Олимпийн наадмын анхны медальтнууд өчигдөр /07.24/ тодорсон. Тодруулбал, буудлагын спортын эмэгтэйчүүдийн урт бууны 10 метрийн тэмцээн явагдаж, Хятадын Ян Чиан алт, Оросын Анастасиа Галашина мөнгө, Швейцарийн Нина Кристен хүрэл медаль тус тус хүртэв.
Хятадын Ян Чиан алтан медаль хүртэхдээ 251.8 оноо авч, олимпийн наадмын рекордыг тогтоосон. Хятадууд өчигдөр олимпийн хоёр рекорд шинэчилсний нэг нь энэ байлаа. Хоёр дахь олимпийн рекордыг нь хүндийн өргөлтийн эмэгтэй 49 кг-ийн төрөлд өрсөлдсөн Хоу Зжихуй 210 кг өргөж, тогтоосон.
Тэмцээний эхний өдрийн дараах байдлаар Хятад улс гурван алт, нэг хүрэл медаль хүртсэн амжилтаараа тэргүүлж байгаа бол тэдний араас нэг алт, нэг мөнгө хүртсэн Итали, Япон, нэг алт, хоёр хүрэл хүртсэн Өмнөд Солонгос зэрэг улсууд удаалж байна. Харин Монгол Улсын хувьд нэг хүрэл медальтай 19-р байранд явна. АНУ, Канад, Австрали тэргүүтэй улсууд хараахан медаль авч амжаагүй байна.
“Gracenote” олон улсын спортын судалгааны компаниас Токио-2020 олимпийн наадмын медалийн хүснэгтийг урьдчилан тооцоолжээ. Энэ медалийн хүснэгтийг багийн дүнгээр АНУ-ын баг тамирчид тэргүүлсэн бөгөөд тэднийг олимпийн наадмаас нийт 114 медаль (43 алт, 30 мөнгө, 41 хүрэл) авна гэж тооцжээ. Харин тэдний араас Хятад улсыг 85 медаль (38 алт, 23 мөнгө, 24 хүрэл) авна гэж тооцсон бол гуравдугаар байранд Оросыг 73 медаль (23 алт, 24 мөнгө, 26 хүрэл) хүртэнэ гэв.
Холбоотой мэдээ