Улаанбаатарын гурван байршилд “Өглөөний гудамж” нээнэ

Хуучирсан мэдээ: 2021.07.26-нд нийтлэгдсэн

Улаанбаатарын гурван байршилд “Өглөөний гудамж” нээнэ

Улаанбаатарын гурван байршилд “Өглөөний гудамж” нээнэ

“Өглөөний Улаанбаатар” төсөл,  хөтөлбөр долдугаар сард багтаж эхлэх төлөвлөгөөтэй байгаа тухай нийслэлийн өмчит Улаанбаатар хөрөнгө оруулалт, менежмент ҮЦК компаниас мэдээлсэн. Төслийн хүрээнд нийслэлд жишиг гудамж байгуулж, иргэд өглөөний 06.00-09.00 цаг болон оройн цагаар төрийн үйлчилгээ авах, худалдаа хийх, гүйх, амжилттай яваа хүмүүсийн лекц, сургалтад суух, сонирхлын бүлгийн уулзалт зэргийг зохион байгуулахаар төлөвлөжээ.

Улаанбаатар хот өглөөний гудамжтай болно

Улаанбаатар хот өглөөний гудамжтай болно

Posted by News.mn on Sunday, July 25, 2021

Төсөл хэрэгжүүлснээр иргэд “Өглөөний гудамж”-аар үйлчлүүлэхдээ үнэгүй WiFi-тай орчинд төрийн үйлчилгээний мэдээлэл авах боломжтой. Нийт гурван газарт жишиг гудамж бий болгохоор ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар Жуулчны гудамж буюу хуучнаар гутлын 22 дугаар байрны урд замын тохижилтын ажил дуусч байгаа юм байна. Жишиг гудамжийг Жуулчны гудамж, Жамьян-Гүний гудамж, Ерөнхий сайд А.Амарын гудамж зэрэг байршилд бий болгож байгаа. Гэхдээ жишиг гудамж өдөр бүр цагийн хязгаарлалттай байх боломжгүй. Тиймээс тодорхой өдрийн зохицуулалтыг хийсэн байна.

Тухайлбал, Жуулчны гудамж Даваа, Лхагва, Баасан гаригт, Жамьян-Гүний гудамж амралтын өдрүүдэд өглөө 06.00-09.00 цагт, Ерөнхий сайд А.Амарын гудамж Баасан, Бямба, Ням гаригийн оройн 20.00-00.00 цаг хүртэл иргэдэд нээлттэй байхаар тооцжээ.

ЖИШИГ ГУДАМЖИД ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛАХ ААН-ҮҮДЭД ТОДОРХОЙ МЭДЭЭЛЭЛ ӨГӨӨГҮЙ

-Монгол Улсад өглөө эрт үйл ажиллагаа эхэлдэг байгууллага, кофе шоп тун ховор. Цөөхөн байсан ч тэдгээр газруудаар үйлчлүүлэх хүн байдаггүй. Жишиг гудамж гэж тусгайлан нэр зааж гаргаснаар тухайн цагийн хязгаартай хугацаанд автомашины хөдөлгөөнийг хязгаарлаж, дугуйн болон бусад эко тээврийн хэрэгслийг дэмжих, урлаг, спортын арга хэмжээнд хамрагдах, сургалт, уулзалт зохион байгуулах, гудамжны номын сангаар үйлчлүүлэх боломжтой болж байгаа нь таалагдаж байгаа. Гадаадын улс оронд олон үйлчилгээ үзүүлдэг томоохон гудамжнууд байдаг шүү дээ. Гэхдээ өглөөний гудамжны үйл ажиллагаа, цаг хуваарийн талаар бидэнд мэдээлэл өгөөгүй. Хэрэв өглөө 06.00 цагт нээх нь үнэн бол нийслэлээс бидэнтэй гэрээ хийж, манай байгууллагын удирдлагууд ажилчдынхаа тоог нэмэх, шинээр цэс гаргах зэрэгт анхаарч ажиллана. Сошиалаар л сүрхий шуугиад байгаа болохоос тодорхой мэдээлэл бидэнд ирээгүй байна.

Өглөөний гудамж байгуулж, иргэдэд тав тухтай үйлчилгээ үзүүлэх тал дээр анхаарч ажиллахыг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар үүрэг болгосон. Нийслэлээс тохижилтын ажилд тодорхой хэмжээний төсвийг зарцуулж байгаа ч менежментийн компаниуд өөрсдөө гудамжны тохижилтыг сайжруулах боломжтой аж.

Дээрх гурван байршилд жишиг гудамж бий болгох хэдий ч гэрэлт гудамж шиг их хэмжээний өртөг шаардахгүй бүтээн байгуулалт болно гэдгийг албаны хүн онцолсон юм. Иргэдийн зүгээс тус гудамжинд байрлах үйлчилгээний цэгүүдээс цагийн хуваарийг ихэвчлэн асууж байгаа бөгөөд эрт нээнэ гэдгийг сонсоод баярлах хүн цөөнгүй байгаа харагдлаа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
19
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж