Баруун Африкийн Гвиней улс олимпод оролцохгүй гэдэг шийдвэрээ цуцалж, таван тамирчнаа Токио руу илгээхээр боллоо. Тус улсын спортын сайд Санусси Бантама Соу мэдэгдэхдээ “Эрүүл мэндийн мэргэжилтнүүд манай тамирчдыг Токиод болох 32 дахь удаагийн олимпод оролцохыг зөвшөөрснийг Төрийн сайд болон Спортын сайд нарын зүгээс ард түмэндээ зарлаж байгаад таатай байна” гэжээ.
Гвиней улс орон нутгийн цагаар Лхагва гаригт олимпод оролцохгүй гэдгээ мэдэгдсэн боловч Пүрэв гаригт энэ шийдвэрээ цуцалж, олимпод тамирчдаа илгээхээр болжээ. Тус улсын олимпийн хорооны ерөнхий нарийн бичгийн дарга Бен Дауда Нассоко “The Associated Press” агентлагт өгсөн ярилцлагадаа төрөөс нь тамирчдынхаа Токио явах зардлыг бүрэн гаргасан гэв.
Гвиней улсаа төлөөлөн чөлөөт бөхийн төрөлд Бен Дауда Нассоко, усан сэлэлтийн төрөлд Мамаду Тахиру Ба, Фатумата Ламарана Туре, 100 метрийн гүйлтийн төрөлд Аиссата Дин Конте, жүдогийн төрөлд Мамаду Самба Ба гэсэн таван тамирчин оролцоно.
Дашрамд дуулгахад, Монголын жүдо бөхийн тамирчин Ц.Цогтбаатар хоёрдугаар тойрогтоо Мамаду Самба Батай учраа таарсан. Ц.Цогтбаатарыг шууд гуравдугаар тойрогт шалгарна гэж байсан боловч ийнхүү түүний өрсөлдөгч олимпод оролцохоор боллоо.
Гвиней улс түүхэндээ олимпийн наадамд 11 удаа оролцсон боловч хараахан медаль аваагүй байна.
Холбоотой мэдээ