Узбекистаны гимнастикийн спортын амьд домог Оксана Чусовитина Токиогийн олимпод оролцсоныхоо дараа зодог тайлж буйгаа зарлалаа. Өдгөө 46 настай тэрбээр анх 1992 оны Барселонагийн олимпод оролцож байсан бөгөөд тэр цаг үеэс хойш нэг ч олимп алгасалгүй найм дахь олимпдоо оролцжээ.
Тэрбээр өчигдөр/2021.07.06/ явагдсан гимнастикийн эмэгтэйчүүдийн үсрэлтийн төрөлд 14 дүгээр байр эзлэн дараагийн шатанд шалгарах боломжгүй болж, тэмцээнээ өндөрлүүлжээ. Түүнийг цэнгэлдэхийг орхин явахад өрсөлдөгч нар нь баяр хүргэн алга ташиж, хүндэтгэл үзүүлжээ. Оксана хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Миний баярын нулимс гарч байна. Намайг маш олон хүн удаан хугацаанд дэмжлээ. Би амьд байна. Жаргалтай байна. Ямар ч бэртэл гэмтэлгүй энд зогсч байна. Би өөрөөрөө зогсч байна” гэжээ.
Оксана найман олимпод оролцохдоо 1992 онд багийн төрөлд ЗХУ-ыг төлөөлөн алтан медаль хүртэж байжээ. Мөн тэрбээр дэлхийн аваргын 11 медальтай бөгөөд үүний дөрөв нь алтан медаль гэнэ.
2020 онд Оксана Чусовитина Узбекистаны “Өнгөрсөн арван жилийн шилдэг тамирчин”-аар тодорчээ.
Оксанагийн хүү 2002 онд цус багадалттай хэмээн оношлогдож, тэрбээр хүүгийнхээ төлөө Германы тамирчин болж байжээ. Герман улсыг төлөөлөн олон улсын тэмцээнүүдээс медаль хүртэж, шагналынхаа бүхий л мөнгийг хүүгийнхээ эмчилгээнд зориулсан аж. Тэрбээр энэ талаараа дурсан ярихдаа “Хэрэв цаг хугацаагаар аялах боломжтой болвол хүүгээ өвчин туссан тэр үе рүү хэзээ ч буцаж очихгүй. Түүнээс бусад үе рүү дуртайяа аялна” гэжээ.
Оксанагийн хувьд ЗХУ, Узбекистан, Герман зэрэг гурван улсыг төлөөлөн тив дэлхийн тэмцээнүүдэд оролцож байсан түүхтэй. Тэрбээр 2006-2012 онуудын хооронд Германыг төлөөлж, 2013 оноос эхлэн Узбекистаны иргэншлээ сэргээн, төрсөн эх орныхоо төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэжээ.
Холбоотой мэдээ