АНУ-ын төрийн нарийн бичгийн даргын орлогчтой хоёр талын уулзалт хийв

Хуучирсан мэдээ: 2021.07.24-нд нийтлэгдсэн

АНУ-ын төрийн нарийн бичгийн даргын орлогчтой хоёр талын уулзалт хийв

АНУ-ын төрийн нарийн бичгийн даргын орлогчтой хоёр талын уулзалт хийв

НЭМЭЛТ:

Энэ сарын 23-25-ны өдрүүдэд Монгол Улсад айлчилж буй Америкийн Нэгдсэн Улсын Төрийн нарийн бичгийн даргын орлогч хатагтай Вэнди Шерманыг Гадаад харилцааны Дэд сайд Б.Мөнхжин 7 дугаар сарын 24-ний өдөр ГХЯ-нд хүлээн авч уулзаж, Монгол, Америкийн харилцаа, хамтын ажиллагааны өргөн хүрээтэй асуудлаар санал солилцов.

Дэд сайд Б.Мөнхжин Монгол Улсын гуравдагч хөрш, стратегийн түнш – АНУ-аас өндөр түвшний төлөөлөгч айлчилж байгаа нь Монгол, Америкийн стратегийн түншлэлийн харилцааг бататгах, хоёр орны найрсаг харилцааг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой болохыг тэмдэглэж, дэлхий дахиныг хамарсан цар тахлын үед ч талууд хамтын ажиллагаагаа идэвхтэй байлгахад анхаарч байгаагийн илрэл юм гэв.

Хатагтай Вэнди Шерман Монгол Улс Ерөнхийлөгчийн сонгуулиа амжилттай зохион байгуулж, улсын баяр наадмаа тэмдэглэж буй зэрэг олон үйл явдал зэрэгцсэн үеэр Монгол Улсад айлчилж байгаадаа баяртай байгаагаа илэрхийлж, АНУ нь Монголын ардчиллыг бататган бэхжүүлэхэд урьдын адил дэмжсээр байх болно гэдгээ нотлон, монголын цэргүүд Афганистан дахь энхийг сахиулах ажиллагаанд хамтран алба хаасанд талархал илэрхийлэв.

Мөн хоёр тал худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны боломжийг нэмэгдүүлэх, МСК-ын II компакт гэрээ, Ил тод байдлын хэлэлцээрийг хэрэгжүүлэхэд хамтран ажиллахын төлөө байгаагаа илэрхийлэв.

Дэд сайд Б.Мөнхжин монголын залуучуудыг АНУ-д суралцах, дээд боловсрол эзэмших боломжийг өргөжүүлэх тухай саналыг ТНБД-ын орлогчид тавив. Мөн талууд цар тахлын үеийн дэлхий дахины байдал, вакцинжуулалт болон бүс нутаг, олон талт хамтын ажиллагааны харилцан сонирхсон асуудлаар санал солилцлоо.


Америкийн Нэгдсэн Улсын Төрийн нарийн бичгийн даргын орлогч хатагтай Вэнди Шерманы Монгол Улсад хийх айлчлал өнөөдрөөс эхлээд байна.

Вэнди Шерман тэргүүтэй төлөөлөгчид өнөөдөр Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт бараалхаж, ГХЯ, Соёлын яам, БХЯ, ЗХЖШ-ын удирдлагуудтай тус тус уулзах юм.

АНУ-ЫН ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГЫН ОРЛОГЧ ВЭНДИ ШЕРМАН

 Хатагтай Вэнди Шерман АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын орлогчоор 2021 оны дөрөвдүгээр сараас ажиллаж байна.

Тэрбээр 1949 онд Балтимор хотноо еврей гаралтай гэр бүлд мэндэлсэн бөгөөд Бостоны Их сургуулийг 1971 онд социологи, хот судлалын бакалавр, 1976 онд Мэрилэндийн Их сургуулийг нийгмийн ажилтны магистрын зэрэгтэйгээр төгссөн.

Вэнди Шерман ажлын гараагаа хүчирхийлэлд өртсөн эмэгтэйчүүд болон ядуурлын түвшинд амьдарч буй хүмүүст туслах ажлаас эхлүүлж байжээ. Улмаар төрийн болон төрийн бус байгууллагад олон ажил эрхэлж ирсний дотор Конгрессын гишүүн хатагтай Б.Микулскигийн Ажлын албаны дарга, Мэрилэнд мужийн хүүхэд, залуучуудын асуудал эрхэлсэн тусгай нарийн бичгийн дарга, Хүүхэд хамгааллын газрын дарга, Ардчилсан намын 1988 оны сонгуулийн зохицуулагч, 1991-1993 онд Ардчилсан намын эмэгтэй нэр дэвшигчдийг дэмжих байгууллагын тэргүүнээр ажиллаж байжээ.

 Ерөнхийлөгч Билл Клинтоны Засаг захиргааны үед тэрбээр Төрийн департаментад Хууль тогтоох асуудал эрхэлсэн Туслах төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж, Төрийн департаментын зүгээс Конгресстой хамтран ажиллах ажлыг удирдаж байсны дотор Зөвлөлт Холбоот Улсаас тусгаар тогтносон орнуудад санхүүжилт олгуулах асуудлыг шийдвэрлүүлж байсан.

Вэнди Шерман Төрийн нарийн бичгийн дарга М.Олбрайтын Тусгай зөвлөх (Элчин сайдын зиндаатай), Умард Солонгосын асуудлаарх бодлогын зохицуулагчаар ажиллаж байсан бөгөөд чухам энэ үед тэрбээр АНУ нь БНАСАУ-ыг цөмийн чадамжтай болохоос сэргийлэх цорын ганц арга зам бол дипломат ажиллагаа буюу яриа хэлэлцээ хийх явдал болно хэмээн тодорхойлж, санал болгож байсан аж.

Вэнди Шерман Ерөнхийлөгч Барак Обамагийн Засаг захиргааны үед 2011-2015 онд АНУ-ын Улс төрийн асуудал хариуцсан Туслах төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж, Ираны цөмийн хөтөлбөрийн талаар бусад улс оронтой хийх яриа хэлэлцээг амжилттай удирдсан бөгөөд Ерөнхийлөгч асан  Барак Обама түүнийг Үндэсний аюулгүй байдлын медалиар шагнаж байжээ.

Вэнди Шерман нь Төрийн нарийн бичгийн даргын орлогчоор томилогдохоосоо өмнө Харвардын Их сургуулийн Кеннедигийн сургуулийн Олон нийтийн манлайллын төвийн захирал, мөн тус сургуулийн Шинжлэх ухаан ба олон улсын харилцааны Белфер төвийн ахлах ажилтан, Олбрайт Стоунбридж группын Ахлах зөвлөхөөр тус тус ажиллаж байсан болно. Түүнчлэн АНУ-ын Ерөнхийлөгчийн Тагнуулын зөвлөл, БХЯ-ны Батлан хамгаалах бодлогын зөвлөл, Конгресс дахь Үй олноор хөнөөх зэвсэглэлээс урьдчилан сэргийлэх, үл дэлгэрүүлэх, терроризмтой тэмцэх зөвлөлийн гишүүнээр ажиллаж байжээ.

АНУ-ын Төрийн департаментын дээрээсээ хоёрт эрэмбэлэгддэг өндөр албан тушаалтан болох өдгөө 72 настай хатагтай Вэнди Шерманыг яриа хэлэлцээ хийхдээ шаргуу, туршлагатай дипломат хэмээн тодорхойлдог. Тэрбээр энэ албан тушаалыг хашиж буй анхны эмэгтэй.


АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын орлогч Вэнди Шерман өнөөдөр Монгол Улсад айлчилна.

Тэрээр Япон, БНСУ, Монгол, Хятад улсад айлчилж байгаа юм. Венди Шерман айлчлалаа Япон улсаас эхлүүлж, өнөөдөр Сөүлээс Улаанбаатарт ирнэ. Тэрбээр Монгол Улсын албаныхантай хоёр улсын стратегийн түншлэлийн харилцааг бэхжүүлж, ардчилал, хүний эрхийн үнэт зүйлс, тэр дундаа шашин шүтлэг, итгэл үнэмшилтэй байх, уламжлалт соёлын онцлог, ёс заншлыг хүндэтгэх зэрэг хүний эрхийн талаар хэлэлцэх юм.

Тэрбээр маргааш Хятад улсад айлчлах товтой.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж