"Спутник-V" вакцинаас улс орнууд татгалзаж эхлэв

Хуучирсан мэдээ: 2021.07.23-нд нийтлэгдсэн

"Спутник-V" вакцинаас улс орнууд татгалзаж эхлэв

"Спутник-V" вакцинаас улс орнууд татгалзаж эхлэв

ОХУ-аас вакцины нийлүүлэлтээ тасалдуулснаас үүдэн өмнө нь хийсэн вакцины гэрээгээ цуцлахаас өөр аргагүйд хүрч байгааг Аргентины талаас мэдээллээ. ОХУ-аас Аргентинд 18.5 сая тун вакцин нийлүүлэх гэрээ байгуулсан бөгөөд үүний 2/3 хоёр дахь тун вакцинд зориулагдах байв. Гэвч энэ нийлүүлэлт хойшилсон явдалд Аргентин тун таагүй хандаж байна.

Аргентин улсад өдгөө хүн амын 12 хувь нь вакцины хоёр дахь тунд бүрэн хамрагдсан бол 37 хувь нь анхны тунгаа хийлгэсэн аж. Ийнхүү вакцинжуулалтын тун доогуур үзүүлэлттэй байгаа Аргентин улс “Дельта” хувилбараас болгоомжилж байна.

Харин хөрш зэргэлдээ Чили, Уругвай зэрэг улсууд Оросын вакцинд төдийлөн найдлага тавиагүй учраас импортлоогүй. Эдгээр улсад хүн амын 60 хувь хоёр тундаа бүрэн хамрагдсан үзүүлэлттэй байгаа аж. Улмаар Уругвай улс хүн амаа гурав дахь тунд хамруулах асуудлыг ажил хэрэг болгохоор болжээ.

Аргентин улс 2020 оны аравдугаар сард “Спутник-V” вакциныг голчилсон вакцины хуулийг баталснаар АНУ-ын "Файзер", "Модерна" зэрэг бусад вакциныг тус улс хүлээн авах боломжгүй болжээ. Өөрөөр хэлбэл Аргентин улс хүн амаа "Спутник", "Синофарм", "АстраЗенека" гэсэн вакцинаар дархлаажуулах албан ёсны шийдвэрт хүрсэн юм.

Гэвч анхны тунгаа хийлгэчихээд хоёр тунгаа хүлээж байсан Аргентины зургаан сая иргэний итгэл найдвар ийнхүү замхарсан. Улмаар тус улсад ирэх арваннэгдүгээр сард завсрын сонгууль болох гэж байгаатай холбогдуулан вакцины асуудал улс төрийн ноцтой нөхцөл байдал үүсгэж мэдэхээр байгаа аж. Тиймээс улс төрийн энэ дуулиан шуугианыг намжаах үүднээс Ерөнхийлөгч Алберто Фернандез Оросын талтай хийсэн вакцины гэрээгээ цуцлах шийдвэрт хүрэх магадлалтай болжээ.

Үүнийг Ерөнхийлөгчийн вакцины зөвлөх Сесилия Николинигаас ОХУ-ын вакцины нийлүүлэлтийг хариуцсан Оросын шууд хөрөнгө оруулалтын санд хүргүүлсэн захидалд өгүүлснээс харж болох юм. Захидалд дурдсанаар, “Та бүхэн нийлүүлэлтийг тасалдуулснаар төслийг үргэлжлүүлэн дэмжихэд бидний хувьд хүндрэлтэй боллоо” гэжээ. Үүнийг мөн баруун төвийн сөрөг хүчний намын дарга Жунтосын зүгээс Ерөнхийлөгч Фернандезийг өнгөрсөн жил ОХУ-тай байгуулсан вакцины гэрээгээ цуцалж, АНУ-аас вакцин нийлүүлэхийг шаардаж байгаатай холбон тайлбарласан байна.

Ийнхүү Аргентин улс хоёр дахь тунд “Спутник-V”-г өөр ямар вакцин орлож болох талаар судалгаа хийж байгаа бөгөөд АНУ-ын компаниудтай гэрээ байгуулах болжээ. Аргентин улс Оростой вакцины асуудал үүсгэсэн цорын ганц орон биш бөгөөд нийлүүлэлт тасалдсаны улмаас ОХУ-аас вакцин худалдан авах гэрээгээ цуцалсан, эсвэл уг гэрээгээ эргэн харахад хүрсэн хэд хэдэн орон байгааг дурдах хэрэгтэй юм.

Тухайлбал ОХУ-аас Арабын нэгдсэн Эмират улсын дээдсийн хүрээнийхэнд “Спутник-V” вакцин борлуулах онцгой эрхийг олгосон бөгөөд нийлүүлэлт Дубайгаар дамжиж байгаа юм. Гэвч Дубай дахь нөөц дууссан, нийлүүлэлтээ хүлээж байна гэж мэдэгдсэний дагуу Гана улсын Эрүүл мэндийн яам “Спутник-V” худалдан авах гэрээг цуцалсан талаараа өнгөрсөн долоо хоногт мэдээлжээ. Мөн Эмиратаар дамжуулан нийлүүлж байгаа тул вакцин Оросын үйлдвэрээс шууд ирж байгаад эргэлзэж байгаагаа илэрхийлсэн Кени улс “Спутник-V”-ийн 75 мянган тунг худалдан авах гэрээг цуцалсан байна.

С.НАРАНГАРАВ

ЭХ СУРВАЛЖ: GUARDIAN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ХахаХаха
8
ЗөвЗөв
5
ХарамсалтайХарамсалтай
4
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж