Дуучин Ариана Гранде найз залуу Далтон Гоместойгоо гэрлэснээ өнгөрсөн тавдугаар сарын 26-нд инстаграм хуудсаараа мэдэгдсэн нь шүтэн бишрэгчиддээ барьсан томоохон сюрприз байв. Тэдний хурим өнгөрсөн тавдугаар сарын эхээр ойр дотныхны хүрээнд цомхон болж өнгөрсөн аж. Хосууд 2020 оны нэгдүгээр сараас үерхэж эхэлсэн бөгөөд цар тахлын үеийн хөл хориог дуучин бүсгүйн Лос Анжелес дэх харшид хамтдаа өнгөрүүлжээ.
Ийнхүү 28 настай дуучин бүсгүй үл хөдлөх хөрөнгийн бизнес эрхэлдэг 25 настай Далтон Гоместэй амьдралаа холбосон. Тэдний хуримын эргэн тойронд өрнөсөн элдэв дуулианы нэг нь дуучин Ариана өөрийн хамгийн дотны найз болох жүжигчин Элизабет Гиллисийг хуримандаа уриагүй явдал байв. Тиймээс шар хэвлэлийнхэн үүний шалтгааныг олж мэдэхээр хорхойсч байсан юм. Улмаар 27 настай од Элизабет Гиллисийг “Энди Коэний сонин хачинаар” шоуны Лхагва гаригийн дугаарт оролцож байх үеэр энэ талаар асууж тодруулсан байна.
Гиллисийн мэдэгдсэнээр тэрбээр дотны найзынхаа хуриманд оролцож хуримын ёслолын алхаа, тангараг өргөх ёслол зэрэг хосгүй мөчүүдийг нь хуваалцахыг хүсч байсан ч нэгдүгээрт ажлаасаа хөндийрөхийг хүсээгүй, хоёрдугаарт Covid-19-ийн нөхцөл байдлаас шалтгаалан хуриманд оролцож чадаагүй гэдгээ тайлбарлажээ. Гиллис одоо нэгэн шоуны зураг авалтад оролцож байгаа бөгөөд энэхүү ажлаа тасалдуулвал үргэжлүүлэн амрахыг хүсч ч магадгүй байсан гэдгээ илэрхийлсэн юм. Дашрамд өгүүлэхэд Гиллис, Гранде нарын нөхөрлөл тэд анх 2008 онд Broadway-н “13” мюзикл дээр хамтран ажилласан тэр үеэс эхэлжээ.
С.НАРАНГАРАВ
ЭХ СУРВАЛЖ: INTERNATIONAL BUSINESS TIMES
Холбоотой мэдээ