Хятад улсад гурав хоногийн турш үргэлжилсэн аадар бороо үерийн гамшиг дагуулсан. Хятадын төрийн өмчийн Синьхуа агентлагт мэдээлснээр Ням гаригийн байдлаар үерийн гамшигт 63 хүн амь үрэгдэж, 13.9 тэрбум юанийн эдийн засгийн шууд хохирол учирсан байна. Түүнчлэн 8876 байшин сууц сүйдэж, таван хүн одоо болтол сураггүй байгаа бөгөөд сая шахам хүнийг нүүлгэн шилжүүлжээ.
Хэнань мужийн 12 сая хүн оршин суудаг Жөнжоу хотноо хойд замын туннелээс хүний цогцос бас 200 орчим автомашин урссан байсныг олжээ. Тус туннелийн орчимд 13 метр гүн үерийн ус тогтсон байв. Тус хотод өнгөрсөн долоо хоногт үргэлжлэн орсон аадар борооны нь бүтэн нэг жилийн хугацаанд ордог хур тунадасны хэмжээтэй тэнцжээ. Хятадын албаныхны зүгээс тус улсад болсон үерийг 1000 жилд нэг удаа болдог их үер хэмээн тодорхойлсон байна.
Хятадын аврах багийнхан өчигдрөөс тус туннелийн усыг гурван хэсгээр шавхаж эхэлсэн байна. Жөжоу хотноо метроны зам дагуу 13 хүн живж нас баржээ. Үерийн үер зарим оршин суугчид цээжээр татсан усанд хэрхэн явах учраа олохгүй амь тэмцэж буй бичлэгийг цахим орчинд оруулсан нь нөхцөл байдал ямар аюултай байсныг харуулсан. Үерээс амь гарсан 15 настай сурагч “Амьдралдаа анх удаа цогцост хүрч үзсэн. Гэсэн ч би өөрийгөө үхэх болоогүй гэдэгт итгэж, амь гарахын тулд тайвнаар арга зам хайж байсан” хэмээн ярьжээ. Жөнжоу хотноо аврах ажиллагаанд зургаан сая орчим хүн дайчлагдан ажиллаж байна. Түүнчлэн Хэнань мужийн Синьсян хотын ойролцоох гол үерлэснээс Ням гаригаас эхлэн хот усанд автсан байна.
Хятадын мэргэжилтнүүдийн зүгээс уур амьсгалын өөрчлөлттэй холбоотойгоор хур тунадасны хэмжээ өөрчлөгдөж, үерийн гамшиг болох нь нэмэгдсэн гэж дүгнэсэн байна. Түүнчлэн цаашид хотуудын дэд бүтцийг үерт тэсвэртэй, ус зайлуулах дэвшилтэт технологийн дагуу барьж байгуулах ёстой гэдгийг хот төлөвлөгч нар мэдэгджээ.
Баруун Европын Герман, Нидерланд, Бельгийг үерт автуулсан аадар борооны үүл Хятадын төв хэсгийг дайрснаар Хэнань мужид хамгийн их хохирол учруулжээ. Баруун Европыг бараг бүхэлд нь хамарсан их үерийн гамшигт амь үрэгдэгсдийн тоо 189-т хүрч, олон зуун мянган хүн орон гэргүй болсны дээр гэрэл цахилгаан тасарч, ундны усны хомсдолд оржээ. Үерт хамгийн их хохирол амссан Герман улсын засгийн газраас нь 400 сая орчим евро (472 сая ам.доллар) эхний ээлжинд гаргасан.
ИН-ФА ДАЛАЙН ШУУРГА
Үерийн улмаас Хятадын төв хэсэгт гэрэл цахилгаан тасарсан хүнд байдлаас гарч амжаагүй байхад зүүн хэсгийн боомт хотуудыг далайн шуурга дайрсан юм. Хятадын зүүн хэсгийг өнгөрсөн амралтын өдрүүдээр Ин-Фа нэртэй далайн шуурга хүчтэй салхи, аадар бороо авчирчээ. Улмаар 26 сая хүн амтай Шанхай хотноо олон улсын хоёр нисэх буудал бүх нислэгээ цуцалж, иргэдийг гадагш гарахгүй байхыг албаныхан анхааруулсан байна. Далайн шуурганаар Шанхайд 1000 гаруй мод булгарч, салхинд хийсчээ. Түүнчлэн Жөжянь мужийн Жясин хот, Жянсу мужийн Цидун хотноо хөрсний нуралт үүссэн аж. Хятадын цаг уурын агентлагаас мэдээлснээр далайн шуурганы хүч секундэд 38 метр хүрсэн байна. Синьхуа агентлагийн мэдээлснээр далайн шуурга Хятадын Жөжянь, Жянсу, Анхуй муж болон Шанхайг дайран өнгөрчээ.
Холбоотой мэдээ