Л.Оюун-Эрдэнийн анхны айлчлал гуравдагч хөрш байв

Хуучирсан мэдээ: 2021.07.26-нд нийтлэгдсэн

Л.Оюун-Эрдэнийн анхны айлчлал гуравдагч хөрш байв

Л.Оюун-Эрдэнийн анхны айлчлал гуравдагч хөрш байв

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн анхны гадаад айлчлал гуравдагч хөрш Япон улс байв. Бүтэн нэг жилээр хойшилсон хүн төрөлхтөний эв нэгдлийн наадам Токио-2020 олимпийн наадамтай зэрэгцсэн Ерөнхий сайдын айлчлал Монгол Улсын хувьд чухал айлчлал байлаа. Сүүлийн хоёр жилийн хугацаанд Covid-19-ийн цар тахалтай холбоотойгоор Монгол Улсын төрийн өндөрлөгүүд гадаад айлчлал хийгээгүй юм.

  • 2019.12.03. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх ОХУ-д айлчилсан.
  • 2020.02.28. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга БНХАУ-д айлчилсан.
  • 2021.07.23. Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Япон улсад айлчлав.

Хоёр жил гаруйн хугацаанд цар тахалтай тэмцэж, олон улсын нислэгүүдээ зогсоож, хилээ хааж байсан Монгол Улсын хувьд төрийн тэргүүнүүдийн гадаадад хийх айлчлал чухал ач холбогдолтой. Ялангуяа цар тахлын хүндрэл арилаагүй, эдийн засгийн нөхцөл байдал хүндэрсэн энэ үед гуравдагч хөрш Япон улсад айлчилсан нь олон талын ач холбогдолтой гэж дүгнэж буй.  Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ айлчлалын үеэр Японы эзэн хаанд бараалхаж, Ерөнхий сайд Ё.Сүгатай албан ёсны уулзалт хийж, тус улсын Эдийн засгийн сэргээн босголт “Covid-19” цар тахалтай тэмцэх асуудал эрхэлсэн сайд, Японы ХӨСҮТ-ийн удирдлага, парламентын гишүүдтэй уулзаж, санал солилцсон байна.

“ТҮГЖРЭЛИЙГ БУУРУУЛАХ, ХУРДНЫ ЗАМ БАРИХ, МЭДЭЭЛЭЛ ТЕХНОЛОГИЙН ЧИГЛЭЛД ХАМТЫН АЖИЛЛАГААГАА ӨРГӨЖҮҮЛНЭ”

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Японы эзэн хаанд бараалхаж, Ерөнхий сайд Ё.Сүгатай албан ёсны уулзалт хийсэн бөгөөд сүүлийн хоёр жилд хоёр улсын Ерөнхий сайд уулзсан анхны тохиолдол юм. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ манай “гуравдагч хөрш” Япон Улстай Стратегийн түншлэлийн харилцаа, хамтын ажиллагааг бүхий л талаар өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө байгаагаа нотлов. Даян дэлхийн улс орнууд нэг гэр бүл болохыг харуулж байдаг Олимпийн наадмыг цар тахлын хүнд нөхцөл байдалд Япон Улсын Засгийн газар амжилттай зохион байгуулж байгаад баяр хүргэж, энэ удаагийн Олимпийн наадам хүн төрөлхтөн цар тахлыг амжилттай даван туулсны бэлгэ тэмдэг болон түүхэнд үлдэнэ гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв.

Ерөнхий сайд Ё.Сүга Олимпийн наадмыг зохион байгуулах түүхэн сорилттой үед Монгол Улсын Ерөнхий сайд хүрэлцэн ирсэнд, мөн гадаад улс оронд хийж буй анхны айлчлалаа Япон Улсаас эхлүүлсэнд баяртай байгаагаа илэрхийлжээ.  Монгол, Японы улс төрийн харилцааны бат бэх сууринд тулгуурлан эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалтын чиглэлд хамтын ажиллагааг дараагийн шатанд дэвшүүлж, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг эрчимжүүлэх шаардлагатай байгаад талууд санал нэгдэв. Хамтын ажиллагааны чиглэлд Хөшигийн хөндийд баригдсан “Чингис хаан” олон улсын нисэх буудлыг цогцоор өргөтгөж, эдийн засаг, мэдээлэл технологи, аялал жуулчлалын чөлөөт бүс болгон хөгжүүлэх, нийслэл Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулахад чиглэсэн Улаанбаатар хотыг тойрсон хурдны зам, Богдхан төмөр замын асуудал, мэдээлэл технологийн салбарт хувийн хэвшлийн хамтын ажиллагааг идэвхжүүлэх болон тус салбарын инженерүүдийг бэлтгэх, нүүрсний орд газруудыг түшиглэн устөрөгчийн цахилгаан станц баригдах техник эдийн засгийн үндэслэлд хамтран ажиллах зэрэг эдийн засгийн томоохон хамтын ажиллагааны чиглэлээр санал солилцсон байна.

Монгол, Японы Стратегийн түншлэлийг 2017-2021 онд хөгжүүлэх Дунд хугацааны хөтөлбөр амжилттай хэрэгжиж дуусгавар болж байгааг талууд сайшааж 2021-2025 онд хэрэгжүүлэх дараагийн Дунд хугацааны хөтөлбөрийн агуулгыг ойрын үед тохиролцож, талууд олон улс, бүс нутгийн талбарт идэвхтэй хамтран ажиллаж байгааг дурдаад НҮБ болон олон улсын хамтын ажиллагааны бусад байгууллагын хүрээнд цаашид  ч уялдаа холбоотой ажиллахаа мэдэгджээ.

"ЯПОН УЛСТАЙ COVID-19-ИЙН МЭДЭЭЛЛЭЭ СОЛИЛЦОЖ, ТУРШЛАГА СУДАЛНА"

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Япон Улсын Эдийн засгийн сэргээн босголт Covid-19 цар тахалтай тэмцэх асуудал эрхэлсэн сайд Я.Нишимура, Японы ХӨСҮТ-ийн захирал Т.Вакида нарыг хүлээн авч уулзав. Тэрбээр хичээл сургуулийн үйл ажиллагааг хэрхэн зохицуулж, эмчилгээнд ямар эм хэрэглэж, эдийн засгийн цаашдын төлөв байдлыг хэрхэн харж,  “Covid-19” цар тахлын дараа ард иргэдийг аль болох түргэн энгийн амьдралд эргэн оруулах ямар стратеги төлөвлөгөөтэй байгаа талаарх Япон Улсын туршлага, үйл ажиллагааг сонирхов. Япон дахь дельта вирусийн тархалт, вакцины дархлаажуулалтын үр нөлөө, эмийн хэрэглээ, нэн ялангуяа хүндээр өвдсөн өвчнүүдэд чиглэсэн эмчилгээний талаар тодруулж, мэдээлэл авсан байна.

Японы Халдварт өвчин судлалын үндэсний төв манай эмч, ажилтнуудыг сургалтад хамруулж, дадлагажуулах зэргээр дэмжлэг туслалцаа үзүүлж ирсэнд талархал илэрхийлээд манай ХӨСҮТ-өөс тус төвд илгээгээд буй SARS-CoV-2 вирусийн генийн өөрчлөлтийг шинжлүүлэх ажлыг түргэтгэж өгөхийг хүсчээ. Японы тал тус улсад хэрэглэгдэж байгаа гол эмнүүд хөнгөн шинж тэмдэгтэй өвчнүүдэд илүү үр нөлөөтэй байгаа, мөн цар тахлын эсрэг эм шинээр бүтээж байгаа талаараа танилцуулж, дельта вирусийн тархалт нийт тохиолдлын 30-40 хувьтай тэнцэж байгаа, халдварын тархалтаас урьдчилан сэргийлэхэд халдвар хамгаалалтын дэглэмийг чанд сахихын сацуу хавьталд орсон иргэдийн бүртгэл мэдээллийг нарийвчлан гаргаж байгааг танилцуулав. Япон Улс эмнэлгийн ажилтнууд, өндөр настнуудаа вакцинд хамруулж дууссан, халдвар албан байгууллага, ажлын байранд их гарч байгаа, түүнчлэн айл өрхийн нэг гишүүн өвдөхөд бусад нь дагаад халдвар авч байгаа нь урьд нь түгээмэл байгаагүй тул хэрхэн урьдчилан сэргийлэх дээр анхаарч байгаа гэжээ.

Сайд Я.Нишимура цаашдын төлөв амаргүй харагдаж байна гээд Монгол Улс цаг алдалгүй вакцинжуулалтын асуудлыг шийдвэрлэснийг дурдаад Японд энэ оны 10-11 дүгээр сард багтааж хүн амынхаа 60 орчим хувийг вакцинжуулалтад хамруулахыг зорьж байгаа, үүний дараа эдийн засгийн үйл ажиллагааг идэвхжүүлэх боломж нэмэгдэнэ гэж харж байгаа гэв. Халдвар хамгааллын дэглэмийн тухайд, Токиод оройны 20 цагаас хойш зоогийн газруудыг ажиллуулахгүй, PCR шинжилгээнд өдөрт 100 мянган иргэнийг хамруулж, түргэвчилсэн оношлуурын хувьд хариу нь 15 минутад гардаг шуурхай багцыг өргөнөөр ашиглаж байгааг танилцуулав. Мөн талууд мэдээллээ цаашид тогтмол солилцож, хамтарсан судалгаа хийх зэргээр улам нягт хамтран ажиллахаар ярилцсан байна.

Ш.ЧИМЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж