– Хаврын чуулган хаалтаа хийсэн. Хаврын чуулганаас онцолж хэлэх хууль тогтоомжоос нэрлэвэл?
– Дэлхий нийтэд болон манай улсад голомтлон тархаад байгаа коронавируст халдвар/КОВИД-19-/ цар тахлын аюулт, онцгой нөхцөл үе таарсан ч УИХ Монгол Улсын Үндсэн хуульд заасан ажлын 75 хоногтоо хангалттай ачаалалтай, хурдтай ажилласан гэж дүгнэж байна. Би таны асуултанд нэгдүгээрт Хууль зүйн байнгын хорооны даргын хувиар, хоёрдугаарт УИХ-ын гишүүний хувиар хариулъя. Манай Байнгын хороо бусад Байнгын хороодоос хамгийн олон буюу 23 удаа хуралдаж тулгамдаад байсан олон асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Тухайлбал, УИХ-аас 2021.04.02-нд Хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуулийг баталсан. Ингэснээр манай улс Ази тивд анх удаа хүний эрх хамгаалагч гэж хэнийг хэлэх, хүний эрх хамгаалагчийн эрх зөрчигдвөл хэрхэн хамгаалах талаар эрх зүйн зохицуулалттай улс болон бусад улсыг түүчээллээ.
Төр төмөр нударгаа үзүүлсэн бол бас боломж олгож дахин алдалгүй нийгэмдээ хөл нийлүүлэн, гэр бүл, үр хүүхэдтэйгээ хамт амьдрах боломжийг олгох нь зүй ёсны асуудал тул 2021.07.02-нд Өршөөл үзүүлэх тухай хуулийг баталлаа. Өршөөл үзүүлэх тухай хуулийг гаргахад хоёр хүчин зүйл нөлөөлсөн. Нэгдүгээрт, коронавируст халдвар /КОВИД-19/-ын өдөр ирэх тусам нэмэгдэж байна. 2020.05.13-нд ДЭМБ, НҮБ-ын Мансууруулах бодис, гэмт хэрэгтэй тэмцэх алба, Дархлалын олдмол хомсдол /ДОХ/-ын нэгдсэн хөтөлбөр, Хүний Эрхийн Дээд Комиссарын Газраас гаргасан “Хорих анги болон бусад хаалттай орчин дахь Ковид-19” хамтарсан мэдэгдэлд төр засгийн зүгээс эрх чөлөө хасах, цагдан хорих явдлыг аль болох хязгаарлах, нэн ялангуяа хэт их ачаалалтай хорих байгууллагуудад хоригдож буй хоригдлуудын тоог бууруулах, хорих ялаас өөр төрлийн хариуцлагын арга хэмжээ авах хүчин чармайлтаа нэмэгдүүлэхийг уриалсан. Та бүхэн мэдэж байгаа эрх, эрх чөлөө нь хязгаарлагдсан хүмүүсийн амьдрах орчин нөхцөл, хоол хүнс жирийн иргэдийнхээс ялгаатай. Энэ ч утгаараа хэрэв хорих ангид цар тахал голомтлон гарвал асуудал маш их хүндэрнэ. Хоёрдугаарт, энэ жил бол Тулгар төр байгуулагдсаны 2230 жил, Их Монгол Улсын 815 жил, Ардын хувьсгалын 100 жилийн ой тохиож байна. Монгол Улсын тусгаар тогтнолыг халуун амь, бүлээн цусаараа бидэнд авч ирсэн өвөг дээдсийн гавьяаг бид хойч үедээ таниулан авч явах үүрэгтэй.
Засгийн газраас өргөн мэдүүлсэн төслөөр нийт ял эдэлж байгаа 4175 хүний 709-г буюу нийт 16.7 орчим хувийг өршөөлд хамааруулах тооцоо байсан бол УИХ-аас тодорхой зарчмыг баримтлан 1841 ял эдлэж байгаа хүнийг буюу нийт 46 хувийг Өршөөл үзүүлэх тухай хуулийн үйлчлэлд хамруулахаар шийдвэрлэлээ.
Энд нэг зүйлийг онцлон дурдахад Өршөөл үзүүлэх тухай хууль бол тухайн хүнийг суллаад, тавиад явуулж байгаа зүйл огт биш харин алдсан, эндсэн хүмүүсийг нийгэмдээ хөл нийлүүлэн ажиллаж амьдрах, ажил хийж учруулсан хохирлоо барагдуулах боломжийг олгож байгаа асуудал юм. Хүний амь нас хохироосон, хүчингийн хэрэг үйлдсэн, эдийн засаг, албан тушаалын хэрэгт холбогдсон, урд өмнө боломж олгож Өршөөлийн хуульд хамруулсаар байтал дахин санаатай гэмт хэрэг үйлдсэн бол өршөөхгүй байх нь зүйн хэрэг гэж хууль тогтоогчид үзсэн.
УИХ-ын гишүүний хувиар хариулахад, миний бие Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах үед Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга байсан бөгөөд Монгол Улс ардчилал, хүний эрхийг дээдэлсэн нийгэмд шилжсэн цагаас доголдолтой явж ирсэн эрх мэдэл хуваарилах зарчим, төрийг тогтвортой байдлын үндэс суурийн гажуудлыг тус нэмэлт, өөрчлөлтөөр засахыг хичээсэн. Үндсэн хуулийн энэ суурь өөрчлөлтийн нэг нь Монгол Улсын Их Хурлын хянан шалгах чиг үүргийг тодорхойлсон. УИХ шийдвэр гаргасаар байхад Засгийн газар, бусад байгууллага түүнийг нь хэрэгжүүлдэггүй байдал гарч байсан. Ийм учраас Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн үзэл баримтлалын хүрээнд Улсын Их Хурлын нэр бүхий гишүүдийн хамт Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн төслийг санаачлан өргөн мэдүүллээ.
-Та мөн Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг санаачлан УИХ-аар хэлэлцэн эхлээд байгаа. Тус нэмэлт өөрчлөлтөөр хуулийн хэрэгжилтийг хангуулах, үүсээд байгаа хүндрэлийг зохицуулах өөрчлөлтүүдийг хэрхэн тусгасан бэ?
-Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр хийсэн “хөгжлийн бодлого, төлөвлөлт тогтвортой байна” гэсэн зарчим, хөгжлийн бодлогыг хоосон тунхаг байлгахгүйн тулд 2020.05.07-нд Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулийг шинэчлэн баталсан. Гэвч байгаа бодлогоо бүрэн хэрэгжүүлэхгүй, батлагдсан хуулиа нэг мөр ойлгохгүй алдаа хийдэл гарч байгаа учраас дагаж мөрдөх арга зүй, дааж хариуцах эзэн, нэгтгэн зангидах удирдлагын бүтцийг тодорхой болгох хуулийн төслийг өргөн барьсан. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулснаас хойш 2 жил, хууль шинэчлэн баталснаас хойш 1 жил нүүр үзэж байгаа ч салбарууд хөгжлийн бодлого, төлөвлөлтийн асуудалд нэгдсэн арга зүйгээр хангагдаж чадаагүй, холбогдох байгууллагууд хуулиа нэг мөр ойлгож, хэрэгжүүлж хэвшээгүй болон хөгжлийн бодлого, төлөвлөлтийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага нь техник, тоног төхөөрөмж, ур чадвартай хүний нөөц, тооцоо судалгааны баазын хувьд дутагдалтай хэвээр байгаа. Мөн Монгол Улсын хөгжлийн бодлогыг нэгтгэн зангидах Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага байгуулж, чиг үүргийг нь оновчтой зохион байгуулах, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн дэд бүтцүүдийн хоорондын уялдаа хамаарлыг нарийвчлан гаргах нэн шаардлагатай байна. Энэ мэт багагүй асуудлыг хуулийн нэмэлт өөрчлөлтөөр зохицуулна.
-Эрдэнэбүрэнгийн УЦС төсөл таньтай холбогддог. Энэ төслийн сонгон шалгаруулалт удаа дараа хойшилж, сүүлдээ цуцлагдан, гацаанд орчихлоо. Юунаас болж энэхүү бүтээн байгуулалтын ажил гацаанд оров. Та хэрхэн харж байна?
-Монголын төр засаг үеийн үед Эрдэнэбүрэнгийн УЦС барихаар анхаарч ажилласан ирсэн. Анх УЦС барих судалгааны ажил 1968 онд хийгдэж эхэлсэн байдаг. Миний мэдэхийн 2004 оноос эхлээд УИХ, Ерөнхийлөгчийн сонгууль болгонд нэр дэвшигчид УЦС-ыг барьж, ашиглалтад оруулна гэдэг асуудлыг ярьдаг байсан. 2008 онд УИХ-ын гишүүн болсноос хойш Эрдэнэбүрэнгийн УЦС-ыг ашиглалтад оруулчих юмсан гэж байнга шахаж, бүхий л бололцоогоо шавхаж ажиллаж байна. 2014 онд Ч.Сайханбилэгийг Ерөнхий сайд байхад шахаж байж УЦС барих төслийг нэгжийг байгуулах ЗГ-ын шийдвэр гаргуулж байсан. 1968-2014 он хүртэл үндсэндээ 40 гаруй жил яригдсан байгаа биз. 2014 онд төслийн эхлэл нь тэгж анх тавигдаж байсан түүхтэй. Төслийн нэгж байгуулагдсан ч судалгаанаас хэтрэхгүй байсныг 2017 онд Ерөнхий сайд асан У.Хүрэлсүх Ховд аймагт очиж ажиллах үедээ гарцаагүй барих ёстой гэж үзэн төслийг бүрэн утгаар нь эхлүүлсэн. 2018 оноос Эрдэнэбүрэнгийн УЦС барьж байгуулах ТЭЗҮ, судалгаа хийх ажлууд эхлээд, урьдчилсан зураг төсөв хийгдсэн. Өнгөрсөн гуравдугаар сард анх зарлагдах байсан тендер сонгон шалгаруулалт удаа дараа хойшилсоор өнөөдрийг хүртэл ажил урагшлахгүй байгаа тул энэ асуудалд онцгой анхаарч ажиллаж байна.
– Эрдэнэбүрэнгийн УЦС-ыг шан харамж хардаг хэдэн хурган дарга гацаалаа гэж та чуулганы хуралдаанд чангахан хэлж байсан. Төслийн тендер сонгон шалгаруулалт ямар учраас олон удаа хойшлогдож, цуцлагдсан юм бол?
– Засгийн газрын үйл ажиллагааны томоохон зорилго, зорилт болох энэхүү төслийг төрийн албаны хүнд сурталтай, шан харамж, авлигал хардаг нөхдүүд гацаасан гэж хараад байгаа. Ерөнхий сайдад асуулга тавьж, сонгон шалгаруулалт удааширсан асуудлыг шалгуулахаар холбогдох байгууллагад хандсан. Учир нь өнгөрсөн гуравдугаар сарын 22-нд тендер зарлаж, дөрөв, тавдугаар саруудад хоёр удаа сонгон шалгаруулалтыг сунгасан. Энэ хугацаанд Тайширын станцыг барьсан туршлагатай төслийн удирдагчийг гэнэт ажлаас нь чөлөөлсөн. Эцэст нь тендерийг хүчингүй болгож цуцалсан байсан. Эх орны тусгаар тогтнолын дэнс болсон, гаднаас эрчим хүчний хараат бус болгох энэхүү төсөл гацах учиргүй гэж үзэн шахаж шаардан ажиллаж байна.
– Эгийн голын УЦС-ын төсөл шиг цаасан дээр гацах вий гэсэн хардлага байгаад байна л даа. УЦС-ын давуу талыг тоочоод барахгүй болов уу?
– Та санаж байгаа байх. Дөргөний УЦС байгуулах үед хэрэгтэй юу, хэрэггүй юу гэж олон жил ярьж, эсэргүүцэлтэй тулж байж баригдсан. Өнөөдөр үр дүнд нь баруун бүсийн цахилгааны 20 гаруй хувийг хангаж байна. 70 гаруй хувийг нь ОХУ-аас, 3-4 хувийг БНХАУ-аас өндөр үнээр авдаг. Дөргөний УЦС нэг квт эрчим хүчийг 38 төгрөгөөр үйлдвэрлэдэг. ОХУ-аас нэг квт-ыг 250 төгрөгөөр, БНХАУ-аас 350 орчим төгрөгөөр авдаг. Тэгвэл Эрдэнбүрэнгийн УЦС барьснаар хөнгөлөлттэй зээлээр барих учир зээл дуусах хүртэл тодорхой хэмжээнд үнэтэй байна. Зээл дууссаны дараанаас нэг квт цахилгааныг 38 төгрөг нь болъё гэхэд 50 төгрөгөөр, БНХАУ-аас авч байгаа үнээс 7 дахин, ОХУ-аас авч байгаа үнээс 5 дахин хямд эрчим хүч авах боломжтой болох юм. Баруун гурван аймаг, наашлаад Завхан, Говь-Алтай аймгуудыг цахилгаанаар хангах боломж бүрдэнэ. Товчхон хэлбэл баруун аймгийнхан одоо хэрэглэж байгаа тогны мөнгөнөөс тав дахин хямдаар цахилгаан авдаг болно гэж л үзэж байгаа юм. Энэ бол бидний хамгийн том зорилго юм.
