Олимпийн буудлагын спортын тэмцээнүүд ид өрнөж байгаагийн хажуугаар Монголын баг тамирчидтай холбоотой асуудал үүссэн. Тодруулбал, эмэгтэйчүүдийн хийн гар бууны 10 метрийн төрөлд өрсөлдсөн Ц.Анударь багшгүй олимпод явсан гэв. Энэ талаар Монголын буудлагын холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Лхамсүрэнгээс тодруулга авсан юм.
Тэрбээр ярихдаа “Манайхаас дөрвөн тамирчин эрх аваад явсан. Тэднийг дагалдаж хоёр дасгалжуулагч эсвэл албаны хүн явах квот, эрхтэй байдаг. Холбооны зүгээс хоёр дасгалжуулагч явуулах шийдвэр гаргасан. Дөрвөн тамирчны дөрвөн дасгалжуулагчийг явуулъя гэтэл бидэнд цаанаасаа хоёр л квот ирсэн. Тиймээс квотын дагуу шигшээ багийн дасгалжуулагч Л.Ундралбат болон Ж.Ганхуяг нарыг явуулсан. Харин Э.Даваахүүгийн дасгалжуулагч Ц.Өлзийбаяр болон Ц.Анударийн дасгалжуулагч Д.Лхадорж нар яваагүй. Манай холбооны ерөнхийлөгч ч яваагүй. Шигшээ багийн дасгалжуулагч гэдэг утгаараа Л.Ундралбат дасгалжуулагч зөвхөн О.Гүндэгмаатай л ажиллана гэсэн зүйл байхгүй. Гар бууныхаа гурван тамирчинд адилхан зааж зөвлөөд явна. Харин урт бууны тамирчнаа Ж.Ганхуяг багш хариуцна” гэв.
Тэгвэл Биеийн тамир, спортын улсын хорооноос дараах мэдэгдлийг гаргав.
Мэдэгдэлд “БТСУХ-ны Үндэсний шигшээ багийн бүрэлдэхүүнд урт бууны дасгалжуулагчаар Ж.Ганхуяг, гар бууны дасгалжуулагчаар Л.Ундралбат нар ажилладаг бөгөөд олимпийн наадмыг зохион байгуулах хороо нь нийт эрх авсан тамирчдын 55 хувьд дасгалжуулагчийн квот олгодог журамтай.
Өчигдөр зохион байгуулсан буудлага спортын эмэгтэйчүүдийн хийн гар бууны 10 метрийн дасгалд Ц.Анударь, О.Гүндэгмаа нар зэрэг оролцох үед дасгалжуулагч Л.Ундралбат, тамирчин Э.Даваахүү нар тэмцээний туршид хамт байсан болно. Олимпийн наадмын бэлтгэлийг тамирчдын хүсэлтийн дагуу тус бүр хувийн дасгалжуулагчийн хамт бэлтгэл сургуулилтад хамруулсан.
Ц.Анударийн бэлтгэлийг Д.Лхадорж, О.Гүндэгмаагийн бэлтгэлийг Л.Ундралбат, Э.Даваахүүгийн бэлтгэлийг Өлзийбаяр дасгалжуулагч нар тус тус хариуцан хангасан. Хамтран ажилласан нийт дасгалжуулагч, тамирчдад талархал илэрхийлье.
Монголын гар буучид долдугаар сарын 27-нд 10 метрийн хийн гар бууны холимог багийн дасгалд Ц.Анударь, Э.Даваахүү нар өрсөлдөх бөгөөд долдугаар сарын 30-ны өдөр О.Гүндэгмаа, Ц.Анударь нар спорт гар бууны 25 метрийн дасгалд цэц мэргэнээ сорино” гэжээ.
Холбоотой мэдээ