Тойм: Монголчууд олимпийн наадмыг хүрлээр эхлүүллээ

Хуучирсан мэдээ: 2021.07.25-нд нийтлэгдсэн

Тойм: Монголчууд олимпийн наадмыг хүрлээр эхлүүллээ

Тойм: Монголчууд олимпийн наадмыг хүрлээр эхлүүллээ

Токио 2020 олимпийн наадмын албан ёсны эхний өдрийн буюу өчигдрийн /2021.07.24/ тоймыг та бүхэндээ хүргэж байна.


БУУДЛАГЫНХАН ФИНАЛД ШАЛГАРАХАД ОНОО ДУТАВ

Монголын буудлагын тамирчид финалд шалгарахад тун ойрхон байв. Эмэгтэйчүүдийн хийн урт бууны 10 метрийн төрөлд өрсөлдсөн О.Есүгэн 624 оноотой 25-р байранд жагссан. Нийт 50 тамирчин өрсөлдөж, финалын шатанд 628.5-аас дээш оноотой найман тамирчин шалгарсан. Түүнд ердөө 4.5 оноо л дутсан.

Харин эрэгтэйчүүдийн хийн гар бууны 10 метрийн төрөлд өрсөлдсөн Э.Даваахүү 577 оноотой, 12-р байраар тэмцээнээ өндөрлүүлсэн. Нийт 36 тамирчин өрсөлдөж, финалын шатанд 578 болон түүнээс дээш оноотой найман тамирчин шалгарсан. Түүнд ганцхан оноо л дутсан.

ШИРЭЭНИЙ ТЕННИСНИЙ ТАМИРЧИД ТҮҮХЭН АМЖИЛТ ҮЗҮҮЛЭВ

Монгол Улс түүхэндээ анх удаа ширээний теннисний спортоор олимпод оролцсон нь Токио 2020 байлаа. Анх удаа оролцохоос гадна эмэгтэй ганцаарчилсан төрөлд өрсөлдсөн Б.Болор-Эрдэнэ Монголын ширээний теннисний спортын түүхэнд шинэ хуудас нээж, олимпод ялалт байгуулав. Өдгөө 18 настай тэрбээр урьдчилсан шатанд Тунис улсын тамирчин Фадва Гарсиг таван ээлжийн тоглолтод 4-1 гэсэн харьцаатай, нэгдүгээр тойрогт шалгарсан.

Б.Болор-Эрдэнэ эхний тойрогтоо Чилийн хашир туршлагатай, 37 настай Паулиниа Вегатай өрсөлдөж, дөрвөн ээлжийн тоглолтод 4-0 гэсэн харьцаатай ялагдаж, олимпоо өндөрлүүлсэн. Чили тамирчны хувьд 2004 оны Афины олимпод оролцож байсан намтартай.

Тэгвэл эрэгтэй ганцаарчилсан төрөлд өрсөлдсөн Э.Лхагвасүрэн урьдчилсан шатанд АНУ-ын тамирчин Нихил Кумартай таарч, таван ээлжийн тоглолтод 4-1 гэсэн харьцаатай ялагдаж, тэмцээнээ өндөрлүүлсэн.

М.УРАНЦЭЦЭГ 16 ЖИЛ ХҮСЭН ХҮЛЭЭСЭН ОЛИМПИЙН МЕДАЛИА ХҮРТЭВ

Дэлхийн жүдогийн ертөнцөд Монголын нэрийг өндөрт гаргаж буй МУГТ М.Уранцэцэг өчигдөр хөдөлмөрийнхөө үр шимийг хүртэж, Токиогийн олимпоос хүрэл медалиа хүртлээ. Ийнхүү түүний шагналын цуглуулгад хүртэж үзээгүй медаль үгүй болов.

МУГТ М.Уранцэцэг Токиогийн олимпод учраа таарсан өрсөлдөгч бүрээ цэвэр ялсан. Тэрбээр эхний тойрогтоо гоц мөргөж, хоёрдугаар тойрогтоо Чилийн Мари Ди Варгасыг, шөвгийн наймд Израилийн Шира Ришониг тус тус ялж, В хэсгээ тэргүүлэн хагас шигшээд шалгарсан. Хагас шигшээд Косовогийн Дистриа Красниктай таарч, харамсалтайгаар ялагдал хүлээсэн. Гэвч хүрэл медалийн төлөө Португалын Катарина Костатай барилдаж, хүсэн хүлээсэн олимпийн медалиа зүүлээ.

Монголын баг тамирчид Токио 2020 олимпийн наадмыг хүрэл медальтай эхлүүллээ.

Э.ЦЭНДБААТАР ТОКИОГИЙН ОЛИМПИЙГ ЯЛАЛТААР ЭХЛҮҮЛЭВ

Токио 2020 олимпийн наадмын боксын спортын тулаанууд өчигдөр эхэлсэн. Энэ өдөр Монгол Улсаа төлөөлөн эрэгтэй 57 кг-ийн жинд МУГТ Э.Цэндбаатар Кенийн тамирчин Ник Окоттой тулалдан, 3-2 гэсэн харьцаатай ялалт байгууллаа.

Э.Цэндбаатар долдугаар сарын 28-ны 18:06 цагт ээлжит тулаанаа Вьетнамын тамирчин Нгүэн Ван Дуонгийн эсрэг хийнэ.

3Х3 САГСАН БӨМБӨГИЙН ЭМЭГТЭЙ БАГ ТҮҮХЭН ТОГЛОЛТ ХИЙВ

Монголчууд багийн спортоор амжилт олохгүй гэж байсан бол өчигдөр Монголын 3х3 сагсан бөмбөгийн эмэгтэй баг олимпийн наадмын анхны тоглолтоо хийв. Өөр ямар ч багийн спортын баг Монголоос олимпод оролцож байсан түүх байхгүй.

Тэд эхний тоглолтоо Италийн эсрэг хийж, 15-14 гэсэн харьцаатай хожигдсон. 2018 оны дэлхийн цомын эзэд Италичууд тоглолтыг сайн эхлүүлж, онооны тэргүүллийг авсан. Гэвч Монголын бүсгүйчүүд тоглолтын төгсгөлд хариуг нь барьж, тоглолт ердөө ганцхан онооны зөрүүтэй шийдэгдэв.

Дараагийн тоглолтоо сагсан бөмбөгийн спортыг үндэслэгч АНУ-ын эсрэг хийсэн. Мэргэжлийн түвшинд сагсан бөмбөг тоглодог Америк бүсгүйчүүд 21-9 гэсэн харьцаатай ялалт байгуулав.

МОНГОЛ ШҮҮГЧИД ОЛИМПИЙН НААДМЫГ ДЭНСЭЛЖ БАЙНА

Тамирчдаас гадна Монголын шүүгчид ур чадвараараа гайхагдан, Токио 2020 олимпийн наадамд ажиллаж байна. Тодруулбал, жүдогийн төрөлд Т.Энхцэцэг, хүндийн өргөлтийн төрөлд Л.Одгэрэл, байт харвааны төрөлд Э.Саруул нар ажиллаж байгаа.

Т.Энхцэцэгийн хувьд өчигдөр эрэгтэй -60 кг, эмэгтэй -48 кг-ийн барилдаануудыг шүүсэн. Харин Л.Одгэрэл хүндийн өргөлтийн эмэгтэй 49 кг-ийн финалын шатыг дэнсэлсэн. Мөн Э.Саруул долдугаар сарын 23-нд явагдсан байт харвааны эрэгтэй, эмэгтэй, холимог багийн төрөлд ажиллажээ.

МОНГОЛЧУУД БАГИЙН ДҮНГЭЭР 19-Р БАЙРАНД ЯВЖ БАЙНА

Өчигдөр олимпийн наадмын анхны медальтнууд тодорсон. Тодруулбал, буудлагын спортын эмэгтэйчүүдийн урт бууны 10 метрийн тэмцээн явагдаж, Хятадын Ян Чиан алт, Оросын Анастасиа Галашина мөнгө, Швейцарийн Нина Кристен хүрэл медаль тус тус хүртэв.

Хятадын Ян Чиан алтан медаль хүртэхдээ 251.8 оноо авч, олимпийн наадмын рекордыг тогтоосон. Хятадууд өчигдөр олимпийн хоёр рекорд шинэчилсний нэг нь энэ байлаа. Хоёр дахь олимпийн рекордыг нь хүндийн өргөлтийн эмэгтэй 49 кг-ийн төрөлд өрсөлдсөн Хоу Зжихуй 210 кг өргөж, тогтоосон.

Тэмцээний эхний өдрийн дараах байдлаар Хятад улс гурван алт, нэг хүрэл медаль хүртсэн амжилтаараа тэргүүлж байгаа бол тэдний араас нэг алт, нэг мөнгө хүртсэн Итали, Япон, нэг алт, хоёр хүрэл хүртсэн Өмнөд Солонгос зэрэг улсууд удаалж байна. Харин Монгол Улсын хувьд нэг хүрэл медальтай 19-р байранд явна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж