэн хэрэг явдлын талаар мөн дурдсан байна. Крым хойгийн нэг хэсэг Хар тэнгисийн бүс рүү нэвтэрсэн Их Британийн байлдааны хөлөг онгоц руу анхааруулах гал нээж, бөмбөг хаян бүсээс хөөж гаргасан гэжээ. Харин ОХУ-ын талын уг мэдэгдлийг Их Британи үгүйсгэж, “Бидний мэдэж буйгаар Оросын тэнгисийн цэрэг тэр өдөр буудлагын дасгал сургуулилалт хийж байсан бөгөөд бөмбөг хаясан ямар ч үйл явдал болоогүй” гэж мэдэгдсэн юм.
Крымийн хойг 2014 онд Украинаас салж, ОХУ-д эргэн нэгдсэн ч Их Британи зэрэг дэлхийн олон улс орон үүнийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа билээ. Харин ОХУ-ын хувьд эзэмшлийн бүс нутаг руу нь хууль бусаар нэвтэрсэн Их Британийн “HMS Defender” байлдааны хөлөг онгоцыг дайн дажин бололгүй живүүлж чадна гэдгээ сар гаруйн өмнө мэдэгдсэн. Түүнчлэн энэ өдөөн хатгалгад АНУ-ын оролцоо байсан гэдгийг онцолж байв.
С.НАРАНГАРАВ
ЭХ СУРВАЛЖ: EUROPE POLITICS