Хүн төрөлхтөний эв нэгдлийн бэлгэ тэмдэг болсон олимпийн наадам албан ёсоор 32 дахь удаагаа нээлтээ хийлээ. Та бүхэндээ нээлтийн онцлох агшнуудыг хүргэе.
Нээлт
Япон улсын төрийн далбааг олимпийн хүндийн өргөлтийн хоёр удаагийн аварга Мияакэ Ёшинобү, Сидней 2000 олимпийн эмэгтэйчүүдийн марафоны аварга Такахаши Наоко, залуучуудын олимпийн медальтнууд болох көрлингийн тамирчин Табата Момоха, спорт авиралтын тамирчин Дохи Кэита болон онцгой байдлын ажилтан Аса Мизүки, бөмбөрчин Сакаи Хибики нар цэнгэлдэхэд оруулж ирсэн. Ийнхүү Японы батлан хамгаалахын төлөөллүүд улсынхаа тугийг цэнгэлдэхэд мандуулж, дуучин "MISIA" төрийн дууллаа дуулсан.
Яг энэ цаг мөчтэй зэрэгцэн цэнгэлдэхийн гадаа олимпийг эсэргүүцсэн иргэд жагсаал хийж байв.
Дроны үзүүлбэр
Япон улс гарцаагүй техник технологиор дэлхийд тэргүүлэгч гүрэн учир шинэ зүйл харуулах болов уу гэсэн хүлээлт хүмүүст их байсан. Тэгвэл тэдний хүслийг гүйцээж, 1800 дрон агаарт хөөргөж, Токио 2020 олимпийн лого болон гурван хэмжээст цэнхэр гаригийг дүрслэв.
Жон Леженд, Кейт Урбан зэрэг одууд домогт Жон Ленноны “Imagine” дууг тив тус бүрээ төлөөлөн дуулсан.
Covid-19 цар тахлаар амиа алдсан хүмүүст эмгэнэл илэрхийлэв
Цэнгэлдэхийн чанга яригчаар “Бид олимпийн цэнгэлдэхэд, Япон даяар, дэлхийн өнцөг булан бүрт цуглаж хамт байгаа учир Covid-19 цар тахлын улмаас бидэнтэй хамт байхгүй болсон хайртай бүхнээ, найз нөхдөө нэг хором дурсъя” гэж хэлэн дуу явсан. Эцэст нь “Тэд бидний зүрх сэтгэлд үүрд онцгой байр суурь эзэлнэ” хэмээн сэтгэл хөдөлгөм үгийг хэлсэн.
Баасан гаригийн байдлаар дэлхий даяар 192.6 сая гаруй халдвар авч, 4.1 сая хүн нас бараад байна. Үүний хажуугаар вирусийн дельта хувилбар дэлхий даяар хурдацтай тархаж байгаа.
49 жилийн дараа анх удаагаа 1972 оны Мюнхены олимпийн наадмын үеэр амиа алдсан Израилийн 11 гишүүнийг дурсан, чимээгүй зогсч, хүндэтгэл үзүүлсэн нь мөн онцлог байв.
“Олимпийн нийгэмлэг болох биднийг харамсалтайгаар орхин явсан тамирчдаа бид мөн дурсан санана. Ялангуяа олимпийн наадмын үеэр амиа алдсан хүмүүсийг дурсаж байна. Тэр бүлэг хүмүүс бидний дурсамжинд, олимпийн наадамд үргэлж онцгой байр суурь эзэлнэ. 1972 оны Мюнхений олимпийн Израилийн гишүүд” хэмээн цэнгэлдэхэд ярьжээ.
Тусгайлан хийгдсэн олимпийн таван цагираг
Нээлтийн үеэр Японы бүжигчид мужааны дүрд хувиран бүжиглэж, 1964 оны олимпийн цэнгэлдэхийг дахин шинээр барьж буйг дүрслэн харуулж, эцэст нь олимпийн бэлгэдэл таван цагиргийг тун энгийнээр дэлгэсэн. Тус таван цагиргийг хийсэн модыг 1964 оны олимпод оролцсон тамирчид тухайн үедээ тарьж байв. Ийнхүү тамирчдын тарьсан модыг 57 жилийн дараа таван цагираг хийхэд ашиглажээ.
Видео тоглоомуудын аяыг ашигласан
Япон компьютер видео тоглоомоор алдартай улс. Тиймдээ ч өчигдөр цэнгэлдэхэд эгшиглэсэн дуунууд нь тус улсаас гаралтай хамгийн алдартай видео тоглоомууд болох “Dragon Quest”, Final Fantasy”, “Kingdom Hearts”, Sonic the Hedgehog”, “Chrono Trigger”, “Nier”, “Soul Caliber” нарын ая байв.
Португал, Тонга, Вануату улсын тамирчид нээлтийг чимэв
Олимпийн нээлтэнд дэлхийн 206 орны тамирчид Япон цагаан толгойн дарааллаар жагссан. Эдгээр улсуудаас ялгарч чадсан нь Португал, Тонга, Вануату улсын тамирчид байв. Португалын тамирчид бүжиглэж, дуулж цэнгэлдэхэд орж ирсэн бол Тонга болон Вануату улсын тамирчид үндэсний хувцсаараа гангаран цээж нүцгэн орж ирсэн.
Тонгагийн тамирчин Пита Тауфатофуагийн хувьд өмнө нь Рио 2016 зуны олимп, Пёнчан 2018 оны өвлийн олимпийн нээлтэд цээж нүцгэн орж байсан түүхтэй. Харин Вануату улсын тамирчин Риллио Рий анх удаагаа олимпод жагслаа.
Наоми Осака олимпийн тогоог асаав
Мэргэжлийн талбайн теннисний дэлхийн чансаанд хоёрдугаарт эрэмбэтэй Наоми Осака олимпийн галт бамбарын сүүлийн гүйгчээр сонгогдож, олимпийн тогоог асаасан юм.
Өдгөө 23 настай тэрбээр өөрийн твиттер хуудаснаа “Маргаангүй энэ бол тамирчин хүний хувьд хамгийн том шагнал. Мөн миний амьдралдаа авч байсан хамгийн том хүндлэл. Энэ мөчийг хэрхэн илэрхийлэхээ мэдэхгүй байна. Би бахархал, талархлаар бялхаж байна. Та бүхэндээ хайртай шүү” гэжээ.
Монголын баг тамирчид нээлтийн үйл ажиллагаанд жагслаа
Монгол Улс нээлтийн үйл ажиллагаанд Япон цагаан дарааллаар 191-рт жагссан орж ирсэн. Энэ удаагийн олимпийн наадамд Ө.Дүүрэнбаяр болон О.Хулан нар Монголын багийн тугчдаар сонгогдсон билээ. "Michel Amazonka" брендийн урласан ёслолын хувцсаар баг тамирчид маань гоёлоо.
Холбоотой мэдээ