"Тэтгэлгээр бус өөрийн зардлаар сурах болоод байна"

Хуучирсан мэдээ: 2021.07.24-нд нийтлэгдсэн

"Тэтгэлгээр бус өөрийн зардлаар сурах болоод байна"

"Тэтгэлгээр бус өөрийн зардлаар сурах болоод байна"

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И-гийн урилгаар долдугаар сарын 27-ны өдөр Бээжинд албан ёсны айлчлал хийнэ. Үүнтэй холбоотойгоор БНХАУ-д сурдаг Монгол оюутнууд өнөөдөр/2021.07.24/ Гадаад харилцааны яамны гадаа цуглан, Хятад руу буцаж, танхимаар хичээллэх хүсэлтээ хүргүүлээ.


Янчжоу их сургуульд Хүнс судлаачаар сурдаг оюутан Г.Даваасүрэн:

-2020 оны нэгдүгээр сард Covid-19-ийн халдвар дэлхий даяар тарснаас хойш бид буцаж чадахгүй нөхцөл байдал үүссэн. Нэгдүгээр сард өвлийн амралтаараа ирсэн оюутнууд маань буцаж чадахгүй гацчихаад байна. Онлайн хичээлийн хувьд мэргэжлээсээ шалтгаалаад заавал лабораторид дадлага хийх шаардлагатай, онлайнаар үзэх боломжгүй нарийн мэргэжлийн хичээлүүд бий. Бид хичээлдээ сууж чадахгүй 20 сар болж байна. Оюутнууд дунд онлайнаар төгссөн нь ч бий, төгсөж чадахгүй жилийн чөлөө авсан, чөлөө нь дуусчихсан юу хийхээ мэдэхгүй оюутнууд ч бий. Миний хувьд энэ долдугаар сард төгсөх ёстой байсан боловч лабораторид заавал дадлага хийх ёстой байсан учир төгсөж чадаагүй явна. Хэзээ Хятад руу буцаж болох, хэзээ хичээлдээ сууж болох талаар ямар ч тодорхой мэдээлэл байхгүй байна. Семистер болгоны өмнө бид хүсэлтээ тавьж байна.

Эх хэл дээрээ онлайнаар сурч байгаа оюутнууд ямар их гомдол гаргадаг билээ. Гэтэл бид нар хятад хэл дээр онлайнаар сурч байгаа нь илүү төвөгтэй байна.

Та бүхэн ямар хүсэлтийг тавьж байна вэ?

-Бид нарын ганц хүсч байгаа зүйл болох тодорхой хариу, шийдвэр хэлээд өгөөч. Хэзээ бид Хятад руу явж, сургуульдаа үргэлжлүүлэн сурч болох юм бэ? Хятад явах зайлшгүй шаардлагатай оюутнуудыг яагаад явуулж болохгүй байгаа юм бэ? Карантины мөнгөө өөрсдөө төлөөд явах сонирхолтой оюутнууд байна шүү дээ. Заавал нисэх онгоц гэхгүй газар нутгийн давуу байдлаа ашиглаад вагон, автобусаар явж болно. Эрээн дээр карантилагдаад цаашаа сургуульдаа явах боломжтой. Хятад улс өөрсдөө Монголоос ийм байдлаар иргэдээ татаад байна. Бид долоон байгууллагад хандсан. Үүнээс хоёр нь хариу өгсөн.

Ямар газруудаас хариу ирсэн бэ?

-Нэг нь Монгол Улсын Ерөнхийлөгч асан Х.Баттулга. Х.Баттулга Ерөнхийлөгч байх үедээ Шадар сайд С.Амарсайхан болон Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг нарт энэ оюутнуудын асуудлыг шийдэж өгөөч ээ гэсэн чиглэл өгсөн. Нөгөө нь Боловсролын яам. Тус яамны гадаад оюутан хариуцсан Б.Гарьд гэдэг хүн хариу өгөхдөө Хятад улс оюутнууд авахгүй байна гэсэн. Гэтэл үнэндээ гадаадаас оюутнуудаа авч байгаа. Сая Өмнөд Солонгосоос оюутнуудыг авсан. Удахгүй Пакистанаас оюутнууд авна гэсэн.

Долдугаар сарын 27-ны өдөр манай Гадаад харилцааны сайд Хятад руу явах гэж байгаа. Энэ айчлалаараа 10 мянга гаруй оюутныхаа боловсролын асуудлыг хөндөж, ядаж зайлшгүй шаардлагатай оюутнуудаа явуулах талаас нь хөөцөлдөж болно шүү. Бид ийм л хүсэлтийг тавьж байна.

Сичуань их сургуулийн оюутан н.Баян-Эрдэнэ:

-2019 оны төгсгөлд өвлийн амралтаараа гэртээ ирээд буцаж чадахгүй байна. Миний мэргэжлийн хувьд гар ажиллагаа ихтэй шүдний эмч. Сургуульд маань гадаад оюутан бага учир онлайн хичээл тааруу. Багш нар боломжоороо л онлайн хичээлийг цөөхөн гадаад оюутандаа зориулж орж байгаа. Гэвч туршилтын лабораторид үзэх хичээлүүддээ сууж чадахгүй байна. Маш олон туршилтын хичээлүүдээ хойшлуулаад байна. Тэгэхээр таван жилийн дотор эдгээр хичээлүүдээ гүйцэд үзэж чадахгүй болоод байгаа юм. Хэрэв зургадугаар курст сурахаар болвол тэтгэлгээр бус өөрийн зардлаар сурах болоод байна. Одоо би гуравдугаар курс учир ихэнхи хичээлүүд маань онол гэхээсээ илүү практик дээр л яваад байна.

Шанхайн инженер, технологийн их сургуулийн оюутан Б.Гийгүүлэн:

-Миний хувьд сая онлайнаар нэг семистр суугаад жилийн чөлөө аваад байгаа. Төлбөрөө ч эндээсээ төлөх боломжгүй байна. Хэрэв Хятад руу явж чадахгүй бол дахиад нэг жилийн чөлөө авах болчихоод байна. Ядаж хэзээ явахаа мэдвэл энд ажил хийж сургалтын төлбөрөө олмоор байдаг. Гэтэл хэзээ явах талаар ямар ч мэдээлэлгүй байгаа учир тогтвортой ч ажил хийж чадахгүй. Нэг ажилд ордог, гэтэл гэнэт сургуульдаа явах болвол хайран байна. 20 сар гэртээ суулаа. Надад төгсөхөд 11 хичээл дутуу байна.

Нарийн мэргэжлээр сурч  байгаа оюутнууд лаборатори дээр дадлага хийж чадахгүй байгааг онцоллоо. Мөн гадаад оюутан цөөхөн сургуулиудын багш нар ганц, хоёрхон оюутанд зориулж онлайн хичээл явуулах боломжгүй байдаг гэдгийг хэлэв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
19
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж