Токиогийн олимпод төрийн дуулал, далбаагаа ашиглах эрхгүй болсон Оросын баг тамирчид өнөөдөр/2021.07.25/ анхны алтан медалиа хүртлээ. Тодруулбал, эмэгтэйчүүдийн 10 метрийн хийн гар бууны төрөлд өрсөлдсөн Виталина Бацарашкина 240.3 оноо аван олимпийн рекордыг шинэчилж, алтан медаль хүртжээ. Харин мөнгөн медалийг Болгарын тамирчин Антоанета Костадинова, хүрэл медалийг Хятадын Жиан Раншин тус тус хүртэв.
Харамсалтай нь, Виталина Бацарашкина алтан медаль гардах үеэрээ төрийн дууллаа сонссонгүй. Харин оронд нь суут Пётр Чайковскийгийн найрал хөгжимтэй төгөлдөр хуурын нэгдүгээр концерт эгшиглэв.
Төрийн дууллаас гадна Оросын баг тамирчид "Оросын олимпийн хороо" гэх нэрэн дор жагссан.
Дэлхийн допингийн эсрэг агентлагаас Оросын төрийг зохион байгуулалттайгаар тамирчдынхаа допингийн хариуг нуудаг, сольдог, хэрэглүүлдэг гэж буруутган 2019 онд дөрвөн жилийн хориг тавьсан билээ.
Оросын баг тамирчид одоогоор нэг алт, нэг мөнгө, нэг хүрэл хүртсэн амжилттай багийн дүнгээр Хятад, Япон, АНУ-ын ард дөрөвдүгээрт бичигдэж байна.
Токио 2020 олимпоос улсынхаа анхны медалийг хүртсэн Виталина Бацарашкинагийн төрөлд О.Гүндэгмаа болон Ц.Анударь нар өрсөлдсөн боловч шигшээ шатанд шалгарч чадаагүй юм. Өдгөө 24 настай Орос бүсгүйн хувьд 2016 оны олимпоос мөнгөн медаль хүртэж байв.
Холбоотой мэдээ