УДШ-ээс АН-ын асуудлыг яаралтай шийдэхийг шаардлаа

Хуучирсан мэдээ: 2021.07.26-нд нийтлэгдсэн

УДШ-ээс АН-ын асуудлыг яаралтай шийдэхийг шаардлаа

УДШ-ээс АН-ын асуудлыг яаралтай шийдэхийг шаардлаа

Ардчилсан намын дарга С.Эрдэнэ, тус намын нарийн бичгийн дарга О.Баасанхүү нар өнөөдөр /2021.07.26/  цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Тэрбээр,  Улсын дээд шүүхийн цахим бүртгэлийн сайтаас С.Эрдэнийн нэрийг хассан шүүгч Х.Сонинбаярыг Ёсзүйн хороонд өгөхөд “эрх мэдлээ ашиглсан” гэдэг дүн гарч, сахилгын шийтгэл оногдуулсан. Харин шүүгч Х.Сонинбаяр сөрөг нэхэмжлэл гаргасан. Уг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон талаар мэдээлэлдээ онцоллоо.

Ардчилсан намын гишүүн С.ЭРДЭНЭ:

-Өнөөдөр хууль ёсны эрх бүхий Ардчилсан нам үйл ажиллагаа явуулж байгаа гэдэг шүүхийн тогтоол гарсан. Ер нь бол Монголд хуулийг гуйвуулах, үл хэрэгжүүлэх, эрх мэдэл албан тушаалаа ашиглаж, хуульгүй мэт аашлах асуудал ердийн мэт болсон.  Х.Сонинбаяр гэж шүүгч бол Салхитын мөнгөний ордтой холбоотой хэрэгт холбогдон, шалгаж байгаад буцаж албан тушаалдаа томилогдсон бөгөөд улс төрийн ямар нэг үйл ажиллагаанд ашигласан байх магадлалтай гэж миний хувьд хардаж байна. Хууль бус үйлдэл хийснийхээ төлөө өөрөө хохирч үлдэж байна. Улс төрийн намын хуульд намын даргыг бүртгэхдээ Улсын дээд шүүхийн бүрэлдэхүүний хуралдааны шийдвэрийг үндэслэж, Улсын бүртгэлд бүртгэсний дагуу намын дарга үйл ажиллагаагаа явуулдаг. Өнөөдөр ч Улсын бүртгэлийн гэрчилгээ С.Эрдэнэ гэдэг хүний нэр дээр хэвээрээ байгаа. Бид хуулийн дагуу намын дүрмийн дагуу дараагийн Ардчилсан намын даргаа бүртгүүлэхээр Улсын дээд шүүхэд хандсан ч бүртгээгүй. Өнөөдөр Улсын дээд шүүхийн шүүгчдийн гаргаж байгаа энэ үйлдлүүдийг хараад гайхаж байна. Цагаан цаасан дээр хараар бичсэн хуулийг үл тоон, намын дотоод зөрчилтэй хэмээн буцааж байгаа Улсын дээд шүүхийн шийдвэрийг гайхаж байгаа юм. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шийдвэр, цаашид Улсын дээд шүүхийн процесс үргэлжлэх бөгөөд гэм хор арилгах, хуулийн дагуу хариуцлага тооцох асуудлыг тавина. Цаашид ийм асуудал гаргуулахгүй байхын тулд үндсийг нь таслан зогсоох ёстой. Үндсэн хуульд зөвхөн хууль ёсны дагуу ажиллах зохицуулалтыг умартаж, хууль зөрчсөн, хуулийг уландаа гишгэж байгаа хүмүүст бид хариуцлага тооцдог байх ёстой. Өнөөдөр Ардчилсан намын хууль ёсны дагуу явагдаж байгаа үйл ажиллагаанд саад учруулж, хууль бус аргаар тэмцэж байгаа бүхэнтэй бид тэмцэх болно. Нэн тэргүүнд АН өөрт учирсан хохирлыг арилгах, эрх бүхий албан тушаалтнуудын зориудаар хийсэн АН-ын эв нэгдлийг устгах, үйл ажиллагааг саармагжуулах хэсэг бүлэг хүмүүстэй тэмцэх болно” гэлээ.

АН-ын гишүүн О.БААСАНХҮҮ:

-Х.Нямбаатар сайд шүүгч нарын талаар тодорхой мэдээллүүд хийж байсан ч нэг ч шүүгчид хариуцлага тооцоогүй. Шүүгч нар нь нэр төрөө сэргээгүй. Тэгэхээр эдгээр шүүгчид барьцаалагдсан гэж бид үзэж байгаа юм. Тэдний нэг нь Салхитын мөнгөний ордтой холбоотойгоор хэрэгт буруутган шалгаж, хоёр жил ажилгүй байлгаж байгаад ажилд нь буцааж томилсон байдаг. Тиймээс барьцаалагдсан шүүгч болсон уу гэж харж байна. Тиймээс Улсын дээд шүүх яаралтай хуралдаанаа хийж, Ардчилсан намын асуудлыг  ирэх наймдугаар сарын 10-аас өмнө шийдэхийг шаардаж байна. У.Хүрэлсүх Ерөнхийлөгчөөс асуумаар байна. Та бүх зүйлд хууль засагламаар байна гэж хэлсэн. Тэгвэл Улсын дээд шүүхийн шүүгчдээ улстөрчдийн халааснаас гаргаж, хуулийг засаглуулаач гэж хүсмээр байна.

С.ЭРДЭНЭ НӨХӨН СОНГУУЛЬД НЭР ДЭВШИХГҮЙ ГЭВ

Ардчилсан намын хувьд ирэх аравдугаар сард Хэнтий аймаг, Сонгинохайрхан дүүрэгт нөхөн сонгууль болох гэж байгаатай холбогдуулан тодорхой уулзалтууд хийж, нөхөн сонгуулийн бэлтгэл ажилдаа орж байгаа юм байна.

Ийн мэдээллийн дараа сэтгүүлчдийн асуултад хариулт өглөө.

-Ардчилсан намын Үндэсний бодлогын хороо хэзээ хуралдаж, та хэзээ хариуцлага хүлээх вэ?

-Үндэсний бодлогын хорооны хуралдааныг хуралдуулахаар бэлтгэлийг хангаж байна. Бэлтгэл хангагдвал хурлаа хийнэ. Бид наймдугаар сарын эхээр ҮБХ хуралдуулах товтой байна. Би хариуцлагаа хүлээгээд ажлаа өгчихсөн. Би хариуцлага хүлээх гэсэн Улсын дээд шүүх гацаачихсан. АН-ын удаа дараагийн ҮБХ-ны хурлын шийдвэр, хоёр Их хурлаас гаргасан шийдвэрийг Улсын дээд шүүх хүлээж авахгүй, гацааж байна. Ардчилсан намын шат шатны байгууллага бүх зүйлийг хуулийн дагуу зохион байгуулж байгаа. Миний хувьд АН-ын дараагийн даргыг бүртгүүлэх хүсэлтээ удаа дараа өгсөн ч Улсын дээд шүүх хүлээж авахгүй өдийг хүрсэн. Улсын дээд шүүх Улс төрийн намын тухай хуулийн дагуу зөвхөн бүртгэлийн үйл ажиллагааг л явуулна. Гэтэл хууль зөрчсөн тайлбар өгөөд байна. Манай намын дотоод зөрчлийг Улсын дээд шүүх хянан хэлэлцэхгүй.  Би хариуцлагаас зугатаагүй, бүх боломжит алхамыг хийсэн.

-Ирэх намар болох нөхөн сонгуульд та өрсөлдөх үү?

-Нөхөн сонгуульд би нэр дэвшихгүй. Намын Үндсэн дүрмээр тухайн аймаг, дүүргийн Ардчилсан намын шийдвэрийг үндэслэж, Үндэсний бодлогын хороо шийдвэрлэнэ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ТэнэглэлТэнэглэл
5
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж