Замын-Үүд боомтын ариутгалын хаалга стандартын шаардлагад нийцээгүйгээс олны шүүмжлэл дагуулж, хил дээр ачаа бараа хэдэн мянгаараа гацах шалтгаан болсон. Тэгвэл энэ асуудлыг шийдвэрлэж, улсын хилээр гарах чиглэлд ариутгалын хаалгыг угсарч, дуусчээ. Уг ариутгалын хаалга нь нэг тонн ариутгалын уусмалаар 400 машин ариутгах хүчин чадалтай гэнэ. Энэ талаар Замын-Үүд дэх гаалийн газрын даргаар томилогдон ажиллаж буй Б.Отгонсүхээс тодрууллаа.
-Замын-Үүд боомтоор гарч буй ачаа тээврийг ариутгах хаалгыг суурилуулж дуусчээ. Удахгүй импортоор орж ирж буй ачаа тээврийг ариутгаж эхэлнэ гэсэн үү?
-Импортоор орж ирж байгаа ачаа тээврийн машиныг ариутгах хаалга хил дээр ирчихсэн байгаа. Замын-Үүдэд улсын хилээр гарах чиглэлд ариутгалын хаалгыг угсарч, туршилтын ажлыг хийсэн. Уг ариутгалын хаалга нь 12 цаг тасралтгүй ажиллана. Мөн нэг тонн ариутгалын уусмалаар 400 машин ариутгах хүчин чадалтай.
Бүх талаасаа мананцар үүсгэж, ачаа тээврийг ариутгана. Импортын ачааг ариутгах хаалгыг энэ долоо хоногоос ажиллуулна. Үнэ өртгийг нь мэдэхгүй байна. Хятад улсаас олон улсын стандартад нийцсэн хаалгыг оруулж ирсэн.
-Түр ажлын хэсгийг томилогдон ирэхэд хилийн боомтод нөхцөл байдал ямар байв?
– Засгийн газраас Замын-Үүд дэх ачаа тээврийн нөхцөл байдлыг сайжруулахаар долдугаар сарын 6-наас түр ажлын хэсэг томилсон. Түр ажлын хэсэг Замын-Үүдийн боомтод ирээд 10 гаруй хоночихлоо. Нэгдүгээрт экспорт, импортын ачаа барааны эргэлтийг сайжруулахын тулд ариутгал халдваргүйтгэл хийх, төрийн албан хаагчдын ёс зүй, хүнд сурталгүй байлгах, халдваргүй ногоон бүс болгох асуудалд анхаарч ажилласан.
Энэ хугацаанд долдугаар сарын 9-19-ний хооронд хэсэгчилсэн хөл хорио тогтоож, бүх өрхүүдийг “Нэг өрх-Нэг шинжилгээ”-нд хамруулсан. Мөн энэ бүсэд нэвтэрч буй иргэдээс түргэвчилсэн шинжилгээ авч, хариу нь эерэг гарвал буцаана. Сөрөг гарвал сумын төвд долоо хоног тусгаарлах аймгийн Онцгой комиссын шийдвэр гарч, хэрэгжүүлж байна.
Ариутгах хаалга шаардлага хангахгүй байгаа талаар иргэд шүүмжилж байсан. Импортын бараа бүтээгдэхүүн эргэлддэг хамгийн том Замын-Үүдийн боомтод ариутгалын хаалгыг суурилуулах нь нэн тэргүүнд шийдвэрлэх асуудал байсан. Ингэснээр ачаа барааны эргэлтийг татан авалт сайжирч байна. Гаалийн 12 хяналтын бүсэд ариутгалын хаалгыг суурилуулж, халдвар хамгааллын дэглэмийг чанд баримтлан тусгай чиг үүргийн байгууллагуудтай хамтран ажиллаж байна.
–Ажлын хэсэг томилогдсоноос хойш ачаа, тээврийн машины эргэлт өссөн үү?
– Өнөөдрийн байдлаар хилээр ачаа тээврийн машины тоо 100-160 гаруй болж өссөн. Түр ажлын хэсгийн зүгээс ирэх сараас хэвийн горимд шилжинэ хэмээн харж байна. Бид хоёр үе шаттай арга хэмжээг авч ажиллаж байна.
Нэгдүгээрт Эрээний гаалийн хашаа болон гаалийн хашааны гадна 2000 орчим өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний ачаа тээвэр гацсан байсан. Эдгээр ачааг татан аваад дуусч байна. Одоо агуулахын талбай, агуулахад байгаа ачаагаа өнөөдрөөс эхлээд зөөж байна.
Холбоотой мэдээ