Ши Жиньпин Төвөдөд гэнэтийн айлчлал хийлээ

Хуучирсан мэдээ: 2021.07.24-нд нийтлэгдсэн

Ши Жиньпин Төвөдөд гэнэтийн айлчлал хийлээ

Ши Жиньпин Төвөдөд гэнэтийн айлчлал хийлээ

Хятадын дарга Ши Жиньпин энэ амралтын өдрөөр Төвөдөд айлчлал хийсэн нь олон улсын анхаарлыг шууд татав. Хятад улсаас Гималайн бүс нутаг дахь Буддын шашны уламлалт соёлд тавих хяналтаа чангатгахын зэрэгцээ тус бүс нутгийн эдийн засгийн өсөлт, дэд бүтцийн хөгжилийг түргэсгэхээр хичээж буй. Хятадын төрийн хэвлэлийн өгсөн мэдээллээр Ши дарга нийслэл Лхас хотод айлчлахдаа Дрепунгийн хийд, Бархорын гудамж, Далай лам зэрэг Түвдийн үе үеийн оюун санааны удирдагчдын өлгий Потала ордон дахь төв талбай зэргийг үзэж сонирхсон байна. Түүний айлчлалыг урьдчилан мэдэгдээгүй бөгөөд Бээжин хотноо буцсан эсэх нь ч тодорхойгүй байгаа аж.

Хятадын удирдлагууд сүүлийн жилүүдэд Төвөдийн лам нарт тавих хяналтаа нэмэгдүүлж төвөд хэлнээс илүүтэй хятад хэлний боловсролыг түгээхэд анхаарах болжээ. Мөн уг бодлогод шүүмжлэлтэй хандаж буй хүмүүсийг барьж саатуулахаас гадна олон жилийн хорих ял оноож байгаа юм. Тэр дундаа Хятадын дэглэмийн эсрэг тэмцэл бөхсөн он жил буюу 1959 онд Төвөдөөс дүрвэн гарч, Энэтхэгт суурьших болсон Далай ламтай холбогдсон нь тогтоогдвол хорих ялаас мултрах аргагүй аж. Учир нь Хятад улс Далай ламыг Төвөдийг Хятадаас салан тусгаарлахаар зорьж, энэхүү үзлээ нийтэд түгээдэг хэмээн буруутгадаг юм.

Ямар ч байсан Ши Жиньпин Хятадын төрийн эрхийг барьж буй өнгөрсөн есөн жилийн хугацаанд Төвдөд дотоодын аялал жуулчал мэдэгдэхүйц хэмжээгээр өсч, шинэ онгоцны буудал, төмөр зам, хурдны замууд баригдсан байна.

Синьхуа агентлагийн өгсөн мэдээллээр энэ Пүрэв гаригт Төвөдөд хийсэн айлчлалынхаа үеэр Ши дарга угсаатны болон шашны асуудлыг ихэд чухалчлан үзсэн төдийгүй Төвөдийн соёлыг хадгалан өвлүүлэх тал дээр анхаарч ажиллахаа илэрхийлжээ. Өмнөх өдөр нь тэрбээр Нинчи хотод зочилж, Брахмапутрагийн дээд гол болох Ярлунг Зангбо голын сав газарт далан барьж буй ажилтай танилцжээ. Мөн Хятадын Сычуань мужаас Төвөд хүртэлх төмөр зам барих төслийн ажилтай танилцсаны дараа өнгөрсөн сар ашиглалтад орсон Ниинчи-Лхас чиглэлийн Төвөдийн анхны цахилгаанжуулсан төмөр замаар зорчжээ.

Ши даргын айлчлал “17 цэгийн гэрээ”-г байгуулсны 70 жилийн ойтой давхцаж байгаа нь цагаа олсон айлчлал боллоо гэж олон улс дүгнэж байна. Далай ламын гарын үсэг зурсан уг гэрээгээр Хятад улс Төвөдөд хяналтаа бүрэн тогтоосон гэж үздэг ч төвөдүүдэд өнөөдрийг хүртэл хүлээн зөвшөөрөгдөхгүй байгаа юм. Далай ламын хувьд гэрээнд хүчээр гарын үсэг зуруулсан хэмээн мэдэгддэг байна. Айлчлалыг зохион байгуулж буй арга хэлбэр болон Хятадын төрийн хэвлэл мэдээллээр айлчлалыг шууд дамжуулахгүй байгаа зэргээс харахад Хятадад Төвөдийн асуудал өнөөдөр ч хурцадмал хэвээр байгаа төдийгүй энэ бүс нутагт тогтоосон хяналтандаа Бээжингийн эрх баригчид итгэлгүй байгаагийн илрэл юм гэж Вашингтонд төвтэй Төвөдийн олон улсын аянаас мэдэгджээ.

С.НАРАНГАРАВ

ЭХ СУРВАЛЖ: ASSOCIATED PRESS NEWS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ТэнэглэлТэнэглэл
5
БурууБуруу
3
ЗөвЗөв
2
ХөөрхөнХөөрхөн
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж