Олон улсын математик, физик, биологийн олимпиадад оролцсон Монголын сурагчид бахдам амжилт гаргаж, ангилал бүртээ медаль хүртлээ.
Монголын сурагчид олон улсын математикийн олимпиадаас хоёр алт, хоёр мөнгө, хоёр хүрэл медаль хүртэж багаараа 11 дүгээр байрт эрэмбэлэгджээ. Тэд Герман, Сингапур зэрэг орныг ардаа орхиж бахархам амжилт гаргасан аж. Мөн олон улсын физикийн 51 дэх олимпиад Литва улсад болж Монголын хоёр сурагч хүрэл медаль хүртжээ. 76 орны 400 гаруй сурагч энэ олимпиадад оролцсон гэнэ.
Португал улсын Лиссабон хотоос зохиогдсон Олон улсын биологийн 32-р олимпиадад Монгол Улсын дөрвөн сурагч амжилттай оролцож, Орчлон сургуулийн 11-р ангийн сурагч Э.Тэргэл мөнгөн медаль, Шинэ үе сургуулийн 11-р ангийн сурагч Э.Бодьхүү, 1-р сургуулийн 11-р ангийн сурагч Б.Пүрэвбадрал нар хүрэл медаль тус тус хүртлээ. Монгол Улсын багийг Улсын биологийн олимпиадын хорооны нарийн бичгийн дарга, МУИС-ийн дэд профессор Д.Нарангарвуу ахлан, дасгалжуулагч, шүүгч багшаар Шинжлэх ухааны академийн Биологийн хүрээлэнгийн захирал, доктор Д.Гантулга, МУИС-ийн дэд профессор Д.Лхагвасүрэн, Ө.Энэрэлт, Шинэ үе сургуулийн багш, магистр Д.Чинзориг ажиллав.
Олон улсын химийн олимпиад өнөөдөр/2021.07.24/ эхэлж байна.
Хэдхэн хоногийн өмнө мэдээлэл зүйн олимпиадын дүн гарч Монголын багш сурагчид медаль хүртсэн сайхан мэдээг бид та бүхэнд дуулгаж байсан. Энэ онд Монголын сурагчид олон улсын таван олимпиадад оролцож байна. Цар тахлын үе тул сайдын тушаалаар ажлын хэсэг байгуулж үндэсний сонгон шалгаруулалтыг зохион байгуулсан. Дөрвөн олимпиадын дараа буюу одоогийн байдлаар монгол сурагчид хоёр алт, дөрвөн мөнгө, зургаан хүрэл, гурван тусгай байр эзлээд байна.
Холбоотой мэдээ