Олон улсын хүүхэд, залуучуудын “Радуга-Кайсса 2021″ шатрын онлайн тэмцээн өчигдөр эхэллээ. Дэлхийн Шатрын холбооны дэмжлэгтэйгээр, “Радуга Плюс” ТББ болон Латви улсын Шатрын холбоо хамтран зохион байгуулж байгаа тус тэмцээнд 12 хүртэлх насны ангилалд 50 улсын 172 тамирчин, 16 хүртэлх насны ангилалд 35 улсын 85 тамирчин өрсөлдөж байна. Монгол Улсаа төлөөлөн өсвөрийн 15 тамирчин оролцож байна.
Тэмцээний финалын шатанд манай улсаас Дэлхийн Шатрын холбооны мастер (ДШХМ) С.Чингүүн, ДШХ-ны дэд мастер Х.Өлзийхишиг нар 16 насны хөвгүүдийн ангилалд, ДШХ-ны дэд мастер Ч.Азжаргал 12 насны охидын ангилалд, мөн дэд мастер Б.Дүүрэнхишиг 12 насны хөвгүүдийн ангилалд тус тус шалгарч үлдээд байна.
Тэмцээн хоёр насны нээлттэй болон охидын ангилалтай, урьдчилсан ба финалын шатаар болж байна. А хэсгийн тэмцээнд оролцоод шалгарч чадаагүй шатарчдад хоёр дахь боломжийг олгож Б хэсгийн тэмцээнд тоглуулах юм. Цагийн хяналт 5 минут, эхний нүүдлээс эхлэн нүүдэл бүрт 3 секундын нэмэгдэлтэй байна. Мөн ангилал тус бүрийн шилдэг 8 оролцогч финалын шатанд өрсөлдөж, 16 тамирчин хасагдах журмаар тоглох юм байна.
Тэмцээний ангилал тус бүрийн тэргүүн байр эзэлсэн тамирчид 2022 оны Дэлхийн шатрын олимпиадад өрсөлдөх эрх авах бөгөөд нээлтийн ёслолын ажиллагаанд оролцох тасалбар хүртэнэ. Мөн ангилал тус бүрээс эхний гурван байр эзэлсэн тамирчид Дэлхийн аварга Ruslan Ponomariov (U16) болон Эмэгтэйчүүдийн Дэлхийн аварга Antoaneta Stefanova (U12) нарын онлайн сургалтад оролцох эрх авна.
Эх сурвалж: Монголын Шатрын Холбоо
Холбоотой мэдээ