Энэтхэгийн баруун хэсэгт байрлах Махараштра мужид аадар борооноос үүдэлтэй хөрсний нуралт болж, гамшигийн улмаас багадаа 110 хүн нас бараад байна. Энэтхэгийн хэдэн зуун тосгодыг нөмөрсөн тус ширүүн бороо байшин барилгуудыг усанд автуулж, оршин суугчдыг хүнд байдалд оруулжээ. Хөрсний нуралт болон үерээс амь үлдсэн хүмүүсийг аврахаар аврах багийнхан зогсоо зайгүй ажиллаж байгаа юм. Түүнчлэн Энэтхэгийн цэргийн ангийг нэмэлт хүч болгон явуулсан байна.
Энэтхэгийн баруун эргийн мужуудад энэ долдугаар сард ойрын хэдэн арван жилд тохиогоогүй их бороо орсон юм. Үүнээс гадна мэргэжилтнүүд үерийн шалтгааныг дэлхийн дулаарлаас үүдэлтэй цаг уурын өөрчлөлттэй холбон тайлбарлажээ. Энэ Баасан гаригт Энэтхэгийн албаны өгсөн мэдээллээр нас барагсдын 38 нь Энэтхэгийн эдийн засгийн төв Мумбай хотоос зүүн урагш байрлах жижиг тосгодын оршин суугчид байсан бөгөөд бүгд хөрсний нуралтанд даруулан өөд болжээ.
Махараштра мужийн ерөнхий сайд Удхав Такерей яаралтай хурал товлож, хурлаар холбогдох албаныхныг гамшгийн бүсүүдэд тусламж илгээхийг хүсэв. Тэрбээр далан сэтрэх магадлалтай бүсүүдээс иргэдийг яаралтай нүүлгэн шилжүүлж байгааг мөн онцолсон юм. Мөн Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди нас барагсдын араас гашуудаж байгаагаа илэрхийлээд гамшгийн бүсүүдэд туслалцаа илгээсээр байх болно гэжээ.
Гүүр, явуулын станц нь нурсанаас нэгэн эргийн дүүрэгт тог цахилгаан бүрэн тасарсан байна. Тус нутгийн удирдлагуудын зүгээс гацсан иргэдийг онгоцонд байгаа аврагчдад харагдах үүднээс дээвэр дээрээ гарч зогсохыг хүсчээ. Мөн энэ Баасан гаригт Мумбай хотын барилга байшин нурсанаас хоёр хүний амь эрсдэж, 10 хүн гэмтэж бэртсэн юм. Тиймээс хотын галт тэрэгний үйлчилгээг түр зогсоож нам дор хэсгийн газрыг үерийн бүсэд хамруулав.
Цаг уурын мэргэжилтнүүд уг аадар бороо ойрын хэдэн өдөр үргэлжлэн орох төлөвтэй байгааг анхааруулсан байна. Мумбай хотод хүчтэй аадар бороо орох нь цөөнгүй бөгөөд ялангуяа борооны улирлаар хот жил бүр үерт автдаг аж. Гэвч ойрын жилүүдэд хур тунадасны хэмжээ улам нэмэгдэж байдлыг хүндрүүлэх болжээ. Жил бүр ажил хайхаар хэдэн мянган иргэн тус хотыг зорин ирдэг бөгөөд тэд чанарын шаардлага хангаагүй барилгуудад амьдрахад хүрдэг байна.
С.НАРАНГАРАВ
ЭХ СУРВАЛЖ: BBC NEWS
Холбоотой мэдээ