Хойд Солонгос K-попоос асар их айж байна

Хуучирсан мэдээ: 2021.07.24-нд нийтлэгдсэн

Хойд Солонгос K-попоос асар их айж байна

Хойд Солонгос K-попоос асар их айж байна

Өнгөрсөн арван жилийн хугацаанд Өмнөд Солонгосын K-Pop, K-Drama тодотголтой урлаг соёлоороо дэлхийг байлдан дагуулж буй. Харин энэхүү соёлын нөлөөнөөс болгоомжилж, үүний эсрэг сөрөн зогсож байгаа цор ганц орон нь хөрш зэргэлдээ Хойд Солонгос юм. Хойд Солонгосын хувьд өнгөрсөн хугацаанд өөрийн улсыг гадаад ертөнцөөс бүрэн тусгаарлаж, тус улс руу гарч орох аливаа мэдээлэлд хатуу хяналт тавьсаар ирсэн. Тухайлбал, тус улсын хилээр гадаадын ном зохиол, кино хальс зэргийг нэвтрүүлэхийг хориглодог бөгөөд ийм зөрчил гаргасан этгээдэд хатуу ял оноодог байна.

Гэхдээ Хойд Солонгос, Хятадын харилцаа өргөжин тэлэхийн хэрээр уг хориг хязгаарлалт зарим талаар зөөлөрч иржээ. Мөн ойрын жилүүдэд  Хойд болон Өмнөд Солонгосын харилцаа бага зэрэг сайжирсан нь тус улсад К-поп урлагийн нөлөө нэвтрэх боломжийг бүрдүүлсэн аж. Харин сүүлийн үед Хойд Солонгост үүсээд буй нөхцөл байдлаас шалтгаалан бүр эрт үеийн, илүү тусгаарлагдмал байсан түүхийг санагдуулам хатуу хориг хязгаарлалтууд нийгэмд дахин үйлчлэх болжээ. Өмнөд Солонгосын хууль сахиулагч Ха Тэ Кюн энэ сарын эхээр Төрийн тагнуулын байгууллагын бага хуралд оролцсоныхоо дараа “Хойд Солонгосын нутаг дэвсгэрт өдгөө хүүхэд залуусыг хэрхэн хувцаслаж, ярьж байхыг заасан хатуу дүрэм журмууд үйлчилж байгаа” хэмээн мэдэгдсэн юм.

Тухайлбал, залуус олон нийтийн газар бие биенээ хайрлаж энхрийлсэн байдал гаргавал гадны соёлыг түгээж буй хэлбэр гэж үзэх бөгөөд дүрэм журмыг дагахгүй байвал хувьсгалын эсэргүүнд тооцохоор болжээ.  Мөн Хойд Солонгосын охид хайртай залуугаа “уба” гэж дууддаг болсныг эрс эсэргүүцэж, “нөхөр эрэгтэй” гэж дуудаж байхыг шаардсан аж. Өнгөрсөн Ням гаригт Хойд Солонгосын төрийн мэдлийн “Родонг Синмун” сонинд залуусыг эх орныхоо дуудлагад үнэнч байхыг уриалан дуудсан хурц нийтлэл гарсан байна. Уг нийтлэлд "Үзэл суртал, соёлын салбарт хийх тэмцэл бол бидний цусгүй дайн юм” хэмээх Ким Жон Уны үгийг иш татжээ. Хэдийгээр нийтлэлд Өмнөд Солонгосын талаар онцгойлон дурдаагүй боловч “Соёлын дайнд ялагдах нь байлдааны талбарт ялагдахаас хэд дахин хор уршигтай байх болно" гээд “Хувцаслалт, үс засалт, үг яриа нь бидний бодол, үзэл санааны амин сүнс, гол илрэл юм” гэжээ.

Цаашилбал, “Залуус дуулж бүжиглэж болно. Гэхдээ энэ дуу бүжиг манай ард түмний үндэсний мэдрэмж, цаг үеийн хэрэгцээ шаардлагад нийцэх аялгуу, хэмнэл байх учиртай” гэсэн байв. Энэхүү жигтэй үзэгдлийг гадны шинжээчид Хойд Солонгосын хувьд эрх мэдэл, хяналтыг бэхжүүлэх оролдлогоос гадна үг яриа, хувцаслалт зэрэг энгийн зүйлсээр ялгарах тэмцэл мөнхүү хурцаар тавигддаг болохыг харууллаа гэж дүгнэжээ. Мөн тэдний тайлбарласнаар Хойд Солонгосын аливаа хориг чангарч сулрах нь эдийн засгийн өсөлт бууралт, гадаад бодлогын шинэчлэл зэрэгтэй нь салшгүй холбогддог байна.

С.НАРАНГАРАВ

ЭХ СУРВАЛЖ: CNN NEWS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
18
ХахаХаха
12
ТэнэглэлТэнэглэл
4
ХөөрхөнХөөрхөн
4
ХарамсалтайХарамсалтай
2
ЗөвЗөв
2
БурууБуруу
1
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж