АНУ-ын сагсан бөмбөгийн “Мөрөөдлийн баг” 1992 оны олимпод түрүүлснээс хойш тус улсын эрэгтэй баг долоон олимпийн зургаад нь аварга болоод байна. 1992 онд Майкл Жордан, Ларри Бөрд, Мэжик Жонсон тэргүүтэй АНУ-ын шигшээ Барселонагийн олимпод шоу толилуулж, замдаа таарсан өрсөлдөгчдөө бут ниргэсэн.
Тэдний энэ уламжлал Афины олимп хүртэл үргэлжилсэн. 2004 онд Аллен Айверсон, Тим Данкан болон залуухан Леброн Жэймс, Дуэйн Уэйд, Кармело Энтонитой АНУ-ын шигшээ хагас шигшээ шатанд Аргентинд хожигдож, улмаар Литвийг хожиж хүрэл медаль хүртсэн түүхтэй.
Харин 2008 онд “Мөрөөдлийн баг”-ийн шинэ хувилбар болох алтан медалиа “Эргүүлэн авах баг” бүрэлдэж, Бээжингийн олимпод хүрэлцэн ирсэн. Коби Брайант, Леброн Жэймс, Дуэйн Уэйд тэргүүтэй залуучууд Аргентин, Испанийг хожин алтан медаль хүртсэн.
Үүнээс хойш “Мөрөөдлийн баг”-ийн залгамж халаа болсон залуучууд 2012, 2016 онуудын олимпод дараалан түрүүлж, ах нарынхаа амжилтын буухиаг үргэлжлүүлээд байна.
Харин энэ удаагийн олимпийн наадамд “Мөрөөдлийн баг” дахин аварга авч чадах уу гэдэг асуулт олны анхаарлыг татаж байна. Учир нь 2019 оны сагсан бөмбөгийн ДАШТ-д АНУ-ын шигшээ баг бүтэлгүйтэж, долдугаар байранд орсон. Хэсгээ тэргүүлсэн хэдий ч хасагдах шатанд Франц, Сербийн багуудад дараалан ялагдсан нь АНУ Токиогийн олимпод түрүүлж чадах уу гэдэг асуултыг гарган ирэв.
СУПЕР ОДОД НЬ ГЭРТЭЭ ҮЛДСЭН
АНУ-ын сагсан бөмбөгийн супер одод олимпод оролцох бодолгүй байгаагаа шууд илэрхийлсэн. Леброн Жэймс “Би энэ зун ‘Tune Squad’-ийн бүрэлдэхүүнд тоглоно гэж бодож байна” хэмээн мэдэгдэж “Space Jam” киноныхоо сурталчилгааг хийгээд амжсан. Мөн түүний багийн хамтрагч Энтони Дэвис энэ зун бэртлээ бүрэн эдгээж, NBA-ийн ирэх улиралдаа бэлдэх болсон. Стефен Көрри ч авч үзээгүй олимпийн алтан медалиасаа татгалзаж, Токиог зорихгүй гэсэн. Цар тахлын улмаас шахуу хуваарьтай, бэртэл гэмтэл ихтэй NBA-ийн улирал өндөрлөсөн болохоор супер одууд амарч, бэлгэлээ базаах бодолтой байна.
Гэхдээ Токиод ирсэн АНУ-ын шигшээг дутуу үнэлж болохгүй. Кевин Дюрант, Дамиан Лиллард, Жэйсон Тэтум, Девин Бүүкер нар бүрэлдэхүүнд нь бий. Ямар ч байсан тоглогчдынх нь нэрсийг хараад сагсан бөмбөг сонирхогчид мэднэ.
Олимпийн өмнөх Австралитай хийсэн нөхөрсөг тоглолтод хожигдсон Лиллард "Улс орнуудын шигшээ багууд хамт тоглоод сурчихсан туршлагатай. Харин бид нэг баг болох гэж хичээж байна" гэсэн бөгөөд Нигеритэй хийсэн нөхөрсөг тоглолтод хожигдсон Тэтум "Бидний хэн нь ч нэг нэгэнтэйгээ өмнө нь нэг баг болж тоглож байгаагүй. Бид үүний учрыг олох гэж чармайж байна" гэжээ.
Тус багт багтаад байсан Бредли Бийл "Covid"-ийн протоколд орж, Кевин Лав бэртлийн улмаас олимпод оролцох боломжгүй болсон. Тэдний оронд Жавейл Макги болон Келдон Жонсон нар ирсэн. Мөн Жрү Холидэй, Крис Миддлетон, Девин Бүүкер нар NBA-ийн финалаа дуусгаад шигшээ багтайгаа нэгдэж байна.
ЧАНГА ӨРСӨЛДӨГЧИД
Лиллард өрсөлдөгчдийнхөө талаар ярихдаа “Бид зүгээр бөмбөгөө өнхрүүлээд, эдгээр багийг ялж чадахгүй. Энэ багуудын гарааны таван тоглогч нь NBA-д тоглодог” гэжээ. Түүний хэлж байгаа үнэн. Австралийн шигшээ багийн гараанд л гэхэд Патти Миллс, Жо Инглес, Матисс Тайбулл нар багтаж байна. Харин Словенид NBA-ийн супер од Лука Дончич, Францад NBA-ийн гурван удаагийн шилдэг хамгаалан тоглогч Руди Гобер нар бий.
Хамгийн гол нь АНУ-аас бусад багууд олимпод ирсэн бүрэлдэхүүнээрээ олон тэмцээн элээж, гар нийлсэн. Хэдий Америкт шилдэг тоглогчид нь байгаа боловч бусдад нь гар нийлсэн хамтрагчид байна.
АНУ-ын шигшээ багийн ахлах дасгалжуулагч Грегг Попович багаа удирдан хоёр дахь тэмцээндээ орох гэж байна. Тэрбээр домогт Майк Кшижевскигийн орыг залгамжилж, энэ албанд томилогдсон.
АНУ-ын эмэгтэй багийн тухайд долоо дараалан олимпод түрүүлэх хүсэлтэй. Тэд 1996 оны Атлантагийн олимпоос хойш олимпийн 49 тоглолтод дараалан ялалт байгуулаад байна. Тэдэнтэй хүчтэй өрсөлдөөнийг үзүүлнэ гэж байсан Австралийн шигшээ баг том хохирол амссан. Учир нь тус улсын гол тоглогч Лиз Кэмбиж Лас Вегаст байх үедээ "Covid"-ийн дүрэм зөрчиж, зочид буудлаасаа гарсан нь ил болсон. Үүний улмаас тэрбээр олимпод оролцох боломжгүй болжээ.
Холбоотой мэдээ