Хүний эрхийн Үндэсний комиссын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ж.Хунантай цар тахлын нөхцөлд хүний эрх хэрхэн зөрчигдөж буй асуудлаар ярилцлаа.
"3 ЭМЭГТЭЙ ТУТМЫН 1 НЬ АЖЛЫН БАЙРНЫ БЭЛГИЙН ДАРАМТАД ӨРТСӨН"
-ХЭҮК-д ажлын байрны бэлгийн дарамттай холбоотой хэчнээн гомдол мэдээлэл ирдэг юм бэ. Үүнд ХЭҮК ямар хяналт тавьж ажилладаг вэ. Энэ талаар яриагаа эхлүүлье?
-Ажлын байран дахь бэлгийн дарамт бол тулгамдсан асуудал.
Төрийн захиргааны албан хаагчдын дунд саяхан хийсэн судалгаагаар гурван эмэгтэй тутмын нэг нь ажлын байрны бэлгийн дарамтад өртсөн дүн гарсан.
Ажлын байрны бэлгийн дарамт нь их онцлог. Учир нь удирдах албан тушаалтны зүгээс бэлгийн дарамт үзүүлэх нь түгээмэл байдаг, үнэнийг илчилснээр ажлаасаа халагдах, тушаал буурах гэх мэт сөрөг үр дагавар гарах эрсдэл өндөр тул ихэнх тохиолдолд өртсөн хүмүүс чимээгүй нуугаад өнгөрдөг. Иймээс энэ төрлийн хэрэг нуугдмал байдаг буюу тэр болгон ил болгоод байдаггүй. Энэ асуудалд онцгой анхаарч, илрүүлэх, хянах, шалгах, шийдвэрлэх оновчтой механизм зайлшгүй шаардлагатай. Нөгөөтэйгүүр иргэд, алба хаагчдын хүний эрхийн мэдлэг муу байна. Хүн бүр халдашгүй дархан чөлөөтэй байх эрхтэй.
Зарим нь ажлын байрны бэлгийн дарамтад өртөж буйгаа ч мэддэггүй. Жишээ нь 18+ онигоо ярих, биед хүрэх зэрэг зарим үйлдлийг бид тоодоггүй, анзаарахгүй хаячихдаг. Гэтэл цаад агуулга нь өөр байх жишээний. ХЭҮК-т 2019 онд ес гомдол, 2020 онд таван омдол ирсэн. Он гарсаар зургаан гомдол ирээд байна. Бидний зүгээс гомдол мэдээллийн дагуу шалгалтын ажиллагаа явуулна. Шаардлагатай тохиолдолд хяналт шалгалт хийнэ. Мэдээж сургалт, сурталчилгааг тогтмол хийнэ. ХЭҮК-ын УИХ-д жил бүр өргөн барьдаг хүний эрх, эрх чөлөөний талаар 19 дүгээр илтгэлд ажлын байрны бэлгийн дарамтын асуудлыг тусгаж тодорхой саналуудыг гаргасан байдаг. Бидний гаргасан саналууд сая шинэчлэгдэн батлагдсан Хөдөлмөрийн тухай хуульд тусгалаа олсон гэж харж байгаа.
-Энэ төрлийн хэргээс сэргийлэхийн тулд ХЭҮК-аас “Үлгэрчилсэн загвар” гаргаж олон нийтэд түгээсэн гэж байна. Ингэснээр энэ төрлийн хэрэг үйлдэгдэхээс сэргийлж чадах уу?
-Мэдээж 100 хувь урьдчилан сэргийлэх эсэхийг хэлэх хэцүү гэхдээ үр дүнгээ өгнө гэдэгт итгэлтэй байна. Хүний эрхийн хяналт шалгалт хийх явцад Хөдөлмөрийн дотоод журамд ажлын байрны бэлгийн дарамттай холбоотой зохицуулалт тусгагдаагүй, алба хаагчид хаана хандахаа мэдэхгүй, энэ чиглэлээр сургалт, соён гэгээрүүлэх ажил хийгддэгүй гэх зөрчил түгээмэл байсан. Түүнчлэн Жендэрийн үндэсний хорооноос гаргасан зөвлөмжийг байгууллагууд хэрхэн, яаж дотоод журамдаа тусгах учраа олохгүй байсан. Тиймээс энэ асуудлыг ХНХ-ын А.Ариунзаяа сайдтай ярилцаж хамтарсан “Үлгэрчилсэн заавар” боловсруулах ажлын хэсэг байгуулж, батлах замаар шийдэхээр болсон. Холбогдох байгууллагуудын төлөөллийг оролцуулсан ажлын хэсэг сайн ажиллаж долдугаар сарын 9-ний өдөр Хүний эрхийн Үндэсний Комисс, Хөдөлмөр, нийгмийн гурван талт үндэсний хороо хамтран Үлгэрчилсэн зааврыг батлаад байна.
Энэ зааварт хөдөлмөрийн харилцаанд оролцогч талуудын ажлын байрны бэлгийн дарамтын талаар хүлээх үүргийг тодорхойлох, урьдчилан сэргийлэх сургалт, нөлөөллийн ажлыг зохион байгуулах, ажлын байрны бэлгийн дарамтгүй орчин бүрдүүлэх, гомдол, мэдээллийг хянан шийдвэрлэхтэй холбоотой зүйлүүд тусгагдсан.
Энэ төрлийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх хамгийн оновчтой арга бол соён гэгээрүүлэх. Бид бусдын эрхийг хүндэлдэг, хүний эрхийн мэдлэгтэй, соёлтой хүмүүсийг бэлдмээр байна. Үүний хажуугаар хүний эрх зөрчсөн бол хариуцлага заавал тооцдог байх нь чухал.
-Үлгэрчилсэн зааврыг байгууллага бүр дотооддоо мөрдөх хэрэгтэй юу?
-Миний зүгээс тийм гэж хэлнэ. Энэ зааврыг хоёр хувилбараар хийсэн. Өөрөөр хэлбэл төр, хувийн хэвшлийн онцлогт тааруулсан. Энэ зааврыг мөрдөхгүй байж болно, харин хууль зөрчиж болохгүй. Бидний зүгээс хүний эрхийн хяналт шалгалт хийхдээ ажлын байрны бэлгийн дарамттай холбоотой зохицуулалтыг үргэлж харна. Хүний эрхийг хангах, хамгаалахад хүний бүрийн оролцоо чухал. Бидний хэн ч өөрийх нь эхнэр, охин, ээж, эгч нь ажлын байр дээрээ бэлгийн дарамтын хохирогч болохыг хүсэхгүй байгаа гэдэгт итгэлтэй байна. Тиймээс бүгдээрээ өөрийн ажиллаж буй албан газрынхаа хөдөлмөрийн дотоод журамд оруулахыг шаардая, шахья.
ХҮҮХДИЙН АМЬ НАСААР НААДМААРГҮЙ БАЙНА
-Унаач хүүхдүүдтэй холбоотой асуудлаар ХЭҮК өнгөрөгч зургадугаар сард Засгийн газарт шаардлага хүргүүлсэн. Цар тахалтай байхад хүүхдийг уралдаанд оролцуулж болохгүй гэдэг асуудлыг хөндсөн байсан?
-Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн бүтэн, бие даасан байдлын билэг тэмдэг бол Үндэсний их баяр наадам. ХЭҮК үндэсний их өв, соёл наадмыг үгүйсгэж буй хэрэг биш. Зөвхөн хурдан морины уралдаантай холбоотой цуцлах, хойшлуулах, санал, зөвлөмжийг Засгийн газарт хүргүүлсэн. Учир нь үүсээд буй нөхцөл байдалтай хэд хэдэн зүйлийг бид ямар ч тохиолдолд бодох хэрэгтэй. Нэгдүгээрт, дэлхий нийтийг цочроосон цар тахлын халдвар өмнөхөөсөө илүү аюултай хувилбарууд эрчимтэй тархаж байна, вакцины үр нөлөө, хүүхдүүд вакцинд бүрэн хамрагдаагүй зэрэг асуудлууд санаа зовоосон хэвээр байна. Ийм үед вакцинд хамрагдаагүй хүүхдүүдийг нэг дор цуглуулах нь хэр оновчтой вэ гэдэг асуудал. За томчууд ч яахав вакцинаа хийлгэсэн, өөрсдийн үйлдэлээ ухамсарлаж, хариуцлагаа үүрээд, дэглэмээ бариад явж болох ч цар тахлын хор хөнөөлийг бүрэн ойлгоогүй, вакцинд хамрагдаагүй бага насны хүүхдүүдийг томчуудын үгээр морин уралдаан зохион байгуулж, эрсдэлтэй байдалд оруулмааргүй байгаа юм. Хурдан морийг ихэнхдээ 8-11 насны буюу эрх зүйн чадамжгүй бага насны хүүхэд унадаг. Хоёрдугаарт, жил бүр хүүхэд мориноос унаж хохирох нь бий. Ялангуяа, хурдан морины уралдаанд оролцож буй хүүхдүүд гэмтэх, хөгжлийн бэрхшээлтэй болох, цаашлаад амь насаа алдсан харамсалтай жишээ олон. Ганц уралдаан биш бэлтгэл ажлын хүрээнд үсэргээ, сунгааны үеэр хүүхэд мориноос унах тохиолдолд эрүүл мэндийн үйлчилгээг бид тултал нь үзүүлж чадаж байгаа бил үү.
Монгол Улсад хүүхдийн амь нас хохирч байгаа тохиолдол өндөр байна. Өнгөрсөн онд гэхэд зам тээврийн ослын улмаас 55 хүүхэд, гэмт хэргийн улмаас 99 хүүхэд, өвчний улмаас 1280 хүүхэд амь насаа алдсан.
Энэ оны зургадугаар сард үсэргээний үеэр хүүхэд мориноос унаж амь насаа алдлаа. Тэгэхээр хүүхдийн амь насаар наадмааргүй байна. Дахиад хэлье үндэсний өв соёлоо үгүйсгэж байгаа юм биш. Гэхдээ яаж хүүхдийн эрүүл мэнд, амь насыг эрсдэлд оруулахгүйгээр зохион байгуулах, ямар арга зам байна гэдгийг ярилцах цаг болсон. Цаашдаа нэг ч хүүхдийн амь нас хурдан морины уралдаантай холбоотойгоор эрсдэхгүй байх нөхцөл боломжийг судалж, нэвтрүүлэх хэрэгтэй.
-Жилд унаач хүүхдүүдтэй холбоотой хэчнээн гомдол мэдээлэл ХЭҮК-т ирдэг вэ. Зөвхөн унаач хүүхдүүд гэлтгүй хүүхдийн эрх хаа сайгүй зөрчигдөж байна?
–Жил бүр янз, янз. Хавар, намар, өвлийн уралдаан хориглосон болохоор харьцангүй гайгүй. Унаач хүүхэдтэй холбоотой гомдол гэхээсээ мэдээлэл их ирнэ. Энэ онд хурдан морины уралдаантай холбоотой таван мэдээлэл ирсэн. Үүнээс гадна нүүр номын хуудсыг дурьдах замаар зөндөө л хандалт байдаг. Ер нь хүүхдийн дээд эрх ашиг ямагт нэн тэргүүнд байх ёстой. Комисст ирж байгаа өргөдөл гомдлын цөөнгүй хэсгийг хүүхдийн эрхтэй холбоотой байдаг. Энэ оны эхний хагас жилийн байдлаар хүүхдийн эрхтэй холбоотой 27 гомдол комисст ирсэн. Хүүхдийн сурч боловсрох эрх, хүүхдийг ялгаварлан гадуурхах, хүүхдийн мөнгийг өрөнд суутгасан, хүүхдийн халамж, тэтгэмж хүртэх эрх, гэр бүлийн хүчирхийлэл гэх зэрэг гомдлууд түгээмэл ирдэг. Энэ бүгдэд ХЭҮК шалгалтын ажиллагаа явуулж, зарим тохиолдолд хяналт, шалгалт хийж зөвлөмж, шаардлага хүргүүлдэг.
-Хөл хорионы үед хүүхдийн эрхийн зөрчил ямар байсан бэ?
–Цар тахал ер нь хүүхдүүдэд хамгийн хүнд тусч байна уу даа гэж харсан. Өндөржүүлсэн бэлэн байдал, хатуу хөл хорио гээд сургууль, цэцэрлэгүүд хаагдаж хүүхдүүд сурах, хөгжих, тоглох агаар салхинд гарахаас авхуулаад хүүхдүүд үргэлж хаалттай хаалганы цаана байсан. Хөл хориотой холбоотой хүүхдийн эрхийн зөрчил ч нэлээд гарлаа.
Ялангуяа ахуйн хүрээнд гэр бүлийн хүчирхийллийн хохирогч болох, осолдох тохиолдол нэмэгдсэн. Үүнээс гадна ялгаварлан гадуурхалтад өртөх, хүүхэд хамгааллын үйлчилгээ доголдох, хатуу хөл хорионд орсоноос болж төрөөд удаагүй нярайг хөхөөр нь хооллуулахад хүндрэл гарсан гэх мэт хүүхдийн дээд эрх ашиг хөндөгдсөн тохиолдлууд цөөнгүй гарсан.
Комисс Хүний эрх, эрх чөлөөний 20 дахь илтгэлдээ хүүхдийн эрхийн зөрчлийн асуудлыг тусгайлан оруулсан байдаг. Ер нь бид хүүхэд хамгааллын бодлого, хүүхдийн эрхийн асуудлыг эргэн харах зайлшгүй шаардлагтай болжээ. Цар тахал ч үүнийг сануулж байна.
-Хөл хорионы үеэр хүүхэд харах үйлчилгээний төсвийг таначихсан байсан гэв үү?
–Өндөржүүлсэн бэлэн байдал, хатуу хөл хорионы үед Комисс 60 гаруй обьектод ажилласан. Энэ хүрээнд Чингэлтэй дүүргийн хүүхэд хамгаалах түр байртай танилцаж мэдээлэл авахад төсөв танагдсан учраас үйлчилгээ доголдсон байсан. Энэ асуудлыг УИХ-аас Хүний эрх, эрх чөлөөний талаар илтгэлийг хэлэлцээд гарах тогтоолын төсөлд тусгуулах саналыг хүргүүлсэн. Өөрөөр хэлбэл хөл хорио тогтоосон үед хүүхэд хамгааллын зардлыг хасахгүй байх чиглэлийг Засгийн газарт өгүүлж байгаа.
ИРЭХ ЖИЛЭЭС ХҮНИЙ ЭРХИЙГ ХЭМЖДЭГ БОЛНО
-Монгол Улсад хүний эрхийн зөрчил түгээмэл байдаг. Танай байгууллагаас энэ чиглэлээр хийсэн судалгаа бий юу. Аль орон нутаг, аль байгууллагад хүний эрх хамгийн зөрчигддөг юм бол оо. Сүүлийн үед ХЭҮК- ямар ажилд төвлөрч байна вэ?
-Жил бүр ХЭҮК томоохон судалгаа хийсний үндсэн дээр хүний эрх, эрх чөлөөний илтгэлээ УИХ-д өргөн барьдаг. Энэ жил бид хэд хэдэн үнэлгээ, мониторингийн ажил хийхээр төлөвлөсөн. Жишээ нь Эрүүл мэндийн салбар дах хүний эрхийн мониторингийн ажил, энэ хүрээнд хүүхдийн эндэгдлийн асуудлыг хөндөнө, Боловсролын салбар дах хүний эрхийн мониторинг, хүүхэд хамгааллын чиглэлээр хамтарсан багийн үйл ажиллагаа, тогтолцооны үнэлгээ, цэргийн анги, нэгтгэлүүд дэх дүрмийн бус харилцаа, цэргийн хөдөлмөрийн судалгааг хийнэ.
Мөн ирэх жилээс хүний эрхийн хэрэгжилтийг хэмждэг үндэсний шалгуур үзүүлэлт буюу индикаторыг боловсруулахаар ажиллаж байна. Энэ хүрээнд Үндэсний статистикийн хороотой санамж бичиг байгуулсан.
НҮБ-ийн Хүний эрхийн дээд комиссарын газраас бидэнд арга зүйн зөвлөгөө өгөх сургалтыг наймдугаар сард явуулна. Хамгийн гол нь хууль тогтоогчид, шийдвэр гаргагчид жил бүр дээрх үзүүлэлтүүдийн өсөлт, бууралтад үндэслэн оновчтой бодлого, шийдвэр гаргах ач холбогдолтой. Мөн аль орон нутагт хүний эрхийн зөрчил ямар байна гэдгийг харах боломжтой болох байх.
-Цар тахал хоёр жил үргэлжиллээ. Энэ цаг үед УОК дангаараа шийдвэр гаргаж, иргэдийн эрхийг зөрчиж, байгаа талаар иргэд ярьдаг, шүүмжилдэг. Үүнд танай байгууллагаас ямар хяналт тавьж байгаа вэ?
–Хүний эрхийн үндэсний комисс өөрийн эрх хэмжээний хүрээнд бүхий л нөөц бололцоогоо ашиглан ажиллаж байна. Цар тахлын хуулийн хэрэгжилтэд хяналт тавьж байгаа байгууллага бол ХЭҮК. Мэдээж УОК амаргүй шийдвэрүүд гаргаж байгаа. Монгол байтугай дэлхий цар тахалд бэлэн байгаагүй. Хүний эрхийн Үндэсний комисс мэргэжлийн байгууллага тул зөвхөн нэг талын мэдээг үндэслэж дүгнэлт шийдвэр гаргадаггүй.
Бид чинь тал талын байр суурь, тайлбарыг сонсоно, очиж нөхцөл байдалтай нь газар дээр нь танилцсаны үндсэн дээр зохих шийдвэрийг гаргадаг. Өнгөрсөн хугацаанд цар тахалтай холбоотой УОК-т комиссын гишүүний дөрөв шаардлага, АОК-т комиссын гишүүний нэг шаардлага, Эрүүл мэндийн яаманд нэг гишүүний шаардлага хүргүүлсэн. Мөн комиссын гишүүний хоёр зөвлөмж УОК-т, Эрүүл мэндийн яаманд нэг, Засгийн газарт нэг, Иргэний нисэхийн ерөнхий газарт нэг. Харин комиссын 10 зөвлөмжийг холбогдох байгууллагад хүргүүлж ажилласан.
-УОК-ын хуралдаанд та бүхнийг оролцуулахгүй байгаа гэсэн. Шалтгаан нь юу байсан юм?
–Бид бүрэн эрхээ 2020 оны арваннэгдүгээр сарын 18-аас хэрэгжүүлж эхэлсэн. Өөрөөр хэлбэл коронавирусын дотоодын тохиолдол бүртгэгдээд удаагүй байсан. Тэр үед одоогийн Ерөнхийлөгч Засгийн газрыг тэргүүлж байсан. Тухайн үед бид хяналт тавихаас илүү урьдчилан сэргийлэх, хүний эрхийн мэргэжлийн байгууллагын хувьд зөвлөн чиглүүлэх бодлого барих нь зөв гэж шийдэж УОК-ын хуралдаанд оролцох хүсэлт гаргаж ажилласан. Ингэснээр баттай мэдээлэл авах, шуурхай зөвлөгөө, мэдээлэл солилцоход ач холбогдолтой байсан. Энэ оны эхэнд буюу хоёрдугаар сард Засгийн газар солигдож, УОК-ын шинэ бүрэлдэхүүнд хуралдаанд оролцох, уулзах хүсэлтийг хүргүүлсэн боловч шийдвэрлээгүй. Шалтгааныг УОК-оос асуух нь зөв байх. УОК-ын хуралдаанд оролцуулаагүй гээд бидний ажил зогссон гэсэн үг биш л дээ. Хуулиар хүлээсэн үүргээ бид хэрэгжүүлж байгаа, цаашид ч хэрэгжүүлнэ.
ҮЗЭЛ БОДЛОО ИЛЭРХИЙЛСНИЙ ТӨЛӨӨ ХАРИУЦЛАГА ТООЦДОГ БАЙЖ БОЛОХГҮЙ
-ХЭҮК-т жилд хэчнээн гомдол мэдээлэл ирдэг вэ. Ирсэн гомдол мэдээлэл бүрийг хянадаг уу. Хүний эрхийн зөрчил хаа сайгүй гарч байхад ХЭҮК яагаад “дуугүй” байдаг юм бэ?
-Өнгөрсөн оны хувьд ХЭҮК-т нийтдээ 790 гомдол ирсэн. Энэ оны эхний хагас жилийн байдлаар 700 орчим гомдол ирсэн. Комиссын шинэ гишүүд цар тахалтай холбоотой 271 гомдол хүлээн авч шийдвэрлэжээ.
Комисс олон нийтийн дунд ярианы сэдэв болж байгаа асуудлыг тухай бүр нь нягталж, тайлбар мэдээлэл авч ажилладаг. Тайлбар мэдээлэл авах гэдэг чинь цаг хугацаа шаардана шүү дээ. Тэр болгон алхам бүрээ тоочоод байдаггүй болохоор хүмүүс тэгж бодох нь аргагүй. Бидний цахим хаяг, нүүр номын хуудсаар зочилвол бидний үйл ажиллагаа уг нь ил байдаг. комиссын гомдол шалгадаг таван албан хаагч амралтгүй л ажилладаг. Тэнд жагсаал болж байна гэхэд ЦЕГ-ын даргатай хамт хөндлөнгөөс хяналт тавьж ажилладаг. Тэнд мориноос хүүхэд унасан мэдээлэл байна гэвэл холбогдох хүмүүстэй нь холбогдож мэдээлэл, тайлбар аваад ажиллаж л байдаг. Манайд ирж байгаа гомдлын тооноос ч бидний хийж байгаа ажил харагдах байх. Комисс гомдол, мэдээлэл тус бүрийг шалгаж хариу өгдөг.
-Сошиалд О.Осоржамаагийн асуудал яригдаж байна. Уг асуудал нь зөвхөн О.Осоржамаагийн асуудал бус нэг хүний эрх зөрчигдөхөд “миний эрх зөрчигдөнө” гэж иргэд бичиж байгаа. Энэ тал дээр юуг хэлэх вэ. Ялгаварлан гадуурхалтаас иргэдээ хэрхэн хамгаалах вэ?
-Ялгаварлан гадуурхалт бол хүний эрхийн маш том зөрчил. Сүүлийн үед цар тахалтай холбоотой ялгаварлан гадуурхалтын тод жишээнүүдийг бид цөмөөрөө харлаа. Халдвар авсан хүүхдийг хүртэл ялгаварлан гадуурхахыг харлаа. Хүн төрөхөөсөө нэр төр, эрхийнхээ хувьд адил тэгш байдаг. Хүний эрхийн түгээмэл тунхаглал, Монгол Улсын нэгдэн орсон олон улсын хүний эрхийн гэрээ, конвенци, Монгол Улсын Үндсэн хуульд хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор нь ялгаварлан гадуурхаж үл болно гэж заасан. Нэг асуулт байна.
О.Осоржамаа хүн үү. Хэрвээ таны хариулт тийм бол тэр бидэнтэй адилхан халдашгүй, эрх, эрх чөлөөтэй. Ялгаатай байна гэдэг нь ялгаварлан гадуурхах үндэслэл биш.
Нэг зүйлийг хэлэхэд Монгол Улс ялгаварлан гадуурхах үйлдлийг 2017 оноос гэмт хэрэгт тооцдог болсон. Эхлээд бид өөрсдийн хандлагаа өөрчлөх хэрэгтэй байна. Өөрөөр хэлбэл надаас гадна хүмүүс байдгийг, тэдэнд надад байдаг шиг эрхүүд байдгийг ойлгох, өөрсдийгөө хөгжүүлэх, мэдлэгжүүлэх хэрэгтэй байна.
-Иргэн Д.Мөнхбатын хэргийн тухайд дэлгэрэнгүй ярихгүй юу. Үзэл бодлоо илэрхийлснээр торгуулдаг юм бол бид Ардчилсан улсад амьдарч буй хэмээн ярих хэрэггүй байх?
-Үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх нь ардчилсан нийгмийн суурь юм.
Иргэн Д.Мөнхбат "Энхсаран" сувилалтай холбоотой хэргийг “Глоб интернэшнл”-ын хуульч өмгөөлж байгаа юм билээ. Д.Мөнхбат бодит байдлын талаар үзэл бодлоо илэрхийлснийхээ төлөө хариуцлага хүлээнэ гэдэг байж болохгүй.
Хэргийн материалтай танилцаагүй, ямар үндэслэлээр буруутгаж байгааг мэдэхгүй учраас миний хувьд бүрэн дүгнэлт өгөх боломжгүй. Д.Мөнхбатын хэрэг үнэн бодитой шийдэгдэнэ гэдэгт эргэлзэхгүй байна. Комисс үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй холбоотой хуулийн төсөлд өгөх саналыг боловсруулах ажлын хэсэг байгуулан ажиллаж байгаа.
-Ярилцсанд баярлалаа.
Холбоотой мэдээ