Гамшгийн эрсдэлийг бууруулах үндэсний зөвлөлийн хурал өнөөдөр /2021.07.26/ болж байна.
Энэ үеэр Шадар сайд С.Амарсайхан ярихдаа "Гамшгийн эрсдэлийг бууруулах, урьдчилан сэргийлэх ажилд төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллагын түншлэл, хамтын ажиллагаа, иргэд, олон нийтийн оролцоо, хүчин чармайлт туйлын чухал" гэдгийг онцолж хэллээ. Тэрбээр "Гамшгийн эрсдэлийг бууруулах Үндэсний зөвлөлийн үйл ажиллагааг шинжлэх ухааны үндэслэлтэй, судалгаа, шинжилгээнд суурилсан цогц төлөвлөгөө гаргаж эрчимжүүлж, иргэдэд гамшгаас урьдчилан сэргийлэх мэдлэг, дадлагыг олгох бэлтгэл, сургуулилтыг тогтмол хийх шаардлага тулгарч байна. Гамшгийг тэсвэрлэх, түүнээс урьдчилан сэргийлэх үндэсний болон орон нутгийн чадавхыг бэхжүүлэх шат дараалсан ажлуудыг хэрэгжүүлж, гамшгийн эрсдэлийн сангийн хуримтлал бий болгох нь зүйтэй" гэв.
НҮБ-ын суурин зохицуулагч Тапан Мишра "Хоёр дахь удаагаа зохион байгуулж байгаа энэ хуралд оролцож байгаад таатай байна. Сүүлийн жилүүдэд гамшгийн тоо ихэссэн. Та бүхэн харж байгаа байх Хятад, Европ, Энэтхэг улсад гамшиг болж байна. Бидний хийж чадах хамгийн сайн арга зам бол гамшгаас урьдчилан сэргийлэх юм" гэдгийг онцлон хэлэв.
ОБЕГ-ын дарга Г.АРИУНБУЯН:
-Сүүлийн жилүүдэд газар хөдлөлтийн давтамж нэмэгдэж байна. Ялангуяа цар тахлын үед эмнэлгийн барилгуудад хяналт шалгалт хийж, газар хөдлөлтөөс урьдчилан сэргийлэх шаардлагатай. Гамшгийн эрсдэлийг бууруулахад хөрөнгө оруулалт маш чухал. Нийслэлийн гамшгийн ослын сан хамгийн өндөр буюу 11.3 тэрбум төгрөг суулгасан. Эхний зургаан сарын байдлаар 1900 гаруй хүний амь нас, 50 гаруй тэрбум төгрөгийн эд хөрөнгийг аварч, хамгаалсан. Тодруулбал, газар хөдлөлтийн давтамж найм дахин өссөн. 2021 гуравдугаар сард 16 аймгийн нутаг дэвсгэрт хүчтэй шуурга болж, их хэмжээний хохирол учруулсан. Мөн 100 мянга гаруй газар хөдлөлт бүртгэгдсэн. Долдугаар сард хамгийн олон буюу 78 удаагийн осол бүртгэгдсэн.
"НИЙТ НАС БАРАЛТЫН 86.5 ХУВЬ НЬ ВАКЦИНЖУУЛАЛТАД ОГТ ХАМРАГДААГҮЙ"
Эрүүл мэндийн сайд С.ЭНХБОЛД:
-Монголд өнөөдрийн байдлаар 156737 Covid-19 халдварын тохиолдол батлагдсан. Үүнээс 2743 нь жирэмсэн эх, нийт тохиолдлын 20 хувь буюу 33448 тохиолдол нь хүүхэд, нийт нас баралт 774 бүртгэгдсэн. Улсын хэмжээнд нийт 77 тусгаарлах байранд 14500 ор дэлгэн ажиллаж байна. Үүнээс 347 орыг эрчимт эмчилгээний чиглэлээр ашиглаж байна. Нийт эрүүл мэндийн салбарын 55 ажилтнаас 13 мянга гаруй ажилчин халдварын улаан бүсэд ажиллаж байна. Улсын хэмжээнд 33 байршилд 43 PCR шинжилгээний аппаратаар авч байна. Монголд 1087 амьсгалын аппарат суурилуулсан. Нөөц 100 гаруй аппарат бий. Харин уушги орлуулагч аппарат гурав байгаа нэг шинэ аппаратыг нийлүүлэхээр хүлээж байна. Хүчилтөрөгчийн 13 үйлдвэр байсан. Өнгөрсөн хугацаанд 16 бэсрэг үйлдвэрийг байгуулж, 10 аппаратыг захиалгад өгсөн. Монголд цар тахлын хоёр давалгаа үүссэн. Эхний давалгаа тавдугаар сарын эхээр болсон бол хоёр дахь давалгаа зургадугаар сарын эхээр болсон. Сүүлийн сар гаруй хугацаанд халдварын тоо эрс буурч, өнөөдрийн байдлаар Улаанбаатарт 500-600 тохиолдол бүртгэгдэж байна. Орон нутагт халдвар нэмэгдэх хандлагатай байна.
Өнөөдрийн байдлаар дэлхийн 124 улс оронд Дельта хувилбар тархаад байна. Эмнэл зүйн шинж тэмдэг хурдан илэрч, эмнэлгийн ачаалал нэмэгдүүлж, эрсдэл нь хоёр дахин нэмэгдсэн. Халдвар авч, эдгэрсэн ч Дельта вирусээр дахин халдвар авах өндөр эрсдэлтэй. Эхний байдлаар Монголд долоон тохиолдол батлагдаад байна. Судалгааны ажил эрчимтэй үргэлжилж, 2000 гаруй сорьцыг шинжилж байна. Гадаадаас ирсэн иргэдийг шинжилгээнд хамруулахад өнөөдрийн байдлаар 22 иргэнээс халдвар илэрсэн. Нийт нас баралтын 86.5 хувь нь вакцинжуулалтад огт хамрагдаагүй байна.
ДЭМБ-ын мэргэжилтэн О.АРИУНТУЯА:
-ДЭМБ-аас дараагийн давалгаанд бэлтгэх үндэсний чадавхыг бэхжүүлэх нь чухал. Цар тахлын үед асуудал бэрхшээл алхам тутамд тулгарч, нөгөө талаас системээ сайжруулах боломжийг олгож байна. Үүнтэй холбоотойгоор цар тахлын үеийн асуудлуудыг шийдвэрлэхийн зэрэгцээ урт хугацааны хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэхэд анхаарлаа хандуулах, гамшгийн эрсдэлийг бууруулах тогтолцоонд хяналт тавих, бүтэц бүрэлдэхүүнийг боловсронгуй болгох шаардлагатай.
Зам, тээврийн хөгжлийн яамнаас гамшиг ослын мэдээлэл өгөхдөө 2020 оны байдлаар Сүхбаатар-Замын-Үүдийн чиглэлд зам дагуу 35 цэг усанд автсан. Сүүлийн таван жилийн хугацаанд авто замын чиглэлд 480 км зам, 12 гүүр, 183 хоолой, 3-5 удаагийн давтамжтай уерийн усанд автаж, эвдэрсэн талаар мэдээлэв.
Холбоотой мэдээ