Энэтхэг улсын баруун эрэг дагуу нутагт өнгөрсөн долоо хоногийн Пүрэв гаригаас эхлэн их хэмжээний аадар бороо орж эхэлсний улмаас голууд үерлэж, хөрсний гулгалт үүссэний улмаас олон хүн амиа алджээ. Үерт өртөж, амиа алдсан хүний тоо өчигдрийн/2021.07.25/ байдлаар 159 болж нэмэгдсэн байна.
Мөн олон арван хүн одоог болтол сураггүй алга болжээ. Аадар бороо ойрын өдрүүдэд үргэлжлэн орохыг төлөвтэй байгааг цаг уурын агентлагууд анхааруулж байна.
Энэтхэгийн баруун Махараштра мужид нийт 149 хүн амиа алдсаны 40 гаруй нь Мумбай хотоос 250 км зайтай Талие тосгонд үүссэн хөрсний томоохон гулгалтад дарагджээ. Тус тосгонд 24 цаг тасралтгүй бороо орсны дараа голын усны түвшин зургаан метрээр нэмэгдсэн гэнэ.
Энэ жилийн хувьд дэлхий даяар үерийн гамшиг нүүрлэж байгаа ба үүний гол шалтгаан нь дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлт гэж мэргэжилтнүүд харж байна. Дэлхийн улс орнууд уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг хүчин чармайлтаа нэмэгдүүлэхгүй бол цаашид байгалийн гамшгийн давтамж ойртсоор байхыг анхааруулжээ.
Эх сурвалж: India Today
Холбоотой мэдээ