18 настай Тунис хүү таамаг эвдэж, олимпийн аварга болов

Хуучирсан мэдээ: 2021.07.25-нд нийтлэгдсэн

Токио 2020

18 настай Тунис хүү таамаг эвдэж, олимпийн аварга болов

18 настай Тунис хүү таамаг эвдэж, олимпийн аварга болов

Тунис улсын усан сэлэлтийн тамирчин Ахмед Хафнауи өнөөдөр/2021.07.25/ явагдсан эрэгтэйчүүдийн 400 метрийн өврөөр даллах сэлэлтийн төрөлд цахиур хагалж, 18 насандаа олимпийн аварга боллоо.

Өчигдөр урьдчилсан шатанд дөрөвдүгээр гарааны дөрөвдүгээр байраар буюу сүүлийн байраар финалын шатанд арайхийн орсон түүнийг өнөөдөр олимпийн аварга болно гэж хэн ч таамаглаагүй биз. Тэрбээр алтан медаль хүртсэнийхээ дараа хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Би итгэхгүй байна. Мөрөөдөл маань биеллээ. Миний амьдралын хамгийн шилдэг уралдаан энэ байлаа” хэмээжээ.

Ахмед Хафнауи олимпийн наадмаас алтан медаль хүртсэн Тунис улсын тав дахь тамирчин, гурав дахь усанд сэлэгч болжээ.

Харин мөнгөн медалийг Австралийн тамирчин Жэк Маклуфлин, хүрэл медалийг АНУ-ын тамирчин Кьеран Смит нар хүртжээ.

Ахмедын аав нь Тунис улсын сагсан бөмбөгийн үндэсний шигшээ багийн тоглогч Мохамед Хафнауи аж. 18 настай хүү 2019 онд орон нутгийнхаа "La Presse" сонинд өгсөн ярилцлагадаа 2024 оны Парисын олимпоос алтан медаль авах зорилготой гэж байв. Гэтэл тэрбээр зорилгоо гурван жилийн өмнө биелүүлж, 2024 онд аваргаа хамгаалах даалгавартай олимпод оролцох боллоо.

Тэрбээр дахин медаль хүртэх боломжтой. Ирэх Лхагва гаригт явагдах 800 метрийн өврөөр даллах тэмцээнд Ахмед оролцоно.

Мөн эмэгтэйчүүдийн 400 метрийн холимог сэлэлтийн төрөлд таамаглаагүй үр дүн гарсан. Японы тамирчин Юүи Охаши энэ төрөлд түрүүлж, түүний араас АНУ-ын хоёр тамирчин удаалжээ. Олимпод түрүүлсэн 25 настай Юүи “Үүнийг бодит гэж итгэхгүй л байна. Зүүд шиг л санагдаж байна. Би Риогийн олимпод оролцож чадаагүй. Сүүлийн таван жилийн турш үүнийг л мөрөөдөж ирлээ. Үнэхээр гайхалтай амжилтанд хүрлээ” хэмээн ярьжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
83
ЗөвЗөв
12
ХөөрхөнХөөрхөн
9
ГайхмаарГайхмаар
8
ХахаХаха
7
БурууБуруу
4
ТэнэглэлТэнэглэл
3
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж