Хэд хэдэн судалгааны үр дүнгээс үзэхэд Энэтхэг улс Covid-19-өөр нас барагсдын тоо баримтыг дарагдуулсан нь ил болсон ч Модигийн засгийн газар эл мэдээллийг үгүйсгэжээ. Хамгийн консерватив аргаар тооцож үзэхэд ч Энэтхэгт Covid-19-ийн улмаас нас барсан иргэдийн тоо 1.5-5 саяын хооронд хэлбэлзэж байгаа нь АНУ-аас хоёр дахин их буюу нас баралтаар дэлхийд тэргүүлж буй үзүүлэлт болох юм.
Тухайлбал, орон нутгийн удирдлагуудын өгсөн мэдээлэл болон улсын албан ёсны тоо баримтаас зөрж, хоорондоо 10 дахин их, бага ялгаатай байгаа нь том баталгаа болжээ. Түүнчлэн сая сая хиндичүүдийн ариун дагшин газар болсон Ганга мөрнөөр цогцсууд хөвж, чандарлах газар болон оршуулгын газрууд ачааллаа дийлэхгүй байгаа. Тийм байтал Модигийн засгийн газар нас баралтыг 420 мянга гэж мэдээлсэн нь Covid-19-ийг хяналтдаа авсан гэж итгүүлэхийн төлөөх үйлдэл гэж хардах шалтгаан болж байна.
"Bloomberg" сүүлийн хоёр жилийн хугацаанд Энэтхэгийн 28 муж, нутаг дэвсгэрийн удирдлагуудын тэн хагасаас Covid-19-ийн нас баралтын тоон мэдээллийг цуглуулсан бөгөөд мэргэжилтэн шинжээчдээс ирүүлсэн уг мэдээлэлд дүн шинжилгээ хийсэн байна. Судалгааны дүнгээр нас баралт бодит байдалтай нийцэхгүй байгаа нь илэрхий болжээ. Энэ нь бүртгэлийг дутуу явуулсан, иргэний бүртгэлийн систем хоцрогдсон, шинжилгээ хангалттай аваагүй зэргээс үүдэн нас баралтын шалтгааныг зүрхний өвчин зэрэг өөр өөр байдлаар тодорхойлсноос болсон гэж үзэв.
Мөн уг судалгааны дүн дэлхийн бусад судлаачдын хийсэн дүгнэлттэй таарч байгаа юм. Тухайлбал, Мичиганы их сургуулийн Нийгмийн эрүүл мэндийн сургуулийн профессор Бхрамар Мукержи өнгөрсөн нэг жилийн хугацааг Энэтхэгийн цар тахлын нөхцөл байдлыг судлахад зориулжээ. Түүний судалгааны дүнгээс үзэхэд энэ зургадугаар сарын 15-ны өдөр гэхэд нас баралт 1.3 саяд хүрсэн байх учиртай аж. Сэтгүүлч Рукмини цуглуулсан мэдээ баримт дээрээ үндэслэн нас барагсдын тоог 2.5 сая гэж тооцоолжээ. Мөн Вашингтонд төвтэй Дэлхийн хөгжлийн төв гурван эх сурвалжаас авсан мэдээллээс дүгнэн үзээд нас баралтыг 3.4-4.9 сая гэж үзэж байгаагаа энэ Мягмар гаригт мэдэгдсэн байна.
Харин Холбооны эрүүл мэндийн яам энэ долдугаар сарын 14-ний өдөр хийсэн хэвлэлийн мэдэгдлээрээ дамжуулан Covid-19-ийн нас баралтын тоог дарагдуулж буй тухай хэвлэлүүдийн мэдээлэлд няцаалт хийжээ. Уг яамнаас дээрх мэдээллийг зөвхөн таамаглал төдий зүйл гэж мэдэгджээ. Мөн Энэтхэгийн Эрүүл мэндийн сайд Мансүх Мандавия энэ Мягмар гаригт парлемент сэтгүүлд өгсөн ярилцлагадаа “Нас баралтын талаар аливаа тоо мэдээллийг Холбооны эрүүл мэндийн яамнаас гаргаж бүх нийтэд мэдээлж байсан” гэсэн юм.
С.НАРАНГАРАВ
ЭХ СУРВАЛЖ: BLOOMBERG
Холбоотой мэдээ