– Дөргөний УЦС баруун аймгийнхны цахилгааны хэрэглээний 20 гаруй хувийг хангадаг гэж байна. Эрдэнэбүрэн УЦС ашиглалтад орвол хэдэн хувийг нь хангах вэ?
-Эрдэнэбүрэн УЦС ашиглалтад орсноор баруун гурван аймгийн цахилгааны хэрэглээг 100 хувь хангаад зогсохгүй илүүдэл эрчим хүчээ төвийн бүсрүү нийлүүлнэ. Ер нь баруун таван аймгаа эрчим хүчээр хангачихаад түүнээс хоёр дахин илүү тогийг төвийн бүс рүү нийлүүлнэ гэсэн үг. Өөрөөр хэлбэл баруун таван аймгийн хэрэглэж байгаа тогтноос хоёр дахин илүү тогийг үйлдвэрлэх юм.
-Энэ бүтээн байгуулалт хэдий хугацаанд хийгдэх вэ?
– Төслөөрөө бол таван жилийн хугацаанд баригдах ёстой. Гэвч аль болох 4 жил болгохыг зорьж байгаа. Хэрэв ингээд улс төржөөд, тээг саад үүсгээд ажил гацаагаад байвал хямд үнэтэй эрчим хүч үйлдвэрлэх томоохон бүтээн байгуулалт тэр чинээгээр хойшлоод байнаа л гэсэн үг.
– Ирэх сард ээлжит бус чуулган зарлаж Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулна гэх мэдээлэл байна. Энэ үнэн үү?
-Тийм зүйл яригдаагүй.
– Хичээл сургууль эхлэх боллоо. Ковидоос болж хоёр жил гэртээ суусан хүүхэд, оюутнууд энэ жил танхимаар хичээллэх боломж бүрдэх нь үү?
-Дэлхий нийтээрээ энэ аюулт цар тахлын өмнө хүчин мөхсдөж байна. Манай улсын хувьд ч иргэд, төр засаг, бүх нийтээрээ тэмцэж, хичээж байна. Бид бүхэн эрт дээр үеэс эрхэм баян бол эрүүл мэнд гэж ярьсаар ирсэн. Эрүүл мэнд бол нэгдүгээрт байх хэдий ч боловсролын асуудлыг орхигдуулж болохгүй. Цахимаар хичээл зааж байгаа ч мэдээллийн хүртээмж, хүлээн авах суваг, орчин нөхцлөөс шалтгаалан бүрэн хамрагдаж чадахгүй, танхимаар олж авах мэдлэгийн хэмжээнд хүрэхгүй нь ойлгомжтой. Ийм ч учраас ХЗБХ “Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх Хүний эрхийн Үндэсний Комиссын 19, 20 дахь илтгэлийг хэлэлцсэнтэй холбогдуулан авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг боловсруулан УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэн батлууллаа. Тус тогтоолд “цар тахлаас шалтгаалан ерөнхий боловсролын сургуулийн суурь хичээлүүдийг танхимаар судалж чадаагүй, сурч боловсрох эрх нь зөрчигдсөн сурагчдын сурлагын хоцрогдлыг нөхөх арга хэмжээг авч хэрэгжүүлэх” үүргийг Монгол Улсын Засгийн газарт өгсөн. Та бид бүгд мэдэж байгаа цар тахлын вирус мутацид орж халдварлах чадвар нь хэд дахин нэмэгдэх боллоо гэх зэргээр олон улсын эрүүл мэндийн байгууллагууд мэдээлэх боллоо. Бид халдвар хамгааллын дэглэмээ байх ёстой хэмжээнд нь сахиж халдварыг бууруулж чадвал 9 дүгээр сараас хичээл танхимаар эхлэх боломжтой гэж харж, бэлтгэлээ базааж эхэлсэн. Гэсэн хэдий ч үүнийг баттай хэлэх боломжгүй юм.
ЭХ СУРВАЛЖ: ӨДРИЙН СОНИН
Холбоотой мэдээ