"Зүлгэн дээр зорчсон жолоочид зөрчлийн хэрэг нээжээ"

Хуучирсан мэдээ: 2021.07.26-нд нийтлэгдсэн

"Зүлгэн дээр зорчсон жолоочид зөрчлийн хэрэг нээжээ"

"Зүлгэн дээр зорчсон жолоочид зөрчлийн хэрэг нээжээ"

Хан-Уул дүүргийн нутаг Яармагийн замд өнгөрсөн Баасан гаригт ачааны машины жолооч нар хашлага давж, зүлгэн дээр зорчсон. Зөрчил гаргасан жолооч нарт Тээврийн цагдаагийн албанаас Зөрчлийн хэрэг нээн шалгаж буй талаар мэдээлсэн юм. Тодруулбал, Хан-Уул дүүргийн нутаг Яармагийн замын тусгаарлах хэсэгт 61-74 УБТ, 58-80 УББ дугаартай тээврийн хэрэгслийн жолооч нар энэ сарын 23-нд 16.00 цагийн үед хашлага давжээ. Энэ талаар Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах зохицуулагч, цагдаагийн хошууч А.Нямдоржоос тодрууллаа

Ачааны автомашины жолооч нар зүлгэн дээр зорчсон зөрчилд ямар хариуцлага тооцсон бэ. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юу?

-Тээврийн цагдаагийн албанаас ачаа тээврийн автомашины жолооч нарт Зөрчлийн хэрэг нээн шалгаж байна. Зөрчлийн тухай хуулийн 14.4.1-т заасны дагуу хариуцлага тооцно. Өнгөрөгч Баасан гаригт /2021.07.23/ Яармагийн зам дээр 16:00 цагийн үед 61-74 УБТ "миксер" загварын ачааны машин, 58-80 УББ улсын дугаартай “Хово” загварын автомашины жолооч нарын зөрчил гаргасан талаар иргэдээс гомдол мэдээлэл ирсэн.

Энэ дагуу Тээврийн цагдаагийн албаны Зөрчил хянан шалгах хэлтсээс Зөрчлийн хэрэг нээн шалгаж байна. Мөн уг зөрчлийг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба руу шилжүүлсэн. Тус албанаас ногоон байгууламжийн хохирлыг тогтоосны дараа аж ахуйн нэгжид нь хариуцлага тооцно.

Жолооч нар зөрчил гаргасан талаар ямар тайлбар өгч байна. Өмнө нь нийтийн эзэмшлийн ногоон байгууламжийг автомашины жолооч нар эвдэж сүйтгэсэн зөрчил бүртгэгдэж байсан уу?

-Яармагийн замын 3,4 дүгээр эгнээнд  хоёр автомашин хоорондоо мөргөлдөж, улмаар зорчиж явсан хоёр автомашин мөргөлдсөн осол гарч түгжрэл үүссэн. Гэтэл ачааны автомашины жолооч нар яарснаас болж зүлгэн дээгүүр зорчсон. Мөн түлш нь дуусч байсан тул замын хажууд зогсохгүй гэж бодохдоо хашлага давсан гэх тайлбарыг хэлж байгаа юм. Тиймээс биш цагдаагийн албан хаагч ачааны машины жолооч нарыг хашлага дав гэж дохиж зангасан үйлдэл хийгээгүй. Тухайн үед хөдөлгөөнд саад учруулсан тээврийн хэрэгслүүдийг замаас гаргасан.

Жолооч нар автомашины осол, түгжрэлээс болж хашлага давсан гэсэн үг үү?

-Тийм. Тухайн үед зөрчил гаргасан ачааны машины жолооч нар яарсан тул хашлага давж, зүлгэн дээр зорчсон гэдгээ хэлсэн. Дараа нь зам дээр ослын улмаас түгжрэл болсныг нь мэдсэн гэдгээ хэлсэн.

“Хово” загварын ачааны машины жолооч зүлгэн дээр зорчиход араас нь "миксер" загварын ачааны машин дагаад хашлага давсан байгаа юм. Тэд замыг тойрч зүлгэн дээр зорчиж болно гэж бодохдоо зөрчил гаргаснаа хэлж, уучлалт гуйсан. Уг нь хүнд даацын тээврийн хэрэгслийн жолооч нар замын гурав, дөрөвдүгээр эгнээнд зорчих ёсгүй. Ийм зөрчлийг камерын хяналтаар илрүүлдэг.

Зөрчил гаргасан жолооч нар архи согтууруулах ундаа хэрэглэсэн байсан уу?

-Жолооч нар согтууруулах ундаа хэрэглээгүй байсан. Харин маргааш өглөө нь 61-74 УБТ улсын дугаартай "миксер" загварын ачааны машины жолооч нь хувийн тээврийн хэрэгсэл жолоодож, цагдаагийн байгууллагад мэдүүлэг өгсөн. Ингэхдээ өмнөх өдрийн орой нь согтууруулах ундаа хэрэглэсэн архи нь гараагүй мэдүүлэг өгсөн тул журамлуулж, жолооны эрхээ хасуулсан. Энэ бол барилга байгууламж эвдэж, замын хашлага даван нийтийн эзэмшлийн ногоон байгууламж сүйтгэснээс тусдаа хэрэг юм. Замын байгууламж эвдэж сүйтгэсэн хэрэгт тусад нь Зөрчлийн хэрэг үүсгэж хариуцлага тооцно гэдгийг хэлье. Ер нь цагдаагийн байгууллагад суудлын болон хүнд даацын автомашин нийтийн эзэмшлийн ногоон байгууламж дээр зорчсон зөрчил өмнө нь бүртгэгдэж байгаагүй. Замын шон мөргөх, бордюр давсан зөрчил гарч байсан.


Зөрчлийн тухай хуулийн 14.4.1-т "Авто зам, замын байгууламжийг эвдэж, гэмтээсэн, эсхүл ашиглах боломжгүй болгосон бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно" гэж заажээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
БурууБуруу
4
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж