Анжелина Жоли 2016 онд нөхөр Брэд Питтээс салах өргөдлөө өгснөөс хойш тэдний дунд хүүхдүүдээ асран хамгаалахтай холбоотой маргаан үргэлжилсээр байна. Тун саяхан энэхүү хуулийн маргаан Жолигийн талд ашигтайгаар эргэжээ. Тодруулбал, өнгөрсөн тавдугаар сард хүүхдүүдийг хамтран асран халамжлах эрхийг Питтэд олгосон шүүгч Жон Оудеркирк нь Питтийн өмгөөлөгчтэй бизнесийн харилцаа холбоотой байсан нь илэрсэн юм. Калифорни мужийн шүүх энэ Баасан гаригт Жон Оудеркиркийг хувийн харилцаагаа нууцалснаар шүүгчийн ёс зүйн хэм хэмжээг зөрчлөө гэж үзээд түүнийг хэргээс холдуулжээ. Ингэснээр таван хүүхдээ хэн нь асрамжлах тухай хосуудын маргааныг өөр шүүгч дахин авч хэлэлцэхээр болов.
Брэд Питтийн хэвлэлийн төлөөлөгч тус шүүхийн шийдвэрийг асуудалд өнгөц хандсан гэж мэдэгдсэн бол Жолигийн талаас ямар нэгэн мэдэгдэл хийгээгүй байна. Харин “AFP” агентлагт өгсөн мэдээллээр Жоли асран хамгаалах эрхийн төлөөх шүүх хуралдаан хүүхдүүдийнх нь саналыг сонсох ёстой гэж үзэж байгаа аж. Шүүгч Жон Оудеркирк хүүхдүүдэд нь энэ эрхийг олгохоос татгалзсан байжээ. Ийнхүү 17 настай Пакс, 16 настай Захара, 15 настай Шило болон 13 настай ихрүүд Вивьенн ба Нокс нарыг асран хамгаалах эрхийг авахаар нэгэн цагт Холливудын шилдэг хос байсан одууд шүүхээр үргэлжлүүлэн заргалдахаар боллоо.
Шүтэн бишрэгчид нь хосыг “Брэнжелина” гэж өхөөрдөн дууддаг байсан цаг саяхан юм. Тэд анх 2004 “Ноён ба хатагтай Смит” хэмээх бүтээлд хамтран гол дүр бүтээж байхдаа дотноссон бөгөөд үүнээс хойш 10 жилийн хугацаанд үерхэж байгаад 2014 онд албан ёсоор гэр бүл бололцсон юм. Харин үүнээс хоёр жилийн дараа Жоли “тэсвэрлэшгүй их зааг ялгаа”-наас үүдэн салах өргөдлөө өгсөнөөр хосууд салжээ. Тэдний салалт 2019 онд хуулийн дагуу баталгаажсан юм. Энэ нь жүжигчин Билли Боб Торнтон, Жонни Ли Миллер нараас хойшхи Жолигийн гурав дахь гэрлэлт байсан бол Питтийн хувьд үүнээс өмнө “Найзууд” цувралын од Женнифер Анистонтой амьдралаа холбож байв.
С.НАРАНГАРАВ
ЭХ СУРВАЛЖ: BBC NEWS
Холбоотой мэдээ