-Амралтын өдөр цаг агаар муу байлаа. Орон нутагт байдал ямар байгаа талаар мэдээлэл ирүүлсэн үү?
-Олон аймагт цас орж, хүйтэрсэн. Тэр дундаа Төв, Хэнтий, Дорнод аймаг болон Улаанбаатар хотын орчим 10-12м/сек зарим үед 22 м/сек хүрч цасан шуурга шуурлаа. Нийслэл болон Төв аймгийн нутгаар 5-10 метрийн цаадах харагдахгүй болтлоо шуурсан. Тиймээс яаралтай арга хэмжээ авч өнгөрөгч ням гаригийн 16.40 цагаас эхлэн Баянзүрхийн товчоо, 22-ын товчоо, Яармагийн товчоо, Нисэхийн товчоогоор тээврийн хэрэгсэл нэвтрүүлэхийг түр хугацаагаар хориглож, даваа гаригийн өглөө нэвтрүүлж эхэлсэн.
-Цасан шуурганаар иргэд төөрч бээрсэн, мал алдагдсан дуудлага ирсэн үү?
-Мал хорогдлын мэдээ одоогоор ирээгүй байна. Дорнод аймгийн Булган сумын малчин 19-21 настай хоёр залуу малдаа яваад сураггүй байсныг өнгөрөгч ням гаригт эсэн мэнд оллоо.Мөн тус аймгаас нийслэл рүү ирж байсан 28 зорчигчтой автобус сураггүй болсон. Аймгийн Онцгой байдлын хэлтсээс аврагч нар гарч хайсаар цасанд суусныг олж тусламж үзүүлсэн. Өөр ноцтой хохирол учраагүй. Иргэдэд нэг зүйлийг анхааруулж хэлмээр байна. Цаг агаар муудна, цасан шуурга болно гэж хэлж, анхааруулсаар байтал хүүхэд хөгшдөө дагуулаад холын замд гараад, явах боломжгүй болохоороо бидэнд ханддаг. Хэдэн цаг хүлээгээд замд гарсан бол бензин тос гарздахгүй гэдгийг хүмүүс ойлгоосой. Хэрвээ аврагч нар олохгүй бол наад зах нь осгох, гар хөлөө хөлдөөх аюултай шүү дээ.
Х.Хангал