АНУ-ын Холбооны нисэхийн захиргаа сансрын орон зайг нээх хүсэл мөрөөдөлтэй тэрбумтнуудын сэтгэл рүү хүйтэн ус цацсантай адил мэдэгдлийг хийлээ. Тодруулбал, "Сансрын нисэгч болох хүсэлтэй нэгэн нь сансрын нислэгийн багийн гишүүн байх бөгөөд сансрын нислэгийн аюулгүй байдалд өөрийн хувь нэмрийг оруулсан байх ёстой" гэж тус агентлагаас мэдэгдсэн юм. Энэхүү мэдэгдэл нь тун саяхан сансрын орон зайд аялсан тэрбумтан Жефф Безос, Сэр Ричард Брэнсон нарт хандсан хэрэг бөгөөд АНУ-ын Засгийн газар тэднийг сансрын нисэгчийн хувиар огт хүлээн зөвшөөрөхгүй байгаагаа шууд илэрхийлсэн явдал байв.
Холбооны нисэхийн захиргаа нь арилжааны сансрын нисэгчийн жигүүр бүхий тэмдэгт олгодог журмандаа саяхан өөрчлөлт оруулсан юм. Тодруулбал, сүүлд 2004 онд өөрчилсөн уг журмыг Амазоны захирал Жефф Безос “Blue Origin” компанийн пуужингаар сансрын уудам руу ниссэн тэр өдөр буюу энэ Мягмар гаригт дахин өөрчилжээ.
Уг шинэчилсэн журмын дагуу арилжааны (чөлөөт) сансрын нисэгчийн болзлыг хангахын тулд сансарт нисэгчид дэлхийн гадаргаас дээш 50 миль (80 км) зайд аялах ёстой аж. Безос, Брэнсон нар үйлдсэн нислэгээрээ уг болзлыг хангасан хэдий ч орон зайн шаардлагаас гадна сансрын нисгэгчид нислэгийн үеэр нийтийн аюулгүй байдалд ач холбогдол бүхий зүйлийг хийсэн байх эсвэл нислэгийн аюулгүй байдалд өөрийн хувь нэмрийг оруулсан байх зэрэг шаардлагыг мөн нэмж оруулжээ.
Холбооны нисэхийн захиргааны үзэж байгаагаар жигүүр бүхий тэмдэгт олгох журамд оруулсан өөрчлөлт нь арилжааны нислэгийн үеэр нийтийн аюулгүй байдлыг хангах ёстой гэсэн хамгийн чухал заалттай нийцэж байгаа аж. Гэтэл “Blue Origin” компанийн гүйцэтгэх захирал Боб Смит нислэгийн өмнө “Нисэхийн багийн гишүүдэд автоматжсан техниктэй харилцах шаардлага огтхон ч гарахгүй” гэж мэдэгдсэн нь Безос болон багийн бусад гурван гишүүдэд хүссэн тэмдэгтээ авах итгэл найдвар тун бага байгааг харуулж байна. Дашрамд, АНУ-ын сансрын нисэгчийн тэмдэгтийг мөн тус улсын цэргийн арми болон NASA-гаар дамжуулан авах боломжтой байдаг аж.
Гэсэн хэдий ч Жефф Безос, Сэр Ричард болон сансрын уудмаар аялах хүсэлтэй бусад залууст хүлээн зөвшөөрөгдсөн сансрын нисэгч болоход нь итгэл найдварын өчүүхэн гялбаа цухалзаж байгаа юм. Тодруулбал, шинэ журмын дагуу АНУ-ын Холбооны нисэхийн захиргаа тухайн нисгэгчийн сансрын уудамд байгуулсан гавьяаг үндэслэж уг тэмдэгтийг мөн олгох аж. Анх жигүүр бүхий уг тэмдэгтийг 1960-аад оны эхээр Мercury Seven хөтөлбөрт амжилттай оролцсон Алан Шепард, Виргил Гриссом нарт олгож байжээ.
С.НАРАНГАРАВ
ЭХ СУРВАЛЖ: BBC NEWS
Холбоотой мэдээ