Сурвалжлага: Захууд дэглэм сахихгүй, иргэд амны хаалтаа "хаяжээ"

Хуучирсан мэдээ: 2021.07.26-нд нийтлэгдсэн

Сурвалжлага: Захууд дэглэм сахихгүй, иргэд амны хаалтаа "хаяжээ"

Сурвалжлага: Захууд дэглэм сахихгүй, иргэд амны хаалтаа "хаяжээ"

Нийслэлд өнөөдөр ногоон бүсгүй нэг ч газар байхгүй. Бүгд улаанаараа эргэж халдварын голомт болсон. Гэхдээ хөл хорио суларч цар тахалтай дасан зохицож шинэ амьдралын хэв маягт шилжээд багагүй хугацаа өнгөрчээ. Худалдаа үйлчилгээний байгууллагуудын үйл ажиллагаа эргэн сэргэсэн ч халдвар хамгааллын дэглэмээ “хариуцлагын гэрээ”-тэй хамт мартжээ. Нэг хэсэг нь үүргээ ухамсарлаж байхад нөгөө хэсэг нь дүр эсгэх маягтай.

Томоохон худалдааны төвүүдээс бусад супермаркет, худалдааны төв, захуудад наад зах нь халуун хэмжигч, QR код, гар бүртгэл, гар ариутгагч  "бэлгэ тэмдэг" төдий  болжээ. Хүмүүс ч шаардлага тавьж, сануулахаас нааш гараа ариутгаж, халуунаа хэмжихгүй. Ийм дүр зураг ердийн үзэгдэл болж.

Ялангуяа хамгийн олон хүн холхидог томоохон захуудад халдвар хамгааллын дэглэм хаягдаж ямар ч “хяналтгүй” байгаа нь хүн амын дунд Covid-19-ийн дельта хувилбар бүртгэгдсэн өнөө үед илүү эрсдэл дагуулж буй.

Бодит нөхцөл байдлыг сурвалжлахаар  “Нарантуул”, “Хархорин” худалдааны төвүүдээр орлоо. Амралтын өдрөөр /2021.07.24/ тус худалдааны төвийг чиглэсэн автомашины цуваа, хүний хөл тасрахгүй, хөл хөдөлгөөн ихтэй байлаа.

           ХАЛДВАР ХАМГААЛЛЫН ДЭГЛЭМ ХАЯГДАЖ, ИРГЭД АМНЫ ХААЛТАА МАРТЖЭЭ

13:00 цаг.

Ногоон хурганы арьс нохойн битүү туурайнаас бусдыг зардаг гэх хотын хамгийн том худалдааны төв бол Нарантуул. Захын төв хаалгаар ороход халуун үзэх, гар ариутгах зэрэг халдвар хамгааллын дэглэмээс гадна урьдчилан сэргийлэхтэй холбоотой сэрэмжлүүлэг мэдээлэл ч байсангүй.

Дотогш лангуу хоорондын давчуу хэсгээр явахад юун 1.5 метрийн зай барих. Хамгийн гол нь захаар хэсэг явахад амны хаалтгүй хүмүүстэй цөөнгүй таарсан юм.

Барааны хүнд тэргэнд түүртсэн ачигчид маскаа авчихаж. Мөн олон хүний дунд амны хаалтгүй чанга чанга инээж, ярилцах хүмүүс ч байв. Цаашлаад хэсэг бүлгээрээ нийлж, модон авдар тойрон хөзөр эргүүлэх хүмүүс тоглоомондоо улайрч, шүлсээ үсчүүлэн орилолдоно.

Худалдаачид ч тэр, хүмүүс ч тэр амны хаалт, бээлийгүй. Амны хаалт зүүсэн хэсэг бүлэг нь хамраа гаргаж, эрүүндээ тохож, нэг чихэндээ унжуулсан байх. Энэ мэтчилэн иргэд амны хаалт зүүхээс төвөгшөөх болжээ. Үүнийг цаг агаартай холбон тайлбарлаж байв. Иргэд  зуны халуунд амны хаалт зүүхэд амьсгал давчдаж байгааг хэлж байсан бол худалдаачид цай уух, хоол идэхдээ л амны хаалтаа түр авч байгаар тайлбарласан. Үнэндээ бүгд л амны хаалтнаас төвөгшөөж зүүхээсээ зүүхгүй нь их байсан юм.

                      "СЕЗОН"-Ы ҮЕД ХҮМҮҮС ЗАЙ БАРИХ БОЛОМЖГҮЙ

Худалдагч М.ПҮРЭВСҮРЭН:

-Сүүлийн үед эрүүл мэндийн яам Covid-19 халдварын талаар өдөр бүр мэдээлэхээ больсон. Ер нь Covid-19-ийн дельта хувилбарын тухай ямар нэгэн ойлголт ч алга. Миний сонссоноор илүү архаг, өвдвөл илүү хурдан л хүндрэх магадлалтай гэнэ. Нэг үеэ бодвол хүмүүс нэгэндээ зай барь, амны хаалтаа зүү гэж шаарддаг болсон. Гэхдээ сезоны үе эхэлбэл лангуу хоорондын нарийн зайд хүмүүс 1.5 метрийн зай барих гээд дугаарлахгүй шүү дээ.

Худалдагч Н.ПҮРЭВСҮРЭН:

-Цар тахал дэгдсэнээс хойш хоёр жил болж байна. Хөл хоригдоод халдвар намжихгүй, амьдрал ч сайжрахгүй. Мөнгөгүй, амьдрах аргагүй л болно.  Өнөөдрийн нөхцөлд бүгд л амны хаалтаа зүүж, зайгаа барьж амьдрахаас өөр сонголт алга. Бид амны хаалтаа зүүж л халдвар хамгааллын дэглэмээ мөрдөж байна. Аль болох төлбөр тооцоогоо бэлнээр авахаас татгалздаг. Бусдаар ч ямар шаардлага бусдад тавих билээ. Хүмүүс ч шаардуулахгүйгээр өөрсдөө амны хаалтаа зүүж дадсан, зайгаа барих биз ээ. Ер нь зуны халуунд амны хаалттай байх хэцүү ч одоо дасч байна.

Хэдэн зуу, зарим үед мянгаар тоологдох хүн цугладаг тус зах уг нь дотоод хяналтаараа түрээслэгч нарт халуун хэмжигчтэй байх, гараа ариутгах, бээлий өмсөх, амны хаалтаа тогтмол зүүх зэрэг шаардлагыг тавьдаг. Халдвар хамгааллын дэглэмээ чанд мөрддөг гэх.

                          БИД ДОТООД ХЯНАЛТАА ТОГТМОЛ ТАВЬДАГ

“Нарантуул” худалдааны төвийн Эрүүл ахуйн хэлтсийн албаны дарга Ж.ОЮУНТУЯА:  

-Бид дотоод хяналтыг өдөр бүр тогтмол тавьдаг. Радио, цагаан хоолойгоор амны хаалтаа зүү, гараа тогтмол угаа, ариутга, хүн хоорондын зай барих сэрэмжлүүлэг өгдөг. Түрээслэгч нар бүгд вакцины хоёрдугаар тунд хамрагдсан. Ер нь халдвар хамгааллын дэглэмээ мөрд гэж хүн бүр дээр очоод хэлж шаардах боломжгүй. Тиймээс хүмүүс өөрсдөө халдвар хамгааллын дэглэмээ мөрдсөнөөр бусдыг хамгаална гэсэн үг. “Нарантуул” худалдааны төвийн ажилтнууд цагийн хуваарийн дагуу түрээслэгч нарт тогтмол хяналт тавьдаг. Захын үүдэнд халуун хэмжигч, бүртгэл байршуулсан. Үүнийг хөтөлдөг хүн ч ажиллаж байгаа. Зарим үед цайны цаг таарч бүртгэл хөтлөөгүй тохиолдол гарахыг үгүйсгэхгүй. Гэвч бодит байдал дээр хүний хөл хөдөлгөөн тасардаггүй тус захад ямар ч хяналт алга.

                    ХАЛУУН ХЭМЖИГЧ , АРИУТГАГЧ ХААЛГА “БЭЛГЭ ТЭМДЭГ” БОЛЖЭЭ

16:00 цаг.

Сонгинохайрхан дүүргийн нутаг “Хархорин” худалдааны төвд хөл хөдөлгөөн ихтэй. Зах руу орох, гарах чиглэлийг салгаж, үүдээр нь ороход ариутгагч хаалга, халуун хэмжигч, бүртгэлийн ажилтан угтав. Гэвч бас л “бэлгэ тэмдэг” болжээ.

Худалдааны төвийн үүдээр орж буй хүмүүс халуунаа хэмжүүлэхгүй, бүртгэлээ бөглөхгүй, QR код уншуулахгүй. Үүдэнд байрлуулсан  ариутгагч хаалга “ажилгүй” болж хүмүүс тоохгүй. Тус худалдааны төв шиг олон газарт ийм дүр зураг нийтлэг.

 Захаар хэсэг явахад амны хаалтгүй хүмүүс бас л цөөнгүй.  Согтуу бас хамраа ил гаргаж, эрүүндээ тохсон нь нийтлэг. Зарим нь огт маскгүй наймаа хийнэ. Хүмүүс ч огт тоохгүй. Лангуу хоорондын нарийн зайгаар 1.5 метрийн зай барих боломжгүй. Иргэд ч бас нэгэндээ шаардлага тавьдаггүй гэнэ. Учир нь зай барих шаардлага нь хэрүүл болдог учраас төвөгшөөхдөө “хэлээ хазаад” л өнгөрдөг аж.

          АМНЫ ХААЛТАА ЗҮҮ, ЗАЙ БАРЬ ГЭЖ ШААРДЛАГА ТАВИХАД ХЭРҮҮЛ БОЛДОГ

Иргэн М.ТҮМЭННАСАН:  

Дэлгүүр, зах дотор хүн ихтэй үед зай барих боломжгүй. Хоорондоо тэврэлдэх нь энгийн л үзэгдэл болсон шүү дээ. Зай барих тухай ярих ч хэрэггүй биз дээ. Бусдад зай барь гэж хэлээд ч нэмэргүй, хэрүүл л болно. Тиймээс дуугүй л хурдхан тооцоогоо хийчихээд гарахыг боддог” гэлээ. Харин ухамсартай нэг нь шаардлага хүлээж авдаг, бусдаар шаардуулахгүй зай барьдаг тухай ч зарим иргэн хэлж байлаа.  Энэ мэтчилэн худалдааны төвөөр үйлчлүүлж байгаа хүмүүс бусдын шаардлагыг хүлээж авахаас илүүтэй үл тоодог нь нууц биш.

 

 


Худалдагч Л.САРАА:

-Би хувиараа амны хаалт, хүүхдийн дээл зардаг юм. Худалдааны төвөөр амны хаалтгүй согтуу хүмүүс их явдаг. Зарим нь ч амны хаалттай мөртлөө хамраа гаргачихсан, эрүүндээ зүүсэн байдаг. Амны хаалтаа зүүхийг шаардаж хэлэхээр “Чамд ямар хамаатай юм, өөрийгөө хичээ”, “Миний маскаа зүүх эсэх чамд хамаагүй”, гэж хэлэх, хэрүүл болох нь их. Зарим нь сонсоогүй юм шиг л тоохгүй явдаг. Сүүлийн үед амны хаалт авах хүмүүс ч ховордсон байна. Бас бага насны хүүхдээ захаар их дагуулж явж байна. Энэ нь их эрсдэлтэй шүү дээ. Би ч бас олон хүнтэй газарт хувиараа ойр зуурын зүйлс зардаг болохоор амны хаалтгүй, согтуу, их хүнтэй газраас аль болох зайгаа барьж л зогсдог. Ингэж л өөрийгөө хамгаалж байна даа.


Иргэн О.БҮЖИН:  

 

-Худалдаа үйлчилгээний төвүүд халдвар хамгааллын дэглэмээ мөрдөж байна. Цар тахлын эрсдэлтэй үед би олон газраар үйлчлүүлэхээс илүү тоотой хэдэн газраар тогтмол үйлчлүүлдэг. Миний анзаарахад, халдвар хамгааллын дэглэмээ сайн мөрдөж байна билээ. Хүмүүс бусдаар шаардуулахгүй, үүдээр ороход халуунаа хэмжүүлж, QR кодоо уншуулж байна. Амны хаалтыг бол зүүгээд дадсан шүү дээ. Ер нь иргэд соёлтой болсон. Олон хүнтэй үед зай барих шаардлага тавихад эерэгээр хүлээж авдаг, зарим нь хэлүүлэхгүй өөрсдөө зай барьдаг. Тиймээс халдвар тархах эрсдэл харьцангуй бага болов уу.


 

БИЕ ЗАСАХ ГАЗАРТ ХАЛДВАР ТАРХАХ ХАМГИЙН ЭРСДЭЛТЭЙ ОРЧИН БОЛЖЭЭ

Худалдааны лангуунаас гадна захуудын ариун цэврийн өрөөнд халдвар тархах эрсдэл хамгийн их. “Нарантуул” захын 00 гэхэд гар ариутгагч, халуун хэмжигч зүгээр л “сувинер” болжээ. Олон хүн бөөгнөрч, бэлэн мөнгийг бээлийгүй гараар тоолох үүдний ажилтнаас авхуулаад доторх орчин хамгийн “бохир”.

Хамгийн эрсдэлтэй нь мөнгө хурааж буй ажилтан нь амны хаалтгүй байхад үйлчлүүлж буй хүмүүсийн дийлэнх нь амны  хаалтгүй, хагас дутуу зүүсэн болж харагдах аж. Мөн л “Хархорин” худалдааны төвийн бие засах газарт халдвар тархахгүй гэх баталгаагүй.

Мөнгө хураах ажилтан амны хаалтаа эрүүндээ зүүжээ. Зай барих тэмдэглэгээгүй, олуулаа нэг дор хүмүүс бөөгнөрнө. Гэтэл халуун хэмжихгүй, бүртгэл хөтлөхгүй. Үүнийг бие засах газрын ажилтан “Захын үүдэнд ариутгагч хаалга, халуун хэмжигч төхөөрөмжтэй учраас дахин хянаж бүртгэх шаардлагагүй” гэдгийг хэлж байв. Бие засах газарт хлормин, жевалинаар тогтмол ариутгал халдваргүйтэл хийдэг гэнэ. Гэвч энэ нь хангалттай гэж хэлэхэд хэцүү.

Нийслэлд үйл ажиллагаа явуулдаг томоохон худалдааны төвүүдээс ердөө хоёр захаар ороход л халдвар хамгааллын дэглэм “хаягдаж” ямар ч хяналт алга. Мэргэжлийн хяналтын байгууллагаас олон хүн цугладаг зах худалдааны төвүүдэд халдвар хамгааллын дэглэм хангалтгүй байгаа нь Covid-19-ийн дельта хувилбар тархах эрсдэлтэй гэдгийг ч үгүйсгээгүй.

Хэдийгээр аж ахуйн нэгжүүдэд тогтмол хяналт тавьдаг ч худалдаа үйлчилгээний байгууллагууд “Хариуцлагын гэрээ”-гээ зөрчиж халдвар хамгааллын дэглэмээ мөрддөгүй зөрчил гарсаар байгаа аж. Аж ахуйн нэгжүүдэд ямар зөрчил нийтлэг гарч байгаа талаар албаны хүнээс тодрууллаа.

ААН-ҮҮД ИРГЭДИЙН БИЕИЙН ХАЛУУНЫГ ХЭМЖИХГҮЙ БАЙНА

Хан-Уул дүүргийн мэргэжлийн хяналтын хэлтсийн дарга Б.АЛТАНТУЯА:  

-Засгийн газрын 118 дугаар тогтоол, УОК-ын даргын баталсан 41 дүгээр журмын дагуу цагдаа, мэргэжлийн хяналт, хороодын хэсгийн ахлагч нар,  дүүргийн хүнс худалдаа үйлчилгээний хэлтсийн албан хаагчид худалдаа үйлчилгээний байгууллагад хяналт тавьж ажиллаж байна.

Энэ ажлын хүрээнд Нийслэлийн шуурхай штаб дээр ажиллаж байх үед нийслэлийн хэмжээнд өдөрт өдөрт 634 аж ахуйн нэгжийг шалгасан. Нийт 49 зөрчил илэрсэн. Үүний 87 хувийг нь газар дээр нь арилгуулсан бол бусдыг нь Зөрчлийн тухай хуулиар хариуцлага тооцсон.

Ерөнхийдөө, Хан-Уул дүүргийн хэмжээнд зургаан том худалдааны зах, 11 сүлжээ супермаркет, зургаан худалдааны төв үйл ажиллагаа явуулдаг. Эдгээр худалдаа үйлчилгээний байгууллагуудад хоёр цаг тутамд ариутгал хийж, 14 хоног тутамд мэргэжлийн байгууллагаар ариутгал халдваргүйжүүлэлт хийлгэж, үүдэндээ халуун хэмжигч байрлуулж үйлчлүүлэгчдийн  QR бүртгэл, заалаар үйлчлүүлэгчдэд Covid-19 халдвараас урьдчилан сэргийлэх заавар зөвлөмжийг дэлгэцээр харуулахыг зөвлөж шаарддаг.

Дүүргийн хэмжээнд өдөрт 80-135 аж ахуйн нэгж хяналт шалгалтад хамрагддаг. Гэвч цаг хэтрүүлэх, үүдэндээ хаалт хийхгүй, хоёр цаг тутмын ариутгал халдваргүйтлыг тогтмол хийдэггүй, 14 хоног тутам мэргэжлийн байгууллагаар ариутгал халдваргүйтэл хийлгэдэггүй зэрэг зөрчил нийтлэг илэрч байна.

Тухайлбал, энэ сарын 23-нд Баасан гаригт 11 зөрчил илэрсэн. Жишээ нь, “Саруул” , “Beauty” гоо сайхны салон үйлчлүүлэгч хоорондын хаалт байхгүй үйлчилгээ үзүүлсэн.

Мөн “Дэвжих, “Зэс” супермаркет иргэдийн халууныг хэмжихгүй, бүртгэл хүтлэхгүй, QR ашиглаагүй зэрэг зөрчил нийтлэг илэрч байна. Хэдийгээр өдөр тутамд зөвлөмж, сэрэмжлүүлэг өгч байгаа ч худалдаа үйлчилгээний байгууллагуудад зөрчил гарсаар байна.

Цар тахлын эрсдэлтэй үед зөвхөн гурван байгууллагын хамтарсан мэргэжлийн хяналтын хамтарсан хяналт шалгалт явуулахаас гадна албан байгууллагууд ч бас дотоод хяналтаа сайжруулахад халдварын эрсдэл буурна. Мөн иргэд халдвар хамгааллын дэглэмээ мөрдөж аль аль талдаа хичээвэл цар тахлыг хамтдаа даван туулна гэлээ.

Цар тахлын үед  мэргэжлийн хяналтын байгууллага эрүүл мэндийн салбарт “дайчлагдан” ажиллах болсноор үндсэн чиг үүрэг ч алдагдахад хүрч байгаа нь ч нууц биш. Зөвхөн эрүүл мэндийн салбараас бусад нь орхигдож хаяж болохгүй халдвар хамгааллын дэглэм мартагдаж байгааг хаа хаанаа анхаарах хэрэгтэй.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ТэнэглэлТэнэглэл
3
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж